Бүхний таамаг эвдсэн “бүтэлгүй” улирал

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Бүхний таамаг эвдсэн “бүтэлгүй” улирал

NBA-гийн 2014/15 улирлын эхний хагасыг дүгнэхэд

 

NBA-гийн улирал ид дундаа орж, улирлын өмнө тавигдаж байсан асуултууд хариултаа авч эхэллээ. Тоглолт бүрийг хажуунаас нь үзэж, тоглогчдын хувцас солих өрөөнд микрофон бариад зогсож байдаг дэлхийн мундаг аналистуудаас авахуулаад мань мэт нь хүртэл мэргэч төлөгчид шиг таамгаа дэвшүүлж, мэддэг юм шиг бурдаг цаг ард хоцорчээ. Атлантагийн сюрприз барьсан амжилт, Уарриорсын бусдыг ноёрхсон тоглолт, Кливлэндийн тооцоолоогүй уналт зэргийг Бурхан магадгүй зурсан байв ч будаж арай зүрхлээгүй байсан биз. Зөгнөөд бичсэн таамаг бүхэн зөгнөлт кино хийхэд ч ихдэхээр зохиол болоод хийсчээ, хөөрхий. Бүхний таамаг эвдсэн “бүтэлгүй” улирлыг ингэж нэг дүгнэе.

 

Үе солигдсон нь

Амьдралын л нэг хэсэг юм хойно цаг хугацааны эрчээр NBA-д ч гэсэн үе солигддог  нь жам. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шиг “балчир” гэж гоочлогдож байсан залуус “эрийн цээнд” хүрсэн гэдгээ харуулсан гурван сар байлаа. Өнгөрсөн зун АНУ-ын шигшээ багт дуудагдаж, ДАШТ-д оролцсон залуу тоглогчид алтын эрчээ алдалгүй тус тусын багуудаа байлдан дагуулж, NBA-гийн шинэ одод мэндэлсэнийг шуугиантай нь аргагүй зарлалаа даа. Стифэн Карри, Клэй Томпсон нар шинэхэн дасгалжуулагч Стив Керрийн хамтаар багийнхаа түүхийн шинэ хуудсыг нээж, Уарриорс 31-5 гэсэн амжилтаар улирлын эхний хагасыг ноёллоо. Хөмсөг нь нийлсэн Энтони Дэвис хөл гараа ч бас нийлүүлж, ЛеБрон, Дюрант нарын халааг авахад бэлэн гэдгээ одооноос ойлгуулж, статистик хуудсыг хүссэн тоогоороо бөглөж өглөө. Сахал нь урт Жеймс Хардэн ч бас салхи татуулсан оролтуудыг хийж, хамгаалж чаддаггүй гэсэн шүүмжийг няцааж, Хьюстон хотын Пуужингуудыг тэргүүлж, MVP хэмжээний тоглолтыг гаргаад л байна. Ууртай залуу ДеМаркус Казинс урд байгаа хамгаалагчдаа тоолгүй, ухаантай тоглоод эхэлсэн л байна. Бүтэл муутай Брүүклинд хүртэл Мэйсон Пламли ирээдүй болсоноо идэвхитэй харуулж байх юм. Америкийн шигшээгийн ирээдүй болсон залуус NBA-гийн багуудаа ч гэсэн гэрэлтэй маргааш руу хөтөлж байгааг харах сайхан байлаа. 

 

