Шинзо Абэ: Япончууд хэзээ ч уучлахгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ: Япончууд хэзээ ч уучлахгүй

“Исламын улс” бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалсан хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байсан билээ. Нэгдүгээр сарын 24-нд барьцаалагдсан байсан хоёр иргэний нэг болох Харуна Юкаваг хөнөөсөн бол 31-ний бямба гаригт хоёр дахь иргэн болох Кенжи Готог хөнөөлөө.

 

 

Өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Японы ерөнхий сайд Шинзо Абэ Ойрхи Дорнодод айлчлах үедээ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг хийж буй эвслийн цэргийн ажиллагаанд 200 сая доллар хандивлахаа амласан нь энэхүү харамсалтай явдлыг эхлүүлсэн хэмээн хэвлэлийнхэн бичиж байна.

 

Барьцааны иргэнийг аврахаар "Исламын улс" бүлэглэлд агаарын цохилт өгөх ажиллагаанд оролцож байсан Иорданы нисгэгч Муаз аль Касасбехийг Японы иргэн Кенжи Гототой хамт Иордан улсын шоронд хоригдож байгаа хэт даврагч эмэгтэйгээр солилцохоор өнгөрсөн долоо хоногт тохиролцоонд хүрээд байсан.

 

Тэднийг Сири Туркийн хил дээр солилцохоор байсан ч Иорданы засгийн газар нисгэгчийнхээ амьд эсэхийг баттай мэдэж байж Аль-Каида бүлэглэлийн гишүүн хэт даврагч Сажида аль-Ришавиг суллахаа шийднэ хэмээснээр цаг алдаж ийм байдалд хүрсэн аж.

 

Ингээд Иорданы засгийн газар нисгэгчийнхээ амьд эсэхийг ч мэдэж чадсангүй, харин япончууд хоёр дахь иргэнээ хөнөөлгөлөө.

 

Кенжи Готог хөнөөж буйг харуулсан видео бичлэгт өвдөглүүлж суулгасан Кенжи Готогийн ард хар хувцастай, зүүн гартаа хутга барьсан Жихади Жон гэгч зогссон нь харагдана. Тэрээр англи хэлээр “Абе ялах боломжгүй дайнд нэгдсэн чиний бодлогогүй шийдвэрийн гайгаар зөвхөн Кенжи Гото ч биш танай ард түмнийг энэ хутгаар хядах болно. Японы хувьд хар дарсан зүүд эхэллээ” хэмээн хэлжээ. Үүнийхээ дараа хутгаар Кенжи Готогийн хоолойг хэрчин толгойг нь тасдан харуулсан байна.

 

 

Кенжи Готогийн ээж "Миний хүү даян дэлхийд энх тайвныг цогцлоохын төлөө насаараа зүтгэж, сэтгүүлч мэргэжлээрээ дамжуулан дайны хүчирхийллийг харуулж, жигшүүлэх зорилгодоо үнэнчээр ажиллаж ирсэн. Японы засгийн газар миний хүүгийн амь насны хариуцлагыг хүлээх ёстой" хэмээн мэдэгджээ.

 

Харин Ерөнхий сайд Шинзо Абэ телевизийн дэлгэцээр дамжуулан ад түмнээсээ уучлал гуйж, маш ихээр шаналан гашуудаж байгаагаа илэрхийлээд, “Террористуудын хийсэн зэвүүцмээр аймшигт үйлдэлд бид гүнээ харамсаж байна. Тэдний энэ үйлдлийн бид хэзээ ч, хэзээ ч уучлахгүй. Засгийн газар хэлэлцээ хийн иргэдээ аврахын тулд чадах бүхнээ хийсэн. Гэвч иргэдийнхээ амийг аварч чадсангүй. Амиа алдсан Кенжи Гото болон Харуна Юкавагийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна.Та хоёрын амийг заавал нэхэх болно. Хэт даврагчдын эсрэг нэгдэж буй гүрнүүдэд үзүүлж буй тусламжаа нэмэгдүүлнэ. Бид террористуудад хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн байна.

 

Энэхүү үйл явдалтай холбогдуулан дэлхийн бусад орны тэргүүлэгчид мэдэгдэл гаргасаар байна.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама

“Америкийн нэгдсэн улс Исламын хэт даврагчид Японы иргэн, сэтгүүлч Кенжи Готог жигшүүртэйгээр хөнөөсөн аймшигт хэргийг зэмлэн буруушааж байна. Ноён Гото нь Сирийн ард түмний зовлонг дэлхий нийтэд харуулахаар зоригтойгоор ажиллаж байсан” хэмээжээ.

 

 

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон

“Кенжи Готог хөнөөсөн байж боломжгүй аллагыг үзээд би үнэхээр зэвүүцэн буруушааж байна. Энэхүү аллага нь Исламын хэт даврагчдыг амилсан чөтгөр гэдгийг баталсан хэрэг боллоо” гэжээ.

 

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд

“Франц улс Японы иргэн Кенжи Готог зэрлэгээр хөнөөсөн аллагыг тууштай эсэргүүцэн буруушааж байна. Бид энэхүү хүнд сорилтын үед Япон улстай нэгдмэл байр суурьтай байх болно” гэжээ.

 

Японы хоёр иргэнийг барьцаалсан хэрэг хэрхэн өрнөснийг цаг хугацааны дарааллаар хүргэе.

