Засгийн газраас Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэл баримталж, халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжихийг уриалсан билээ. Гагцхүү яагаад улс орны тэргүүлэх салбар аж үйлдвэр байдаг вэ, Монголд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх шаардлагатай вэ гэх асуулт ургаж байгаа юм. Тиймээс ч энэ сэдвээр ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, Монгол Улсын зөвлөх эдийн засагч, доктор, профессор, “Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Төгстэй ярилцлаа.
-Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой боллоо. Энэ бодлогын баримт бичигт саналаа нэмэрлэсэн судлаачийн үгийг сонсмоор байна?
-Ер нь аливаа улс орон үйлдвэрлэлийнхээ хөгжлийг бодлогоор хэрэгжүүлдэг. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарын бодлого гэдэг бол тухайн улсын тэргүүлэгч бодлогуудын нэг байдаг. Тиймээс ч энэхүү бодлогын баримт бичигт Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл хэмээн тусгаж, тодотгож өгсөн нь маш зөв тодорхойлолт болсон. Ер нь Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогыг тодорхойлсон нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц үйл явдал боллоо гэж үзэж байна. Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогыг боловсруулахын тулд яамныхан маань богино хугацаанд шаргуу ажиллалаа. Тодруулбал, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, үйлдвэрлэгчид, холбогдох салбарын бүх мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулсан. Бидний хувьд зохих төвшинд оролцож, саналаа нэмэрлэсэн. Энэ бодлого Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Тиймээс ч сайн бодлогын баримт бичиг болсон гэж бодож байна.
-Судлаачтай ярилцаж байгаагийн хувьд аж үйлдвэрийн салбарын түүхэн хөгжлийн талаар асуумаар байна. Тухайлбал, Монгол Улсад аж үйлдвэр хэрхэн хөгжиж ирэв?
-Аж үйлдвэрийн хөгжил хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэлтэй. Хүн үүссэн цагаасаа эхлэн хоол, хүнс, хувцас, хэрэглээгээ үйлдвэрлэж ирсэн учраас хүний хөгжилтэй салшгүй холбоотой. Харин аж үйлдвэрийн бие даасан салбарын хөгжил үндсэндээ XYIII-XIX зуунаас Европоос эхтэй гэж судлаачид үздэг. Улмаар анхны утас ээрэх, нэхмэлийн, оёдлын машинуудыг зохион бүтээж, дотоод шаталтат хөдөлгүүр гээд олон шинэ шийдлүүдийг гаргаснаар аж үйлдвэрийн салбарт хувьсгал хийсэн гэдэг. Харин манай улсын хувьд нүүдэлчний соёл, уламжлалт ахуйн хүрээнд аж үйлдвэрлэл түүхийн туршид байсан. Тэр ч бүү хэл Чингис хааны үед зэр зэвсгээ, хувцас, хоол, ундаа өөрсдөө хийдэг байсан түүхтэй. Дэлхийд ган, зэс боловсруулж чаддаггүй байхад монголчууд хийж чаддаг байсан шүү дээ. Тэгэхээр аж үйлдвэрийн суурь монголд эртнээс тавигджээ. Ардын хувьсгалын дараагаас аж үйлдвэрийг хөгжүүлэхтэй холбогдуулан яамдууд байгуулагдаж эхэлсэн. Нэр нь янз бүр л байсан. Тухайлбал, 1924 онд Аж ахуйн яам гэж байсан бол дараа нь Мал аж ахуй, газар тариалангийн яам, Худалдаа аж үйлдвэрийн яам зэргээр түүхэн хөгжлийн явцад нэрнүүд нь өөрчлөгдөж ирсэн байгаа юм. Харин яг Аж үйлдвэрийн яам гэдэг нэр томъёо 1944 онд бий болсон. Түүнээс хойш таван ч удаа яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн ч 1961 оныг хүртэл Аж үйлдвэрийн яам гэдэг нэр хэвээр байсан юм. Сүүлдээ Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам нь хөдөө аж ахуйтай салж, нийлж явсаар 2015 онд Аж үйлдвэрийн яам байгуулагдлаа. Ер нь аливаа зүйлд нэр өгөх нь учир холбогдолтой гэж боддог. Өөрөөр хэлбэл, Аж үйлдвэрийн яам гэдэг нэр өгсөн нь өнөөдөр Монгол Улсын тэргүүлэх салбар бол үйлдвэржилт гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрсний илэрхийлэл. Хуучин нийгмийн үед аж үйлдвэрийн салбар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байсан. Тухайн үед өргөн хэрэглээний бараг бүхий л бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Та нар мэднэ дээ, гутлын үйлдвэр гэхэд гурван сая хос гутал үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад гадаадад гаргадаг байсан. Түүнчлэн шил, шаазан эдлэл, хогийн шүүр, зуух, яндангаас эхлээд ахуйн зориулалттай төмөр эдлэлийг бид дотооддоо үйлдвэрлэж байсан сайхан түүх бий. Үндсэндээ монголчууд тухайн үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан. Гэхдээ тухайн үеийн нийгмийн тогтолцоо талаас нь аваад үзвэл зорилтот зах зээл гэдэг ойлголт үйлдвэрлэгчдэд байхгүй зөвхөн улсын төлөвлөгөөт даалгаврын үндсэн дээр үйлдвэрлэл явагддаг байсан. Тиймээс улсын төлөвлөгөөг биелүүлэх гэсэн ойлголтоор урам, зоригтой, чин сэтгэлээсээ ажилладаг байжээ. Ер нь монголын хөнгөн ба хүнсний аж үйлдвэрлэлийн оргил үеийг 1988-1989 он гэж үздэг. Тухайн онуудад бүх үзүүлэлтүүд маш сайн байсан, тэгээд ч ДНБ-нд аж үйлдвэрийн эзлэх хувь өндөр байсан.
-Тэгэхээр 1988-1989 онд үйлдвэржилтийн оргил үе байжээ. Гэтэл төд удалгүй буюу 1990 он гарч, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр аж үйлдвэрийн салбар бүхэлдээ уналтан орсон шүү дээ?
-Түүнээс цааш яасан бэ гэдэг асуулт ургаж байгаа юм. Тэгэхээр 1990 оноос хойш аж үйлдвэрийн салбар навс унасан. Аж үйлдвэрийн салбар уналтад орсны хамгийн том шалтгаан нь зүй бус өмч хувьчлал байсан юм. Хэвийн ажиллаж байсан үйлдвэрүүдийг хувьчилж, ажилчид нь гудамжинд гарсан. Улмаар ажилгүйдэл бий болсноор нийгэмд ядуурал үүссэн. Аливаа зүйл гинжин холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр ардчиллын он жилүүдэд ийм сөрөг гинжин холбоо үүссэн. Хэдийгээр ардчилал маш тайван замаар үүсч, хөгжсөн гэдэг боловч нийгэм, эдийн засаг талаас нь харвал маш туршлагагүй хандсан. Монголчуудад зах зээлийн эдийн засаг руу шилжихэд туршлага дутсан, энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Тэгэхээр тухайн үед судлаачид, эрдэмтэд та нар хаана байсан юм бэ гэдэг асуулт ургаж байгаа юм. Үнэндээ бидэнд ч мэдлэг, туршлага бага байсан. Гадны туршлагуудыг уншиж, судална, энэ талаархи ном, товхимол ч олдоц багатай. Орчуулахыг нь орчуулаад л уншиж, судалдаг байлаа. Тухайн үед үйлдвэрүүдийг цагаа ололгүй, буруу хувьчилсан нь хамгийн том алдаа болсон.
-Төр бодлогоор Аж үйлдвэрийн салбарыг дэмжихээ илэрхийллээ. Бие даасан яамтай боллоо. Тэгэхээр монголчуудын дараагийн хийх алхам юу вэ?
-Мэдээж уналттайгаа олон жил эвлэрэхийг хэн ч хүсэхгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, УИХ, иргэд дор бүрнээ сэтгэл зовниж энэ талаар ярилцаж ирсэн л дээ. Тэгэхээр Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлоготой холбогдуулан 1998 онд Засгийн газрын 157 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх бодлого, 2010 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гэж гаргаж байсан юм. Энэ хоёр бодлогын хүрээнд ерөнхийдөө энэ салбарт санаа тавьж, сэргээн хөгжүүлэх ажил явагдаж ирсэн. Гэхдээ бодит байдал дээр бодлогын гүйцэтгэл ямар төвшинд байна вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай гэж боддог. Тухайн үед МҮХАҮТ-ын зүгээс маш их судалгаа хийдэг байв. Мөн НҮБ-ын “ЮНИДО” гэдэг байгууллагаас 2011 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын үндсэн чиглэлийг судалж, тодорхойлж байсан. Нээлттэй нийгэм хүрээлэнгээс “Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварын үнэлгээ”-г хийж байсан гэх зэргээр судалгааны ажлууд бий. Үүнээс гадна ШУТИС-ийн судлаачид бид 2000-аад оны эхээр “Экспортын баримжаатай үйлдвэрлэлийн менежментийн тогтолцоо”, 2007-2008 “Шинэ аж үйлдвэржилтийн бодлого”, 2009-2010 “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогод чиглэсэн технологи сонгох стратеги” гэсэн гурван цуврал судалгааг шинжлэх ухаан, технологийн төсөл хэлбэрээр боловсруулаад тухайн үеийн яамдуудад хүлээлгэж өгсөн. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр аж үйлдвэрлэл монголд яаж хөгжих ёстой юм бэ гэдэг судалгааны ажлуудыг хийж, гадны туршлагадуудыг судалж байсан юм. Тухайлбал, Японы аж үйлдвэрийн салбарын хөгжил 60 гаруй жилийн түүхтэй. Гэхдээ сүүлийн 30 жилд маш эрчимтэй хөгжсөн. Үнэхээр Японы ард түмэн үгээгүй ядуу байсан, газрын баялаг, ашигт малтмалын нөөц байхгүй, дайны хор уршгийг амссан, өлсгөлөнд нэрвэгдсэн байсан. Энэ ард түмэн ийм нөхцөл байдлаас яаж өнөөдрийн хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй орон болов. Ард түмнийхээ сэтгэхүйд “Чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх” гэдэг ухагдахууныг суулгаж, бодлогоо маш оновчтой, зөв тодорхойлж чадсан. Япон улс аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ “Бид юугаар онцгойрч хөгжих вэ” гэдгээ зөв томъёолсон. Тэр нь юу байсан гэхээр электрон техникийн үйлдвэрлэл байсан юм. Өнөөдөр дэлхий дээр электрон, техникийн үйлдвэрлэлээр Японыг гүйцэх орон байхгүй. Мэдээж энэ үйлдвэрлэлийг дагаж бүх салбар нь өндийж, бусад олон үйлдвэр, компани байгуулагдсан. Өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудын тоонд зүй ёсоор бичигдэж, хүчирхэг эдийн засагтай орнуудын нэгэн адил оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бидний ойрын жишээ болсон БНСУ-ын хувьд гэхэд ард түмэн мөн л ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн хүнд, хэцүү амьдралыг үзэж, туулсан. Тэд яаж аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн гэхээр 40 газарт аж үйлдвэрийн парк байгуулсан. Түүнийгээ яаж хөгжүүлэх вэ гэдгээ оновчтой тодорхойлж, оюуны үйлдвэрлэлийн парк болсон. Оюуны үйлдвэрлэлээр тэд үнэ, цэнэтэй, зах зээлтэй, мөнгө, цаг хугацаа хэмнэсэн, биеийн хүчний оролцоог багасгасан аж үйлдвэрлэлийг хөгжүүлснээрээ онцлогтой. Хүн бүхэн хөдөлмөрч, бүтээгч байх ёстой. Бид ийм л итгэл, үнэмшлийг нь бий болгож, хөдөлмөрч, бүтээгч болох шаардлагатай. Харин Европын улс, орнуудад аж үйлдвэр 200-аад жилийн түүхтэй. Илүү буйр суурьтайгаар хөгжүүлж, үйлдвэрлэлийн бат бэх суурийг бий болгож чадсан. Энэ бүхнээс харвал Монгол Улс хамгийн дөт замаар аль болох зөв чиглэлээ сонгож, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Ер нь аливаа улс орны хувьд хүн амынхаа өдөр тутмын өргөн хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг байх шаардлагатай. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш хүн бараг бүхэн ганзагын наймаанд явснаас болж дотоодын зах зээл Эрээний чанаргүй, хямдхан бүтээгдэхүүнд эзлэгдсэн шүү дээ. Ганц, хоёр үйлдвэр ажиллаж байсан ч урдаас орж ирсэн бүтээгдэхүүний үнэд цохиулаад хаалгаа барихад хүрсэн. Тэгэхээр импортын хараат байдлыг стратегийн төвшинд авч үзэх ёстой. Тиймээс аж үйлдвэрийн хөгжлийг ярихын тулд хамгийн түрүүнд импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх асуудал хөндөгдөх нь аргагүй. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын зэрэгцээ экспортын үйлдвэрлэлийн асуудлыг ярих хэрэгтэй. Гэхдээ экспортын үйлдвэрлэл хоёр үе шаттай байдаг. Тодруулбал, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, шууд экспортын үйлдвэрлэл гэж байдаг юм. Гэхдээ бид импортыг орлох болон экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн хослол гэсэн зарчмаар аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ёстой. Ингэж чадвал Монгол Улс хурдан хөгжих боломжтой. Үүнээс гадна нэг ахнаарах асуудал бол хүнд үйлдвэрийг сайн хөгжүүлсэн орнуудад аж үйлдвэр хөгжсөн гэж үздэг. Ялангуяа Европын улс, орнууд хүнд үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлсэн байдаг. Тэнд гангийн үйлдвэрлэлгүй оронд аж үйлдвэр хөгжсөн гэж хэлэхгүй гэж үздэг. Тиймээс Монгол Улсад мөн адил хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Гэхдээ Монгол Улсын нөөц юу билээ, хэнд зориулж үйлдвэрлэх, төмрийн хүдрийн орд хаана байна гэх зэрэг асуудлыг нарийн судалж, тооцоолох ёстой. Монголын зах зээл үнэхээр жижиг. Тиймээс ган төмөрийн үйлдвэрлэлийг байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, том зах зээлд өрсөлдөх ёстой. Ингэж чадахгүй бол ашиггүй, алдагдалтай үйл ажиллагаа болчихно шүү дээ. Угаасаа гангийн үйлдвэр барих өөрийнх нь өртөг асар өндөр. Тиймээс асар их хөрөнгө оруулалтыг байгуулчихаад борлуулалтын асуудал дээр гацаж болохгүй учраас дотоодынхоо хэрэгцээг хангаад үлдсэнийг нь урд, хойд хөршийн 2 том зах зээлд нийлүүлэх хэрэгтэй. Монголчууд өнөөдөр барилгын арматур төмрөөс эхлээд бүхий л төмөр эдлэлээ урдаас зөөж байна. Тэгвэл дотоодын хэрэгцээгээ гангийн үйлдвэр барьж хангах боломж байна шүү дээ. Ер нь хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж байж аж үйлдвэр хөгжлөө гэж бодох хэрэгтэй. Аж үйлдвэр ямар зарчмаар хөгждөг юм бэ гэхээр том үйлдвэрүүдээ дагаж, жижиг дунд үйлдвэрүүд хөгждөг жамтай. Манай улсын хувьд хэт жижиг, өрхийн ахуй амьдрал, амжиргааны төвшнийг бодолцож ЖДҮ, бичил бизнесийг хөгжүүлэхэд их цаг, мөнгө зарцуулсан. Уг нь улс орны хэтийн төлөвийг бодолцвол том үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг нэн тэргүүний зорилгоо болгох хэрэгтэй. Том үйлдвэрүүдийг дагаад аяндаа дунд болон жижгүүд нь өндийгөөд ирнэ. Тухайлбал, төмрийн үйлдвэр байгууллаа гэхэд ажилчдынх нь хувцас, хэрэглэлийг оёдог оёдлын үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүнийг нь нийлүүлдэг үйлдвэр зэргээр дагаад хөгжих ёстой байхгүй юу. Энэ концепцийг бид баримтлах ёстой. Үүний тулд монголд үйлдвэрлэл, технологийн паркуудыг зөв зохистойгоор байгуулж, хөгжил, байршлын схем, зураглалыг оновчтой гаргах хэрэгтэй. Тэгэхээр Аж үйлдвэрийн яамны нэг том ажил нь энэ болчихоод байна. Аж үйлдвэрийн цогцолборын зураглал, схемийг гаргахаар төлөвлөөд ажиллаж байгаа. Энэ бол маш зөв алхам юм. Бодлогоо гаргачихаад бүтээн байгуулалтын ажил руу яаралтай орох хэрэгтэй.
-Аж үйлдвэрийн парк байгуулна гэж олон жил ярилаа. Гэтэл өнөөдөр ажил, хэрэг болсон зүйл алга?
-Аж үйлдвэр хөгжих ёстой гэсэн сэтгэлийн дуудлагаар гэнэтхэн энэ ажил руу бүгд хошуурсан байхгүй юу. Харамсалтай нь хийх гэж байгаа бүрэн ажлаа судлаагүй. Гэхдээ бид өмнөхөө буруутгаж, муулах биш алдаанаасаа суралцаж, урагшлах ёстой. Бусдынхаа алдааг давтахгүй байх нь чухал. Ер нь улс, орнуудад аж үйлдвэрийн парк яаж хөгждөг юм бэ гэхээр газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаас гадна түүхий эдийн нөөцийг хамгийн түрүүнд харгалзаж үзэх ёстой. Үүнээс гадна хүн амын суурьшсан байдал, ажиллах хүчний нөөц, боломжийн байдал болон тухайн үйлдвэрлэлийг явуулах техник, технологийн түвшин, чадавхи боломжийг судлах шаардлагатай. Эхний хэлсэн гурван асуудлыг шийдвэрлэсэн байхад хөрөнгө босгоход тийм ч хэцүү биш. Хамгийн гол анхаарах зүйл бол дэд бүтэц байгаа газар нь үйлдвэрлэл, технологийн парк хөгждөг. Тиймээс дэд бүтцээ бий болгох ажил нь улсын болон орон нутгийн төсвөөр хийгддэг байх ёстой. Бусад чиглэлд хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалт зэргээр санхүүжилтийг шийдэх боломжтой. Сүүлийн үед венч хөрөнгө оруулалт гэж ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн том хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийг хэлж байгаа юм. Ер нь том эрсдлийн ард том амжилт хүлээж байдаг гэдэг шүү дээ. Хэрэв тийм хөрөнгө оруулалтыг татаж чадвал аж үйлдвэрийн парк байгуулахад санхүүгийн хувьд хүндрэл гарахгүй.
-Үйлдвэрлэл технологийн парк гэснээс сүүлийн жилүүдэд нано технологи, инновацийн талаар их ярих болж.
-Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахын тулд орчин цагийн дэвшилтэт технологийн шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг нэгдүгээрт тавьдаг. Тухайлбал, Эмээлтэд байгуулах гэж байгаа аж үйлдвэрийн цогцолбор бол монголын арьс, ширийг орчин үеийн өндөр технологиор боловсруулахаар байгуулна. Ер нь инноваци, өндөр технологийн асуудлыг ярихгүйгээр аж үйлдвэрийн цогцолборын талаар бодох ч хэрэггүй. Монгол Улсын үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологийг үнэлж, дүгнэдэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд аваад үзвэл 90 гаруй хувь нь технологийн агууламжгүй буюу нам технологитой үйлдвэрүүд байгаа гэдэг. Тийм үйлдвэрүүдийг өнөөдөр аж үйлдвэрийн салбарын дүр, төрх гэж хэлэх аргагүй. Ер нь аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хоёр стратеги байдаг юм. Тодруулбал, гүйцэж хөгжих, амдаж хөгжих гэсэн хоёр стратеги байдаг. Би судлаачийн хувьд юу гэж боддог вэ гэхээр тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Монгол Улс түрүүнд яваа орнуудыг гүйцэх гэж зүтгэх нь зөв. Гэхдээ урд яваа морины тоосонд нь даруулаад хоцорно гэдэг шиг дандаа араас нь элдээд байх юм уу, тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Монгол Улс бусдыгаа амдаж хөгжих үү гэдгийг тодорхойлсон байх ёстой. Уламжлалт технологийг баяжуулж орчин үеийн технологитой уялдуулан хөгжүүлэх шаардлагатай. Ингэж чадвал дэлхийд байхгүй өвөрмөц онцлогтой брэнд бүтээгдэхүүнийг монголчууд үйлдвэрлэх боломжтой. Ер нь монголд маш их нөөц бий. Монгол нүүдэлчний соёлтой мал аж ахуйн орон гэгддэг. Монголчууд малаас амьсгалыг нь ашиглаж чаддаггүй, бусдыг нь бүрэн ашиглах боломжтой юм. Бид малын гүзээ, давсаг, сархинагийг үйлдвэрийн аргаар боловсруулаад сайн чанарын арьс, савхи гаргаж авсан. Малаас хаях юм огт байхгүй. Малын буян барагдахгүй гэдэг шүү дээ. Гүзээг боловсруулаад арьс гаргасан тохиолдол өөр аль ч улс, оронд байхгүй. Оюуны өмчөөр хамгаалагдсан, патентлагдсан сайхан бүтээгдэхүүн болсон. Түүнчлэн уламжлалт аргаар шөрмөсөөр утас хийдэг технологийг судалж малын мэс заслын хайлдаг утсыг шөрмөсөөр хийх боломжийг судалж байна. Нохойн дээр мэс заслын туршилт хийсэн маань амжилттай болсон. Үрэвсэх чанаргүй, хайлах чанар сайтай нь тогтоогдсон. Одоо үйлдвэрлэл байгуулах туршилт судалгаа хийгдэж байна. Хэрэв энэ судалгаа маань амжилттай хэрэгжээд малын шөрмөсөөр мэс заслын шимэгддэг утас үйлдвэрлэж эхлэх юм бол нэгхэн жижиг үйлдвэрээс жилд гурван тэрбум төгрөгийн орлого тооцоо, судалгаа бий. Энэ мэтчилэн аж үйлдвэрийг өндөр технологиор хөгжүүлэх бодлого баримтлах цаг нь болсон. Ер нь үйлдвэрлэл хөгжсөн орны иргэд нь харц дээгүүр, бардам алхдаг. Монголчууд бид бүгдээрээ “бүтээгч ард түмэн” байх нь чухал гэж бодож явдаг шүү.
Аж үйлдвэрийн яам