Венесуэлийн томоохон сүлжээ дэлгүүрийн эздийг зохиомлоор урт дараалал үүсгэсэн хэрэгт буруутган баривчилжээ. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн мэдээлснээр сүлжээ дэлгүүрийн эзэд кассны ажилчдын тоог бууруулснаар урт дараалал үүсч, ард иргэдийг бухимдуулсан гэнэ. Түүнчлэн тэрээр Венесуэлийн бизнесийн элитүүд Засгийн газрыг бойкотлож байгааг буруутгажээ.
Венесуэлийн сөрөг хүчний зүгээс сүүлийн 16 жилд эдийн засаг хямрал гүнзгийрч, бараа бүтээгдэхүүний хомсдол газар авсанд эрх баригчдын социалист бодлогыг буруутгаж байгаа юм. Венесуэлийн сөрөг хүчин өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол нэмэгдсэнийг эсэргүүцэн эрх баригчдын эсрэг жагсаал зохион байгуулжээ. Венесуэл ам.доллараар худалдаа хийхийг хориглосон байдгаас хэрэгцээтэй барааны импортод саад учирдаг байна. Тухайлбал, өнгөрсөн 2014 онд сонингийн цаасны хомсдол үүссэнээс хэвлэлийнхэн жагсаал хийж байсан юм.
Үүний зэрэгцээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаснаас томоохон олборлогч орон болох Венесуэл улс багагүй хохирол амсч буй. Венесуэлийн эдийн засаг өнгөрсөн арванхоёрдугаар сард зогсонги байдалд оржээ. Тус улсын инфляцийн түвшин өнгөрсөн арваннэгдүгээр сард 63.6 хувьд хүрсэн үзүүлэлттэй гарсан байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС