Монголыг гурван сая болгосон Х.Монголжин охин

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Монголыг гурван сая болгосон Х.Монголжин охин

-Даланзадгад сумын баруун талаар сунайн тогтох Гурван сайханы нурууны цаагуур гэрэлт наран хоргодон жаргах нь гоёхон. Эх орныхоо гурван сая дахь иргэн болон ижий аавдаа мэндэлсэн хөөрхөн охиндоо сайн сайхныг сониноороо дамжуулан хүсэн ерөөе-

Жаргаж буй нартай уралдан Өмнийн говийг зорин хөдөллөө. “News agency”-ийн сурвалжлах баг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Х.Монголжин охиныг зорьж яваа нь энэ. Хэдэн жилийн өмнөхөө бодвол “Одоо хаагуур явах вэ?”, “Өө энүүхэнд айл бий” гэсэн хошин шог шиг асуулт, хариулт хөврөхгүй засмал замаар хэдхэн цаг давхиад л Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хүрчихнэ. Шөнө хагасалж очсон бид зураг авалтын бэлтгэл ажлаа хангаж өглөөтэй золгоод орон нутгийн телевизийн сэтгүүлч Б.Цэнгэлбаяраар замчлуулан Баруунсайханы 11-31-т байх Э.Хатанболдынд очлоо. Төвийн хэвлэлийнхнээс хамгийн түрүүнд очиж байгаа гэдгийг маань мэдэж байсан болохоор ч тэр үү, гэр бүлийнхэнээрээ цуглан биднийг угтлаа. Бөмбийтөл барьсан таван ханатай монгол гэртээ шинэхэн хос маань суух аж. Эгэл жирийн монгол айлууд хүү, охиноо хэрхэн тусд нь гаргадаг тэр л янзаар бүх зүйлийг бэлтгэжээ. Г.Аззаяагийн эмээ Б.Эрдэнзул тэдэнтэй хамт амьдарч, хоёр хүүхдэдээ шинэ хүнээ өсгөхөд нь тусалж байна.

...2015 оны нэгдүгээр сарын 24. Энэ өдөр бол монголын жирийн нэг айл их түүхийг бичсэн гэрэлт өдөр.

Гэнэтхэн шөнөөр Г.Аззаяа бүсгүй өвдөж, энэ орчлонд ээж болж, анхны үрээ төрүүлэхээр Даланзадгад сумын төрөх эмнэлэгт хүргэгдэн очсон байна. 

Э.Хатанболдынд зочилсны дараа ийн яриа өрнүүлэв.

-Юуны өмнө баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач.

Г.А: Намайг Ганбатын Аззаяа гэдэг. Айлын хоёр дахь хүүхэд. Монгол Улсынхаа гурван сая дахь иргэнийг төрүүлсэндээ их баяртай байна.

-Гурван сая дахь хүүхдийн аав, ээж болсон гэдгээ хэзээ анх мэдсэн бэ?

Э.Х: Өчигдөр үдээс хойш /I.28/ мэдсэн. Одоо хэр нь баярлаж, догдолсон хэвээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утсаар бидэнтэй ярьсан. Ерөнхийлөгчийг ярихаар нь охиндоо нэр өгөхийг гуйсан чинь манай охинд Монголжин гэж нэр хайрласан. 

-Аав болох хэр байна вэ?

Э.Х: Өө их гоё байна./инээв/

-Эмнэлгийн гадаа их хүлээв үү?

Э.Х: Бараг 6-7 цаг хүлээсэн байх аа. Орох гэсэн чинь оруулдаггүй гэж инээж суухыг харахад шинэ хүнээ их хүлээжээ.

Нэгдүгээр сарын 24-ний үүрээр дөрвөн цагт эмнэлэгт хүргэгдэн очсон Г.Аззаяа нь өглөөний 08.27 минут 25 секунтэд 3,500 грамм 51 сантметр охинтой болжээ. Өмнөговь аймгийн төрөх эмнэлгийн их эмч Б.Мөнхболд, эх баригч эмч н.Байгальмаа нар жирийн ажлын өдрүүдийнхээ зарчмаар эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулах ажлаа хийж байсан тухайгаа ярив. Тухайн өдөр мөн дөрвөн хүүхэд мэндэлжээ. Б.Мөнхболд эмч 12 жилийн туршид эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллахдаа 3000 гаруй хүүхдийг эх барьсан гэнэ.

Гурван сая дахь иргэний маань ээж Г.Аззаяагийн бага нас Мандал-Овоо суманд эмээгийнд нь өнгөрсөн байна. Тэрээр бага наснаасаа хурдны морь унаж, гадаа уяатай тэмээг унаад явчихдаг, малд нүдтэй хүүхэд байсныг нь түүний аав н.Ганбат дурсан ярьж байлаа. Э.Хатанболд тэр хоёр анх 2012 онд танилцаж, ирээдүйн сайхан гэр бүл болох эхлэлээ тавьжээ.

Даланзадгад сумын Дундсайханд байх Г.Аззаяагийн гэрийн гадаа анх Э.Хатанболд зориг гарган очиж байснаа, сумынхаа төв талбайгаар түүнийхээ гарыг атган алхаж явсанаа дурсан ярих нь хөгжилтэй. Э.Хатанболд арван хүүхэдтэй айлын дундах нь. Тэрээр арав орчим насандаа төрүүлсэн ээжээсээ өнчирсөн ч түүний хойд ээж болох Ё.Дарьсүрэн түүнийг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Аймгийнхаа төвийн III арван жилийн дунд сургуулийг дүүргээд одоо том тэрэг барихаас гадна аймгийнхаа төвд жижиг тэргээр “халтуур” хийж хань ижил, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж яваа нэгэн.  

Улс орны түүх гэдэг жирийн иргэний түүхээс эхэлдэг гэдэг. Тийм ч болохоор хэдхэн жилийн өмнө анх биесээ олж, хоёр биедээ эрхэлж явсан эдгээр хосууд маань нэг л өглөө их түүхийг бүтээлцэж, гурван сая дахь иргэний маань аав ээж болцгоолоо. Даланзадгад сумын баруун талаар сунайн тогтох Гурван сайханы нурууны цаагуур гэрэлт наран хоргодон жаргах нь гоёхон. Эх орныхоо гурван сая дахь иргэн болон ижий аавдаа мэндэлсэн хөөрхөн охиндоо сайн сайхныг сониноороо дамжуулан хүсэн ерөөе. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд сайн сайхныг даллан хурайлсан Х.Монголжин охины буян заяа нь өөдөө байж, эрүүл энх, саруул сайхан өсөг ээ. 

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж