УИХ-ын гишүүн, “Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Ж.Батзандан энэ сарын 14-нд “Нийгмийн хөгжилд залуусын оролцоо” сэдвээр “Ардчилсан хүчний холбоо”-ны залууст лекц уншлаа. Тус лекцийг АХХ-ны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулсан юм. Ж.Батзандан гишүүн уулзалтын эхэнд Харвардын их сургуулийн профессор, бизнесийн нэрт зөвлөх Стивен Ковейнгийн “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Стивен Ковей залуучуудтай уулзахдаа “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номынхоо талаар ярьж, сонирхолтой яриа өрнүүлдэг. Энэ талаар та бүхэнтэй хуваалцая. Энэ номонд 7 чухал зарчмыг онцолсон. Нэгдүгээрт зорилготой бай. Зорилго нь тодорхой байхыг чухалчилдаг. Яг юу хийж, юунд хүрэх гэж байгаа юм бэ гэж. Зорилго, зорилт тодорхой байх ёстой. Үүнийг дэлгэрүүлэхдээ ер нь хүн болгон өөрийн гэсэн үүрэг даалгавартай төрдөг юм. Магадгүй сайн багш байх гэж, том нээлт хийх гэж, нийгэмээ өөрчлөх гэж төрдөг гэж хэлдэг. Хүн бүр тодорхой зорилготой, зорилттой төрж байгаа. Хүн тэрийгээ л ол. Зорилгоо тодорхой болго. Зорилго нь тодорхойгүй хүн амжилтанд хүрсэн түүх энэ хорвоо дээр байхгүй. Үүнийг залуучууд тогтоож аваарай гэж хэлэх гэсэн юм. Амжилтад хүрсэн хүний хоёр дахь чанар юу юм бэ гэж. Энэ бол чадвар. Амжилтад хүрэхийг хүсч байгаа хүн заавал нэг чадвартай байх ёстой. Бусдыг удирдах чадвар ч байдаг юм уу, өөрийгөө сайн ойлгуулах гээд олон янзын чадвар хүнд байдаг. Хэрвээ чадваргүй бол тухайн чадвартай хүнийг өөртөө ажлуулах чадвартай байх ёстой гэж Стивен Ковей үздэг. Хүн бүгдийг чаддаг байх албагүй. Энэ бол амжилтад хүрсэн хүний хоёр дахь үндсэн шинж юм аа. Тэгэхээр би Монголынхоо бизнесийн салбарт амжилтад хүрсэн хүмүүсээс нэг жишээ авья. MCS группын захирал Ж.Оджаргал гэдэг хүн бол Монголд маш олон бүтээн байгуулалтыг хийж байна. Би энэ хүний танихгүй, уулзаж байгаагүй. Тухайлбал, дэлхийн хэмжээний цанын баазыг Монголдоо байгуулсанд би баярладаг. Дэлхийн хэмжээний нүүрс угаах үйлдвэрийг Монголдоо байгууллаа. Өөрөөр хэлбэл MCS гэдэг компани Монголд олон зүйл бүтээж байна гэж харж байгаа. Мэдээж тэр компанитай холбоотой сайн, муу яриа зөндөөн байдаг байх. Тэр нь хамаагүй. Ийм бүтээлж хүмүүс их байгаа. Мөн Х.Баттулга гишүүн олон том урлагийн бүтээлүүдийг хийлгэж байна. Монголдоо хамгийн том Майдар бурхныг бүтээлгэсэн. Чингис хааны хамгийн том урлагийн бүтээл Х.Баттулга гишүүний санаачлагаар хийгдсэн байгаа. Гэх мэтчилэн амжилттай яваа, амжилтад хүрсэн хүмүүс тодорхой зорилготой, чадвартай хүмүүс байгаа юм.
Гуравдугаарт, амжилтад хүрсэн хүмүүс юу нь буруу вэ, аль нь зөв бэ гэдгийг ялгах ухаантай байх ёстой. Зөв зүйлийг буруу, муу аргаар хийх боломжгүй. Магадгүй хийж болох ч богино хугацаанд нуран унадаг гэж байгаа юм. Зөв зүйлийн төлөө зүтгэж чаддаг хүн л амжилтад хүрнэ. Дөрөвдүгээр амжилтад хүрсэн хүн ирээдүйдээ итгэлтэй байдаг. Хэзээ ч бууж өгөх тухай боддоггүй. Бууж өгөхийг мэддэгүй. Тавдугаарт амжилтад хүрэх хүн хаа хүрэхээ мэддэг байх ёстой. Их амжилтанд хүрье гэвэл том зүйл рүү орох ёстой. Том загас барья гэвэл жижиг нуур луу биш далай тэнгис рүү явах ёстой. Амжилтанд хүрсэн хүний зургаа дахь чанар бол шударга чанар. Ер нь амжилтад хүрсэн хүмүүс шударга, нээлттэй байдаг. Зарим хүмүүс амжилтад хүрчихээд унасан шалтгаан нь шударга бус байсан, хууль бус үйлдэл хийсэн, залилан хийсэн байдаг. Тэгэхээр ийм хүмүүс амжилтад хүрээд унадаг. Дэлхий дээр амжилтад хүрсэн хүмүүсийн олонх нь шударга ёсыг үндсэн чанараа болгож явсан. Худлаа хэлж, хулгай хийж, шударга бус явсан хүн амжилтад хүрсэн түүх энэ хорвоо дээр нэг ч байхгүй. Хамгийн сүүлийн гол чанар бол өөртөө итгэлтэй байдал чухал юм. Ихэнх хүмүүс өөрийнхөө мөрөөдлийг ярихад ихэнх хүмүүс “За энэ чинь бүтэхгүй” гэж ярьдаг. Эргэлздэг гэсэн үг. Амжилтад хүрсэн хүн бол эргэлцэхгүйгээр эхлүүлдэг. Эхлүүлсэн ажлаа эцэс хүртэл нь авч явдаг. Өөртөө итгэх итгэл нь хангалттай бий болсон байдаг. Энэ долоон чанар бол амжилтад хүрэхэд гол баримтлах чанар юм” гэсэн юм.
Мөн тэрээр залуус нийгэмийн хөгжилд хэрхэн оролцох, мэргэжлийн улс төр, залуучуудын хөгжлийн талаар нээлттэй ярилцлаа. “Залуус амжилтын төлөө тэмцэх ёстой. Хаана, хэний хүү болж төрсөн нь хамаагүй. Хаа хүрэх хүсэл мөрөөдөл л чухал юм. Зүгээр суусан хүн, зүгээр л ялагддаг. Тэмцэж явсан хүн амжилтад хүрдэг” гэв. АХХ-ны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж буй тус лекц сар бүр зохион байгуулагдах юм.