 


Нэгдүгээр сарын 20-ны мягмар гариг:

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалсан тухайгаа мэдэгдэж, тэднийг мөнгөөр солих санал тавьж буй бичлэгээ цахим ертөнцөд байршуулав.

 

Тэд 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхгүй бол хоёр иргэнийг нь цаазална хэмээн Японы Засгийн газрыг сүрдүүлсэн юм.

 

 


Нэгдүгээр сарын 21-ний лхагва гариг:

Шинзо Абе барьцаалагдсан иргэдийг аврахаа амлан холбоотон орнуудаас тусламж хүсэв. Барьцааны хэргийг шийдвэрлэхэд Японы Гадаад хэргийн сайд Ясухиде Накаяма Йорданы талаас тусламж хүсч, Израйлийн Засгийн газраас энэ хэрэгт Японд туслаж, хамтран ажиллахаа мэдэгдээд байв.

 

 


Нэгдүгээр сарын 23-ны баасан гариг:

Хэт даврагчдын өгсөн 72 цагийн хугацаа дуусгавар болж, Японы засгийн газар тохиролцоо хийж чадсангүй. Барьцаалагдсан иргэдийн хувь заяа хутганы ирэн дээр ирэв.

 

 

 


Нэгдүгээр сарын 24-ний бямба гариг:

"Исламын улс" зэвсэгт бүлэглэлд барьцаалагдаад байсан Япон улсын хоёр иргэний нэгийг буюу Харуна Юкавагийн амийг хөнөөв. Харуна Юкавагийн толгойг тасдан биен дээр нь тавьсан зургийг Кенжи Готод бариулан "Tа бүхэн надтай хамт хоригдож байсан Харуна Юкаваг хороож байгаа бичлэгийг харж байна" хэмээн хэлүүлсэн видео бичлэгийг цацлаа.

 

 

 


Нэгдүгээр сарын 25-ны ням гариг:

Исламын хэт даврагчид Кенжи Готог Йорданд хоригдож буй Иракийн амиа золиослогч эмэгтэй Сажида аль-Ришави гэгчээр солилцохыг санал болгов. Сажида аль-Ришави нь 2005 онд Йорданы нийслэл Амман хотод тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдэж, 60 хүний амийг хөнөөсөн аж. Мөн тэрээр Ирак дахь алан хядах аль-Каида бүлэглэлийн лидер агсан Абу Мусаб аль-Заркавитай дотно харилцаатай байжээ.

 

“Японы Засгийн газар исламын хэт даврагчдын шаардлагыг судалж байна” хэмээн Японы ерөнхий сайд “NHK” телевизэд мэдээлэв.

 

 

 


Нэгдүгээр сарын 27-ны мягмар гариг:

 

Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн барьцаанаас Кенжи Гото сэтгүүлчийг суллаж авахын тулд Йорданы эрх баригчдаас тусламж хүсчээ. Гэвч Йорданы албаныхан цаазын ял сонссон Сажида аль-Ришави гэгчийг шоронгоос суллах эсэх нь Японы Засгийн газрын хүсэлтийн дагуу тодорхойгүй байна.

 

 

 


Нэгдүгээр сарын 28-ны лхагва гариг:

Йорданы Засгийн газар Сирийн нутагт онгоцтойгоо унаж олзлогдоод байсан нисгэгчээ Японы сэтгүүлчийн хамтаар Сажида аль-Ришавигаар сольж авах болзлыг “Исламын улс”-д тавив.

 

Харин “Исламын улс” бүлэглэл Йорданы Засгийн газар Сажида аль-Ришавиг 24 цагийн дотор суллахгүй бол Кенжи Гото, Муаз аль-Касасбех нарыг хорооно хэмээн хариу мэдэгдэл хийв.

 

 

 


Нэгдүгээр сарын 29-ны пүрэв гариг:

 

Йорданы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн барьцаанд буй нисгэгч Муаз аль-Касасбехаар аль-Каидагийн гишүүн хэт даврагч эмэгтэйг солилцохыг зөвшөөрөв. Йорданы парламентын төлөөлөгч Мухаммад аль-Моманийн мэдээлснээр “Исламын улс бүлэглэл” дэслэгч Муаз аль-Касасбехийг барьцаанаас суллаж, эсэн мэнд хүлээлгэн өгвөл Иракийн хэт даврагч эмэгтэйг шоронгоос суллахад бэлэн байна гэжээ. Гэхдээ Йорданы тал Исламын улс бүлэглэлд барьцаалагдсан Японы сэтгүүлчийн талаар үг дурссангүй.

 

 


Нэгдүгээр сарын 30-ны баасан гариг:

Япон сэтгүүлч Кэнжи Готогийн ээж мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Би маш их айж байна. Би амиа өгөөд ч болов хүүгээ хамгаалж үлдэхийг хүсэж байна” гэв.

 

 


Нэгдүгээр сарын 31-ний бямба гариг:

 

“Исламын улс” бүлэглэлд барьцаалагдаад байсан япон сэтгүүлч Кэнжи Готог цаазалж буй бичлэг жинхэнэ болохыг тус улсын батлан хамгаалахын сайд Гэн Накатани мэдэгдэв.

 

Н.ЦЭНДСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж