Аймаг, сум болгон интернэтэд холбогдож байгаа өнөө үед аль болох олон мэдээллийг орон нутгийн сайтад тавьж иргэддээ танилцуулж байх нь чухал гэдгийг илтгэгч хэллээ. Төсвийн ил тод байдлыг судалж үзэхэд энэ талын мэдээлэл туйлын хангалтгүй байжээ. Энэ нь орон нутгийн удирдлагын арга барилын хоцрогдол, ил тод, нээлттэй байдалд хэрхэн хөшүүн хандаж байгаатай холбоотой тул засч залруулахад элдэв чирэгдэл, хөрөнгө мөнгө шаардлагагүй гэж илтгэгч дүгнэв. Орон нутгийн төсвийг батлагдахаас нь өмнө төсөл байдлаар нь иргэдэд танилцуулбал илүү үр дүнд хүрнэ гэдгийг Н.Дорждарь хэлсэн үгэндээ дурдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдоржийн хэлснээр мэдээлэлтэй байлгаж байж л орон нутгийн төсөв батлахад иргэдийн оролцоог хангах юм байна. Тухайлбал, сургуулийн дотуур байрны хүүхдийн хүнсийг бэлтгэхдээ хэнээс, ямар үнээр, ямар малын мах авах гэж байгааг ил зарлавал түүнээс илүү чанартай махыг хямд үнээр авах бололцоо гарч ирж болно гэж байсан юм. Аливаа мэдээлэлд иргэд ойрхон байсан цагт орон нутгийн удирдлагад иргэдийн оролцоог хангаж чадна гэж чуулганд оролцогчид үзэж байв.