Монгол хүн дэлхийн түүхэнд бичигдэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Монгол хүн дэлхийн түүхэнд бичигдэхэд ойрхон байна

Уулын спортын ОУХМ, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа ирэх 4-5 саруудад Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлдээ гарчээ.

Ахмад уулчин Т.Гүррагчаагийн хувьд эдүгээ 74 настай хэдий ч дэлхийн уулын спортын түүхэнд бичигдэх шинэ рекордыг тогтоох хүсэл эрмэлзэлтэй байгаа бөгөөд чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа юм байна.

Далайн түвшнээс дээш 8850 метрт орших Эверестийн ноён оргил Жомолунгмад 74 настай уулчин авиралт хийсэн түүх байхгүй. Харин Монгол хүн энэ амжилтыг тогтооход хэдхэн сарын хугацаа үлдлээ.

Төрийнхөө далбааг дэлхийн дээвэрт мандуулж, Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг дэлхий дахинаа бататган харуулах маш том зорилгыг өөртөө тавьсан тэрбээр Цаст Гималайн ноён оргилыг тойрон орших 8000 метрээс дээш өндөртэй Мерапека, Лобуче хэмээх хоёр оргил дээр 2001 онд гарч байсан туршлагатай нэгэн аж.

Мөн Казахстан, Киргизстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан гэнэ.

Манай улсад сайн уулчин олон байдаг ч, хөрөнгө мөнгөний асуудлын улмаас дэлхийн өндөр оргилуудад авиралт хийж чадахгүй
байх тохиолдол байдаг юм байна. Энэ удаа ч Т.Гүррагчаа гуайд эл асуудал тулгарч буйг тэрбээр нуугаагүй юм.

Улмаар Онцгой байдлын Ерөнхий газар, Уулын спортын холбооноос санаачлан “Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа” гэсэн хандивын аяныг өрнүүлж, сайхан сэтгэлт Монгол ахан дүүстээ тусламжийн гараа сунгахыг уриалах зорилгоор өчигдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Уулын спортын ОУХМ, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаад улсынхаа нэрийг дэлхийд дуурсгахад нь дэм өгөхийг хүсвэл ХААН банк 5862024004, Төрийн банк 104200185438 тоот дансанд хандив өргөх боломжтой юм байна. Хэвлэлийн хурлын үеэр Гавьяат тамирчин Т.Гүррагчаатай цөөн хором ярилцаж, зарим зүйлийн талаар тодрууллаа.

-Шинэ авиралтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Миний хувьд 40 гаруй жил ууланд авирсан. Энэ удаа хийх авиралтаа “шинэ авиралт” гэж нэрийдэн эдүгээ 74 насыг зооглож буй миний бие Эверестын ноён оргил Жомолунгмад авирахаар бэлдэж байна. Жомолунгмад 74 настай хүн авирсан түүх байхгүй. Тиймээс “шинэ авиралт” гэж нэрлэлээ. Ирэх дөрөвдүгээр сараас тавдугаар сарын хооронд авиралтаа хийхээр төлөвлөсөн. Олон улсын уулчидтай хамтарч аялна.

Мэдээж цаг агаарын хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарах болно. Гэсэн ч бүх туршлага, хүч чадлаа дайчлан Монгол төрийнхөө далбааг Эверестийн ноён оргилд мандуулахын төлөө зүтгэх болно.

-Хэдий хэрийн зардал гарна гэж тооцож байна вэ?

2001 онд Эверестийн Мерапека, Лобуче гэсэн хоёр том оргилд гарсан. Тэр үед Жомолунгма оргил өөд авирч чадаагүй. Учир нь хөрөнгө мөнгөний асуудалтай тулгарсан юм. Уулын түрээсийн мөнгө гэж их мөнгө ордог. Тиймээс мөнгөгүй болоод авирч чадаагүй. Балба улс дотоодынхоо орлогын 70 хувийг уулын түрээсээсээ олдог юм. Энэ жилийн хувьд зорилгоо биелүүлж, дэлхийн рекордыг эвдэхийг зорьж байна. Үүндээ ч итгэлтэй байгаа. Эхний ээлжинд Балбын уулын холбоонд 28 мянган ам.долларыг төлсөн байх ёстой. Түүнийгээ төлчихвөл ирж очих зардал, хувцас хэрэглэл, зургийн аппарат зэргээ өөрөө хариуцна.

Ерөнхийдөө авиралтын төлбөр, замын зардал гээд нийтдээ 110 сая орчим төгрөг болно гэж тооцож байгаа. Онцгой байдлын Ерөнхий газар, Уулын спортын холбооноос санаачлан “Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа” гэсэн хандивын аяныг зохион байгуулж буйд талархаж байна.

-Хэр хугацааг зарцуулна гэж тооцож байна?

-Ямартай ч 60 хоногийн хугацаанд авиралт хийнэ гэж тооцож визээ авсан. Дөрөв, тавдугаар сард. Түүнээс хойш цаг агаар дулаарч, нуранги үүсдэг юм. Миний хувьд заавал 60 хоног зарцуулна гэхгүй. Товлосон хугацаанаасаа өмнө дөрөвдүгээр сарын сүүлээр авиралтаа хийж дуусгах бололцоотой.

Б.ДАВААХҮҮ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж