Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпер Кэмбэллийг өнөөдөр /2015.02.02/ хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга уулзалтын эхэнд хатагтай Пайпер Кэмбэллтэй уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Мянганы сорилтын сангийн хоёрдугаар компакт гэрээнд хамруулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлж, өмнөх төсөл амжилттай хэрэгжсэн талаар дуулгасан. Түүнчлэн Монгол Улсын хувьд уул, уурхай тэргүүлэх салбар хэдий ч хүнс, хөдөө аж ахуйг тэргүүлэх салбар болгож хөгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулаад ялангуяа махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хөрш орнуудад мах экспортлох зорилготой байгаагаа хэллээ.
Хатагтай Пайпер Кэмбэлл Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархаад, Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн эхний төсөл маш өргөн хүрээг хамарч амжилттай хэрэгжээд дараагийн төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна. Одоо хэрэгжих төсөл цаг хугацаа, хөгжлийн хувьд өөр түвшинд хэрэгжих учраас Монгол Улсын хөгжил, эдийн засгийг хүндрүүлж байгаа ямар асуудал байна гэдэгт дүн шинжилгээ хийж ажиллах хэрэгтэйг зөвлөсөн юм. Тэрээр энэ чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.