Эрт урьдын цагт нэгэн бүсгүй амьдарч байжээ. Тэрээр лусын дагинаас ч дутахгүй үзэсгэлэн гоо, бас эрүүл чийрэг, гал цогтой бүсгүй байжээ. Түүгээр ч зогсохгүй хамгийн гол нь тэрээр цэвэр ариухан сэтгэлтэй байв. Тэгээд ч тэр үү түүнд маш олон эрс дурлаж хайр сэтгэлээ илчилдэг байв. Харамсалтай нь тэр олон залуусаас нэг нь ч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнгүй. Тэрээр түүнд дурласан олон зүрхийг шархлуулжээ.
Нэгэн өдөр бүсгүй ойд зугаалж яваад бөглүү ойн гүнд ер бусын баргил сайхан хоолойгоор хэн нэгэн дуулахыг сонсов. Бүсгүй тэр уянгалаг сайхан дуунд татагдан дуу гарсан зүг рүү өөрийн мэдэлгүй хөтлөгдөн алхлав. Түүний зүрх сэтгэлд ер бусын баяр хөөр бас далдхан гуниг ээлжлэн сүлэлдэнэ. Цээл сайхан хоолойтой залуу дуулсаар л байх аж. Бүсгүй түүний дуунд уярч өөрийн мэдэлгүй ийм сайхан дуу хоолойтой хүн ямар сайхан хүн байдаг бол гэж бодов. Тэрээр тэр сайхан дуу хоолойны эзэнтэй танилцахыг тэсэхүйеэ их хүсэн дуу гарсан зүг рүү улам бүр тэмүүлнэ.
Удалгүй тэртээх ойн цоорхойд бяцхан модон байшин үзэгдэв. Уянгалаг сайхан дуу тэр байшингаас гарч байх аж. Бүсгүй байшинд дөхөж очоод хаалгыг нь зориглон татав. Хаалга түгжээгүй байлаа. Сайхан дуунд хэмжээлшгүй ихээр татагдсан бүсгүй өчүүхэн ч эргэлзэх юмгүйгээр байшинд орж явчихав. Түүнийг байшинд ортол дуучин гартаа юуг ч юм барин цааш харан суугаад дуулсаар байх аж. Тэрээр бүсгүйг орж ирснийг үл анзааран үргэлжлүүлэн дуулсаар л байв. Ийм сайхан дууг тасалж зүрхлээгүй бүсгүй амьсгаа даран түүний дуулахыг чагнан хэсэг зуур болов. Гэнэт залуу дуулахаа больсон ч эргэж харсангүй чигтээ:
“Бүсгүй минь юунд зогсоов, суугаач,” гэж цонхны хажууд тавьсан модон ширээ сандалд түүнийг урив. Бүсгүй дуучин залууг араас нь ажиглавал тэрээр өндөр чийрэг биетэй сайхан залуу аж. Залуу:
“Та манайхыг яаж олж ирээ вэ?” гэж асуунгаа сая л бүсгүйн зүг эргэн харав. Тэрээр бүсгүйн өөдөөс харан зогссон ч түүн рүү биш тэртээ дээгүүр ширтэх аж. Хосгүй хоолойтой гоолиг сайхан залуу сохор аж. Бурхан түүнд цээл сайхан хоолой заяасан ч харах мэлмий заяасангүй.
үргэлжлэл: www.erkhembayar.mn