УИХ-ын намрын чуулган завсарлахад ердөө долоо хоног үлдэв. Гэтэл эдийн засгийг сэргээх тулгуур хуулиуд энэ хугацаанд амжиж батлагдах найдвар хомс болж байна.
УИХ-ын төвшинд Өрийн удирдлагын тухай, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай зэрэг хямралыг даван туулахад тулгуур болох чухал төслүүд хэлэлцэгдэж байгаа ч улстөрчдийн авираас болж, буцаж, зарим нь хаврын чуулган руу шилжиж мэдэх нь. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг татаж авах шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавилаа. “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бие даагч гишүүдээс гадна Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд эсэргүүцэж байна. Бие даагч гишүүд Төрийн ордны гадаа гарч тэмцэхээ зарлалаа. УИХ дахь МАХН-МҮАН-ынхан ч хоёр салаа утгатай тайлбар хийж, толгой эргүүлж сууна. Ийм тайлбар хийж байгаа бүлэг завсарлага аваад хуулийн төслийг хаврын чуулган руу шилжүүлж өлхөн дөнгөнө. Чаддаг ажил нь завсарлага болсон.
Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцээд дэмжсэн ч бусад бүлэг нь хэлэлцэхгүй цаг алдсаар намрын чуулган завсарлуулах болов. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдээд сураг алдрав. Гэтэл эдийн засгийн хямрал улам гүнзгийрээд байдаг. Ямар аргатайдаа л Ерөнхий сайд “Хөгжлийн замаа хамтдаа сонгоё” хэмээн ард түмнийхээ дунд санал асуулга явуулах билээ. Санал асуулгыг нь улстөрчид хамгийн тэргүүнд гар өргөн дэмжих ёстой атал “доош” чихэж байгааг нь хараарай. “Оюутолгойг хөдөлгөх үү, өлсөх үү гэдэг сонголтыг ард түмнээс асууж байна” гэхчлэн бие даагч гишүүд ам уралдан муулж байна. Монголын эдийн засаг өнөөдөр юунаас болж хүндэрсэн юм, хөрөнгө оруулалт татарсанаас биш гэж үү. Хэний “гавьяа”-гаар хөрөнгө оруулалт татарсан бэ гэдэг ч бас эзэнтэй. Оюутолгой төслийг батлагдсан өдрөөс эхэлж балбасан популистуудын хар гай гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй. Түүнээс болж өндөр өртөг зарж, хөрөнгө оруулалт татахаар хичээж байна. Ийм үед дэмжиж чаддаггүй юм гэхэд ядаж гай болохгүй байвал зүгээрсэн.
Тавантолгой төсөл ч бас улстөржилтөөс зайлж чадахгүй нь. УИХ-ын дарга З.Энхболд “Үгэнд орохгүй бол М.Энхсайхантай УИХ хариуцлага ярьж болно” гэсэн нь Шийдлийн Засгийн газарт өгч байгаа том сануулга. Байгуулагдаад хоёр сарын нүүр үзэж байгаа Засгийн газрын мега төсөл хариуцсан сайдаас хариуцлага нэхэж эхэлж буй нь сайны тэмдэг биш. Тэр тусмаа эрх баригч хүчний бүлгээс асуудал ярьж байгаа нь шүд сугалах замаар сайд нарыг явуулах санаа ч өвөрлөж байгаа юм билүү, хэн мэдлээ.
Дээр нь нэр бүхий 16 гишүүн Тавантолгойн асуудалтай холбоотойгоор үндэсний аюулгүй байдал, төмөр зам, “Эрдэнэс тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа гээд юм, юмаар ороож эхэлж байна. Ийм байдлаар УИХ нь Засгийн газартаа дайн зарлаж, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нь хэлэлцэхгүй хойшлуулж, төслийн хэлэлцээр овоо урагшлахаар “Хариуцлага ярина шүү” гэж сүрдүүлээд цаг алдаад байвал эдийн засгийн хямралыг яаж давах юм бэ?.
Яаж том төслүүд хэрэгжих юм бэ?.
Хэзээ ажлаасаа чөлөөлөгдөх бол гэсэн айдастай иргэд олон болж байна. Ийм үед ядаж л ажлын байрыг хадгалж үлдэх талд УИХ, Засгийн газар хамтарч, ажиллах ёстой биш үү. Цаг хугацаатай уралдаж, хуулиудаа батлахгүй бол УИХ-ын хувьд ердөө долоо хоног үлдлээ.
Хэдий болтол дотроо байлдах юм бэ?. “Дайн”-аа зогсоож ажлаа бодох цаг ирлээ.
Г.ДАРЬ