Одод  харвасан нь

Одод тэнгэрт олон байдаг ч, олдоод ирэхээрээ харваж эхэлдэг нь жам. NBA-ийн талбайд мөн адил шинэ одод олноороо төрж байгаа учраас зайгаа тавьж өгөн харвах оддыг бид харлаа. Домогт Майкл Жорданыг улиралд авсан нийт оноогоор гүйцэж, бүх цаг үеийн онооны жагсаалтын 3-р байранд бичигдсэн тоглогч бол Коби Брайнт. Түүний амжилтыг онцлоод “Коби болон Жордан” гэсэн тусгай нийтлэл өмнө нь бичиж байсан болохоор дахиж нурших илүүц биз. Гэхдээ улирал эхэлсэнээс хойш Коби болон түүний Лэйкэрсийн талаар хэлж, бичиж чадах ганц эерэг зүйл энэ амжилтаас өөр алга даа. Хүнд бэртлээсээ амжилттай эргэн ирж, мөнхөд харьцуулагдах Жорданы дээр бичигдэж, уналтанд орсон багаа Плейофф руу чирэхийг Коби зорьж байсан нь мэдээж. Эхний хоёртоо хүрсэн ч Лэйкэрсээ аварч чадаагүй нь тун таагүй. Кобиг нас, Лэйкэрсийг цас дарчаад байгаа нь энэ. Дасгалжуулагч Байрон Скотт өөрийн бурууг хүлээж, 36 настай Кобиг улирлын эхэнд амралт өгөлгүй, дэндүү их тоглуулсанаа хүлээн зөвшөөрсөн. Агуу тоглогч маань өөрөө ч гэсэн амралт хэрэгтэйгээ ойлгож, бусаддаа тоглох боломжийг олгож, Скотт дасгалжуулагчийн үгэнд орохоор шийдсэн билээ. Дахиад нэг жил тоглох гэрээтэй ч дахиж хуучин Кобиг харахгүй нь гэдэгтэй бид эвлэрэх цаг болжээ.

Онооны жагсаалтанд байр ахиж, 7-р байранд бичигдэж эхэлсэн Дөрк Новицки бас л харьж эхэллээ. Өөрөөс нь хамаагүй илүү хурдан, илүү тэсрэлттэй залуу оддоор хүрээлэгдсэн Дөрк заримдаа төгсгөлийн үед довтлох нь бага харагдах болж. Чандлер Парсонс, Монта Эллис, Ражон Рондо нар байхад түүний догонцох шидэлт хэрэггүй ч юм шиг ээ. Харвачаагүй нь мэдээж, гэхдээ дөхөж байгааг нь бид хангалттай харлаа. Мөнхийн ус залгисан гэж “гүтгэгддэг” агуу Тим Данкан талбайд гэхээсээ илүү сэлгээний сандалд тухлах нь элбэг болж. Хөгжөөн дэмжигчид нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй ч Грегг Попович мэдэж байгаа нь илт. Спөрсийн Их гурвалаас шинэ одод айхаа больжээ, хөөрхий. Дуайт Ховардыг мөргөж нэг үзээд, байдгаа тавьсан Кевин Гарнетт хөгширчээ. Санаа нь байв ч сачий нь хүрэхээ байсныг эдгээр оддын “хуучирсан” тоглолтоос бид хангалттай харлаа. “Битгий яваа ч” гэж зууралдаад яахав. “Бидний сэтгэлд үүрд мөнхөрнөө” гээд тайвшрах хэрэгтэй. Одод олдлоо, одоо явцгаа та нар минь.

Төлөвлөгөө нурсан нь

Төгс гэдэг зүйл энэ хорвоод байхгүй ээ. Ялангуяа төгс төлөвлөгөө гэж бүр ч байхгүй. Итгэхгүй байвал Кливлэнд Кавалиерсийн удирдлагуудаас асуугаарай. Хаан Жеймс  нь нутагтаа эргэн ирж, эзэнт гүрнээ шинээр байгуулж, эр зоригтой баатруудыг дуудсан билээ. Гэвч Кавалиерс  эхний  39 тулааны дараа 19 удаа ялж, 20 удаа ялагдсан гэсэн тун муу амжилттай яваа нь энэ гүрний ойрын хугацааны төлөвлөгөө нурсаныг бүрэн илтгэж байна. Драфтын тэргүүн сонголт Андрю Уиггинсийг явуулж, дараа улиралд үлдэх нь эргэлзээтэй Кевин Лавыг авсан нь том алдаа байсныг бас харуулж байна. Буруугаа хүлээлгүй гүрийж дайрахын оронд ЛеБронд тус болгох гэж Нью Йоркоос Ж.Р Смит, Иман Шумперт хоёрыг авчрав. Дэнвэрээс ч бас Тимофей Мозговыг залав. Азаар энэ бол улирлын эхний хагас юм даа. Улирлын төгсгөлд Кавалиерсийн талаар арай өөрөөр бичнэ гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ Хааны зарлигийг дагасан түшмэдүүдэд буруу байхгүй ээ. Агуу Хааны сүр хүчийг одоо л харин харах цаг нь боллоо. Төгс гэж байхгүй ээ, төгсийг хүссэн та нарын буруу.

Оросын тэрбумтан Михайл Прохоров Нэтс багийг худалдаж аваад, сэтгэлийн их хөөрлөөр “Аюултай Тав”-ыг Брүүклин дүүрэгт бүрдүүлж чадсан нь саяхан. Тэгвэл ганцхан жилийн дотор юу болсныг товчлоё – дасгалжуулагч Кидд дахиж ирэхгүйгээр зугтан одов, “Үнэн” хочит Пол Пиерс үнэхээр муриад алга болов, сүртэй дүртэй Кевин Гарнетт Суарэзийг дууриаж “хаздаг” болов, талбайн жанжин Дерон Уиллиамс тушаал буурч сэлгээ рүү шилжив, том залуу Лопез нь харин тоогдохоо больж, гологдож эхлэв. Төлөвлөгөө нурсаны төгс жишээ гэвэл энэ байна даа.

Брүүклин, Кливлэнд шиг том эрсдэл гаргаагүй ч томоохон “тэнэгтсэн” багууд лайгаа үүрч байгаа бас харагдлаа. Шидэхээс бусдыг сайн хийдэг Жош Смит Дэтройт Пистонстой 4 жилийн $54 саяын гэрээг 2013 оны зун хийх үед толгойгоо маажсан сэтгүүлчид хаа сайгүй байсан нь мэдээж. Ус, тос хоёр холилддоггүйтэй адил Жош, Дэтройт хоёр нэгдээд хэрэггүй байсныг амтай болгон одоо ярьж байна. Гэрээний үлдэгдэл хорин долоон сая долларыг зүгээр өгөхөөр шийдэж, Смитийг багаасаа хассан нь харин Дэтройтын хувьд ухаалаг шийдвэр байлаа. Хэн ч хичнээн ч шалтгаан тоочсон бүрэн учрыг үл олов, зангилааг эс тайлав. Смит багаас явангуут Пистонс долоо дарааллан хожсон нь энэ улирлын тайлахад хамгийн хэцүү оньсого болсон нь мэдээж. Дэтройт шиг бүтэн жил хагас алдаагүй ч алдаа гаргаснаа ухаарсан бас нэг баг бол Шарлотт Хорнэтс. Тэд чөлөөт агент Лэнс Стифэнсонтой 3 жилийн $27 саяын гэрээг зурж, болж байсан багтаа томоохон өөрчлөлт оруулж, Дорнодод хүчтэй өрсөлдөхийг зорьсон. Гэвч Стифэнсон ирсэн багаа бүр муудуулж, удалгүй бэртэл авч, одоо харин тоогдохоо байчаад байна. Буруу шийдвэрүүдийг засч болноо. Гэхдээ алдсан цаг хугацаа нь эдгээр багуудад тун хайран байлаа даа.

 

Хүч нэмсэн нь

Шунал ихэдвэл аюултай гэдэг. Шуналдаа баригдаад бүтэлгүйтсэн жишээ NBA-д олон бий. Их мөнгө зарж, Аварга цолны хойноос “шунаж”, хэтэрхий олон оддыг нэг багт шингээх нь зарим тохиолдолд амжилт авчирдаггүй. Дүгнэх мэдээж болоогүй, гэхдээ хүчийг нэмж, “шуналтай” хөдөлсөн Даллас Маверикс энэ улирлын цаасан дээрхи хамгийн шилдэг баг болохоор эргэлт буцалтгүй шийдсэн нь тодорхой. Бостон Сэлтикстэй тохирч, Ражон Рондог авчрах үед бусад 29 баг бүгд нэг л мессежийг авсан – Даллас дахин Аварга болохыг хүсч байна, яг одоо шүү бүр. Рондотой Даллас  тийм ч их тоглолтыг хийгээгүй байгаа учраас бодитой дүгнэлт, анализ гаргах хэцүү байна. Ямартай  ч дамжуулахыг илүүд үзсэн холбогч Новицки, Эллис, Парсонс гуравт дэм болох нь мэдээж. Самбарыг баттай манадаг Тайсон Чандлерийн хийх ажил нь тов тодорхой. Дасгалжуулагч Рик Карлайл юу хийж байгаагаа мэдэж байгаа л байлгүй. Багийн сэлгээ ч бас тийм муу бишээ. Улирлын 2-р хагаст энэ багийн мөн чанар танигдана. Одоо харин дүгнээд хэлэхэд овоо л баг бүрдчихлээ, өөрсдөө ойччихгүй л бол шүү дээ.

 

Бусдаас тасарсан нь

Аналистуудын хувьд хэдий “бүтэл” муутай улирал болж байгаа ч Голдэн Стэйт Уарриорс, Атланта Хокс хоёрын нүд бүлтийлгэм онцгой сайн амжилтыг гэрчилж, өмнөөс нь баярлахаас өөр арга алга даа. NBA-д өмнө нь Атланта шиг дутуу үнэлэгдэж, Уарриорс шиг их хайрлагдсан баг байсан юм болов уу даа? Байдаг бол ойрын хэдэн жил хараагүй л юм байна. Дорнодын “Спөрс” гэж хочлогдоод байгаа Атлантагийн залуус аргагүй л баг шиг баг болж, агуу Поповичийн шавь Майк Буденхоулзер хэн бэ гэдгээ бидэнд харуулж байна. Хэн ч тэдний амжилтанд бүрэн итгэж, Дорнод бүсийн аваргын хэмжээнд ярихгүй байгаа ч анхаарлын гадуур явах нь тэдэнд харин ч хэрэгтэй биз. Хэн нэгэн нэг тэрбум доллартай бол Атланта Хоксыг худалдаж авах гээд оролдвол алзахгүй л байх шүү. Зарагдах гэж байгаа юм гэнэ лээ. Тэд Дорнод Бүсийг 31 хожил, наймхан хожигдолтойгоор тэргүүлж байгаа.

Голдэн Стэйтийг магтах үг ховор шүү. Карри, Томпсоны хослол энэ улиралд бүр ч аюултай болж, Грийн, Барнсын тэсрэлт том дэм болж, Керр дасгалжуулагчийн ур ухаан олонд гайхагдаж байна даа. Андрю Богут, Дэвид Ли хоёр бэртлээсээ эргэж ирсэн ч багийнхаа амжилтанд сөргөөр нөлөөлөхгүй байгаа нь бас л сайн хэрэг. Энэ багийг магтах ганцхан л асуулт байна: тэд Чикаго Буллсын 72-10 амжилтыг эвдэж чадах уу?Тоон статистикийг баахан дурдаж, Уарриорсын улирлыг магтах гэхээр эргэлзээд байгаа хүмүүст итгэл төрүүлж чадахгүй юм. Тиймээс өөр арга хэрэглээд үзье. Голдэн Стэйт Уарриорсыг Плейоффын цувралын 7 тоглолтоос 4-т нь хожиж чадах багийг нэрлэх гээд үзээрэй. Үе нь өнгөрч буй Спөрс үү? Орон гаран Буллс уу? Учраа олоогүй Маверикс уу? Аль эсвэл Мэмфис үү? Бодит байдлыг харвал ЯГ ОДОО Уарриорсыг зогсоох баг NBA-д алга даа. Бүх таамаг эвдээд байгаа энэ багууд эрчээ хадгалж улирлын 2-р хагас руу орох уу эсвэл бүтэлгүйтэж эхлэх үү? Хариултыг хамтдаа үзэцгээе!

Г.ИДЭР-УУГАН

Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж