Цагаан сарын баяраар ном бэлэглэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Цагаан сарын баяраар ном бэлэглэхийг уриаллаа

"Номтой нөхөрлөе" клубээс Монголын уламжлалт цагаан сарын баяраар ном бэлэглэхийг уриалсан хэвлэлийн бага хурал өнөөдөр(II.02) боллоо. Уг хуралд "Номтой нөхөрлөе" клубийн тэргүүн Н.Хүлгэн, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн гүйцэтгэх захирал Ц.Бүжидмаа, ЛЭОС-ын дэргэдэх “Залуу улс төрч” клубийн тэргүүн Б.Төрсүлд, “Номын Хишиг” компанийн захирал Б.Мөнхбаяр нар оролцов.

"Монголчууд цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлээ биш Хятадын эдийн засгийг дэмждэг болоод удаж байна. Мөн өдрөөс өдөрт өсөж байгаа вальютаараа оймс, тирко, шампунь зэргийн хэрэггүй, чанаргүй зүйл авдаг. Үүний оронд бид хоорондоо ном бэлэглэдэг болчихвол Монгол орон даяар оюуны асар том давалгаа өрнөх болно" гэж “Номтой нөхөрлөе” клубийн тэргүүн Н.Хүлгэн онцолсон юм.             

Түүнчлэн ЛЭОС-ын дэргэдэх “Залуу улс төрч” клубийн тэргүүн Б.Төрсүлд хэлэхдээ:

"Албан бус мэдээгээр цагаан сарын баяраар нэг айл дунджаар 1,400,000 төгрөг зарцуулдаг байна. Түүний 40 хувийг бэлэг авахад зарцуулдаг. Хятадаас чанаргүй бэлэг авчирч байхаар Монголоосоо ном худалдан авч бие биедээ оюунлаг бэлэг өгөх нь зүйтэй" гэв.

"Номтой нөхөрлөе" клуб нь энэхүү уриалгыг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн бөгөөд энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Тусгаар тогтнолын ордон дээр номын хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж