АНУ Украиныг зэвсгээр хангахаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

АНУ Украиныг зэвсгээр хангахаар хэлэлцэж байна

 

Украины зүүн хязгаарын зөрчил, тэмцэлд Киевийн Засгийн газрыг АНУ-аас батлан хамгаалахын зэвсэг, техникээр хангахаар ярилцаж эхэлжээ. Украинд цэргийн тусламж үзүүлэх асуудлыг АНУ-ын төрийн Нарийн бичгийн дарга Жон Керри, Штабуудын нэгдсэн хорооны дарга Мартин Демпсей нар хэлэлцэж, НАТО-гийн цэргийн коммандлагч генерал Филип Бридлов дэмжиж байгаа гэнэ. Түүнчлэн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс Украинд цэргийн тусламж үзүүлэхийн эсрэг байр сууриа эргэн харна хэмээн мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зүгээс Украины зүүн хязгаарт зэвсэгт мөргөлдөөн хурцадсанд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. “Times” сонинд мэдээлснээр АНУ Украинд гурван тэрбум ам.долларын батлан хамгаалахын зэвсэг, техникийн тулсамж үзүүлэхээр хэлэлцэж буй гэнэ. Үүний зэрэгцээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри пүрэв гаригт /II.5/ Киевт Украины ерөнхийлөгч Пётр Порошенко болон Засгийн газрын бусад албаныхантай уулзах аж.

 

Украины Засгийн газар болон зүүн хязгаарын Оросыг дэмжигчдийн хооронд өнгөрсөн есдүгээр сард гал зогсоох гэрээ байгуулагдсанаар зэвсэгт мөргөлдөөн түр намжсан ч өнгөрсөн долоо хоногоос тулаан дахин ширүүсчээ. АНУ болон НАТО, Киевийн зүгээс Украины зүүн хязгаарын босогчдыг зэр зэвсэг, танкаар дэмжиж буйд ОХУ-ыг буруутгаж байгаа билээ. Харин ОХУ Украины зүүн хязгаарын зөрчил, мөргөлдөөнд оролцоогүй гэж мэдэгджээ. Украины зүүн хязгаарын зэвсэгт мөргөлдөөний улмаас 5000 гаруй хүн амь үрэгдэж, сая гаруй хүн дүрвэсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж