“Гэгээнтний гудамж”–тай болов

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

“Гэгээнтний гудамж”–тай болов

Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотын төв замын аюулгүйн тойргоос Онцгой байдлын хэлтсийн барилга хүртэл хэсгийг Лувсанданзанжанцаны гудамж гэж нэрлэхээр тогтсон байдаг. Тиймээс ч тойрог дахь хөшөөн дээр нэрийг нь бичиж сийлсэн боловч өнөөдрийг хүртэл Лувсанданзанжанцаны гудамж гэж нэрлэж заншаагүй байгаа юм. Цаашдаа хүний сэтгэлд буух нь ойр, нэрлэхэд дөхөм байдлаар “Гэгээнтний гудамж” хэмээн нэрлэхээр боллоо. Ийнхүү нэр өөрчлөхтэй холбогдон зохицуулалт хийгдэх болж байна. Хот тохижилтын газар ойрын хугацаанд хөшөөний нэрийг шинэчлэн засварлахаар боллоо.

Баянхонгор аймгийн өнгө төрхийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх зорилгоор аймгийн нөөцөд тулгуурлан 41 мянган мод тариад байна. Энэ жил тохиох аймгийн 70 жилийн ойг тохиолдуулан олон бүтээлч ажил өрнүүлж байгаагийн тэргүүн эгнээнд хотоо моджуулах ажил орж байгаа юм. Энэ жил улаан бургас, сибирийн улиас, нарс, чацарганы суулгац зэрэг модыг голчлон суулгажээ.

Аймгийн төв замын дагуух тусгаарлах зурвасын голоор зургаан настай 263 нарс мод суулгаж дууссан бол удахгүй зүлэгжүүлэх ажил эхлэх юм байна. Хот тохижилтын газрын дарга Г.Чимэг-Очир “Энэ жил тариалж байгаа мод, суулгацыг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас авчирсан болохоор ургах чадвар сайн гэж үзэж байна. Хятадаас авчирсан суулгац тээвэрлэлтийн явцад  гэмтэх, манай хөрсөнд ургахдаа муу байдаг талтай. Мөн төв цэцэрлэгт хүрээлэн болон Динозаврын паркт мод тарих ажил дуусах шатандаа явж байна” хэмээн ярив.

Харин аймгийн “Төв цэцэрлэгт хүрээлэн”-д улаан бургас 8000 ширхэг, сибирийн улиас 13 мянга орчим, мөн чацарганы бут зэрэг 21 мянга гаруй мод суулгажээ. Арав гаруй га газарт тариалсан модыг ургуулахад арчилгаанаас гадна усалгаа чухал шаардлагатай. Тиймээс ч хүрээлэнгийн хашаанд байгаа 10 метрийн гүнээс гарах худгийн уснаас 40 орчим цацруулагчаар усалгаа хийж байгаа аж. Эргэлдэх хэлбэрээр цацрааж усалж байгаа ч зарим хэсэгт нь илүү үр дүнтэй байлгах үүднээс усаа халиах аргыг ч хэрэглэж байгаа юм байна.

Аймгийн 70 жилийн ойн өмнө буюу долдугаар сарын 20 гэхэд усан оргилуур, амрах сандал, үзэмжит хөшөө бүхий орчин үеийн тохижилттой цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулахаар төлөвлөгдөөд буй. Мөн Динозаврын паркт өнгөрсөн онд тариалсан модны ихэнх нь нахиалж эхэлсэн бөгөөд энэ хавар мөн нэмж 2000 гаруй мод суулгасан байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж