Лиценз олголт Засгийн газрын шүдний өвчин болох нь

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Лиценз олголт Засгийн газрын шүдний өвчин болох нь

Таван жилийн турш олгогдолгүй завсарлаад байсан хайгуулын лиценз хүсэгчдийн  өргөдлийг нэгдүгээр сарын 26-наас авч эхэлсэн ч лиценз олголт багагүй дуулиан шуугиан, маргаан, гомдлыг дагуулаад байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын удирдлагууд лиценз олголтыг нарийн нууцлал бүхий программ, өндөр үнэ бүхий төхөөрөмж ашиглан ямар ч маапаан, эргэлзээ, ашиг сонирхол, гадны нөлөөгүйгээр олгоно гэж мэдэгдэж, амлалт өгсөн. Гэтэл лиценз олгосон эхний долоо хоногт буюу гурван удаагийн олголтод өнөөх системд нь алдаа, доголдол үүсч нэг удаагийн лиценз олголт бүр цуцлагдчихаад байгаа нь лиценз хүсэгчдийн төдийгүй Засгийн газрын шүдний өвчин болох төлөвтэй байна.

Энэ удаагийн лиценз олголтын программыг нарийн нууцлал бүхий орчинд IT инженерүүдээр өндөр үнээр бичүүлсэн гэж мэдэгдэж байгаа. Энэ нь ч зөв байх л даа. Учир нь өмнөх жилүүдийн лиценз олголт хүчтэй чадалтай, эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр хүмүүст боломж олгож, АМГ-ын үүдэнд бөхчүүд “үзэлцдэг” байсныг шийдэх гэсэн арга. Гэхдээ лиценз хүсэгчдийг АМГ-ын техникийн инженерүүд, “Үндэсний Дата төв”-ийнхөн гол үүрэгтэй цахим орчинд бүртгэж байгаа нь далдуур булхай үүсэх бас нэгэн эрсдэл гэж лиценз хүсэгчид харж байна. АМГ-ынхан системийг ямар компаниар хэдэн төгрөгөөр хэрхэн бичүүлснээ тас нууж байгаа. Булхайн эх эндээс үүдэлтэй байж магадгүй гэх хардагсад байна.

Гуравхан удаагийн лиценз олголтын хоёр нь алдаа мадаг маргаантай, нэг нь хүчингүй болчихсон байгааг Засгийн газраас эргэн харж, анхаарч үзэх шаардлагатай байна. Тагнуулын ерөнхий газрын шалгалт, хараа хяналтад байгаа гэж иргэдийг мунхруулчихаад цахим орчимд чухам ямар сценари явж байгааг тааж мэдэх боломжгүй болоод байна. Лиценз хүсэгчдийн өргөдлийг хүлээн авсан өнгөрсөн гурван удаагийн бүртгэлд ямар алдаа, доголдол үүссэнийг дурьдахад,

Эхний өдөр буюу энэ сарын 26-нд аж ахуй нэгжүүд 280 мянган төгрөгөөр худалдан авсан, 500 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх төгрөгийн үнэтэй эрх бүхий төхөөрөмжийнхөө учрыг олж ядаж байх зуур сүлжээ тасран энэ хооронд 30 компани өргөдлөө аль хэдийнээ бүртгүүлчихсэн байсан гэж аж ахуй нэгж, байгууллагууд гомдол гаргаад байгаа.

Хоёрдахь өдөр буюу энэ сарын 28-нд 30 компани гэрлийн хурдаар буюу 2.46 минутад өргөдлөө бөглөж зөвшөөрөл авсан, нэг компани хоёр бүртгэгдсэн зэрэг явдал юм. Тодруулбал, “Гэрэлт шинэчлэл” гэх компани 50 секундын зайтай хоёр ширхэг дугаар авчихсан. АМГ-ын инженер, Цахим системийн мэдээлэл өгч буй Б.Мэнд-Амар “Системийн алдаа” байсан гэдгийг нотолсон.

Гуравдахь өдөр буюу энэ сарын 30-нд бөөн маапаан болсон. 8 цагтай уралдан бүртгүүлэх гэсэн ч "Өнөөдөр бүртгэл явагдахгүй" гэсэн бичиг харагдаад орж болохгүй байсан. Ингээд өргөдлийн дугаар цагтаа олгогдсон ч хэсэг хугацааны дараа дугаар олголтыг цуцалсан. АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа “Системд өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор өргөдлийн дугаар олгодоогүй, код өгөгдөөгүй. Ер нь бол шинэ юм чинь алдаа оноо гарна шүү дээ” гэж тайлбарласан. Гэвч тус газрын үүдэнд цугларсан иргэд “Жинхэнэ бөх зүрхээрээ бүртгүүлчихээр өгсөн дугаараа шууд цуцалчихлаа. Өмнөх өдрүүдийн лиценз олголтуудыг цуцлах шаардлагатай” гэж тус газарт өргөдөл гомдлоо бичин цаашид ийм алдаа гарвал өөр аргаар тэмцэхээ мэдэгдэж байсан юм.

Энэ мэт интернэтийн хурд, хүчтэй компьютер, хурдан бичээчийн уралдаанаар геологи хайгуулын лиценз олгож байгааг эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Цахимаар олгож байгаа системд  буюу маргааш/02.03/-ийн дугаар олголтод дээрх мэт алдаа, доголдол үүсэхгүй гэх ямар ч баталгаа одоогоор алга.

Бид маргаашийн олголт хэрхэн явагдахыг сурвалжлан хүргэнэ.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж