-Азийн аваргын эмэгтэйчүүдийн ангилалд IV байр эзэлсэн Б.Мөнхзаяа “Рио-2016” олимпийн наадамд оролцох болзлыг биелүүлжээ-
Марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 25-ны өдөр Хонгконгт боллоо. XV удаагийн тус тэмцээнд 11 улсын шилдэг тамирчид өрсөлдсөнөөс манай улсаас дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор хоёр тамирчин оролцсон юм. Эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зайд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны “Аврах” тусгай ангийн тамирчин, ҮБТДС-ийн оюутан Ж.Олонбаяр 2.22.49 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хороо, “Бодь” даатгал, ҮБТДС-ийн оюутан ОУХМ Б.Мөнхзаяа IV байрт орсон. Гэхдээ тэрээр медалийн оосроос атгаад алдсан ч 42 км 195 метрийн зайг 2.38.43 цагт туулж, улсынхаа рекордыг шинэчлэн тогтоогоод зогсохгүй “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцох болзлыг хангасан байна.
Ингээд ОУХМ Баярцогтын Мөнхзаяатай ярилцлаа.
-Юуны өмнө Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхийн нормативийг биелүүлсэнд баяр хүргэе. “Лондон-2012” олимпийн наадмын анхны эрхийг Гавьяат тамирчин Б.Сэр-Од авч байсныг санаж байна. Үнэхээр хөнгөн атлетикийн тамирчдын хувьд олимпийн наадмыг эрхийг хагалдаг түүхтэй болжээ.
-Баярлалаа. Марафоны Азийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд 2015 оны тэмцээн нэгдүгээр сарын 15-д Хонгконгт боллоо. Тус тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн онд үзүүлж байсан амжилтаараа авсан. Энэ оны Азийн аваргад 11 орны шилдэг тамирчид оролцсон. Тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Нийт 40-өөд тамирчин оролцсон. Азийн 11 улсын шилдгүүдээс БНАСАУ-ын хоёр тамирчин эхний хоёр байрт орсон бол Казахстаны эмэгтэй хүрэл медаль хүртсэн. Би 2.43.00 цагийн амжилтаар IV байрт шалгарлаа. Хэдийгээр Азийн аваргын медалийн оосроос атгаад алдсан ч Монгол Улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож, олимпийн наадамд оролцох эрхийн нормативийг биелүүллээ. Түрүүлсэн БНАСАУ-ын Ким Хе Гёнгийн хувьд 2013 оны ДАШТ-д VIII, 2014 оны Азийн наадамд VII байр эзэлж байсан шилдэг тамирчин байсан.
-Азийн аваргын медалиас атгаад алдсан ч олимпийн наадмын эрхийн болзлыг хангажээ. Олимпийн наадмын эрхийн тухайд?
-Олимпийн их наадмын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд 2.43.00 цагаас дотогш амжилтыг үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй байдаг. Тухайн үед барианд орж ирээд медалиас атгаад алдчихлаа даа гэж бодогдож байсан. Гэтэл цагаа хараад үнэхээр гайхсан даа. Замын хувьд хүнд өгсүүр, уруу их хүнд байсан. Гэтэл 42 км 195 метрийг 2 цаг 38 миунт 43 секундын амжилттай туулж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхийн болзлыг хангалаа. Олимпийн наадамд орохын тулд “В” норматив болох 2.43.00 цагаас дотогш гүйх ёстой. Энэ боломжийг биелүүлж чадлаа. Багш бид бүгд л их баярласан улс байсан даа. Дээр нь Ж.Олонбаяр хүрэл медаль хүртээд. Бусад орны тамирчид, багш дасгалжуулагч бидэнд маш их баяр хүргэж байсан. Монголчууд та нар үнэхээр хүчтэй болсон байна гэхийг олон хүнээс сонсоход сайхан байсан. Б.Төрбат багш дээр маш олон хүн очиж баяр хүргэж байсан. Тухайн үед багшдаа их л талархаж байлаа. Бидний энэ амжилт багш нарын маань хөдөлмөртэй зайлшгүй холбоотой шүү дээ. Одоо бодоход тэр агшин үнэхээр гоё байжээ.
-Таны хувьд “В” нормативийг биелүүлж, “Рио-2016” олимпийн наадмыг болзлыг хангасан. Энэхүү эрхийг хэзээ баталгаажуулах вэ? Мөн “А” нормативийг биелүүлэхээр зорьж байгаа гэсэн.
-Азийн аваргын тэмцээн бол Олон улсын хөнгөн атлетикийн холбооны бүртгэлтэй тэмцээн юм. Тиймээс Хонгконгт болсон тэмцээн албан ёсны бүртгэлд орсон гэсэн үг. Ирэх наймдугаар сард болох ДАШТ-ий дараа олимпийн эрхийн болзлыг хэдэн улсын тамирчин хангасан талаар мэдээллийг гаргах юм. Тэр болтол бусад тэмцээн уралдааны дүн бүртгэгдээд явна. Миний хувьд саяын Азийн аваргаас “В” нормативийг биелүүлсэн учир одоогоор манай улс нэг эрхийг аваад байна. Одоо олимпийн наадмын “А” нормативийн цагийн амжилтыг биелүүлэхээр зорьж байна. Хэрвээ “А” нормативийг биелүүлбэл дахин нэг эрхийг улсад нь өгдөг. Тиймээс энэ эрхийг авахын төлөө улам их хичээх болно.
-Хөнгөн атлетикийн тамирчдын хувьд тусгай бэлтгэлийн зам байдаггүй. Та бүхэн Монголдоо бэлтгэл хийхэд хэр хүндрэлтэй байна вэ? Азийн аваргын бэлтгэлээ Хөх хотод үргэлжлүүлж хийсэн гэсэн.
-Азийн аваргын бэлтгэлээ өнгөрсөн оны сүүлээр эхлүүлсэн. Азийн наадмын тоглолтын дараа Азийн аваргын бэлтгэлдээ орсондоо. Оны төгсгөл хүртэл Улаанбаатар хотод бэлтгэлээ хийж байгаад Хөх хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Тэнд хийсэн бэлтгэл сургуулилалт их үр дүнгээ өглөө. Биднийг бэлтгэл хийж байх үед Хөх хотод их дулаан байсан. Тухайн үед өдөртөө -7-10 хэмийн хүйтэн байсан нь гадна талбайд бэлтгэл хийхэд хүндрэлтэй байгаагүй.
-Таны хувьд өнгөрсөн онд БНСУ-д болсон Азийн наадамд оролцсон шүү дээ. Одоо 22 настай гэхэд Олон улсын томоохон туршлагтай болжээ. Мөн дэлхийн болон олимпийн наадамд улсаа төлөөлж байсан ОУХМ Б.Отгонбаярын амжилтыг олон удаа эвдлээ.
-Энэ удаагийн марафоны Азийн аваргын тэмцээн бол миний дөрөв дэх Олон улсын тэмцээн юм. Өнгөрсөн оны есдүгээр сард БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн наадамд оролцож, 5000 м, 1000 м-т улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон. Мөн энэ онд Хонгконгт ОУХМ Л.Отгонбаяр эгчийн 2012 онд тогтоож байсан 2.39.47 цагийн амжилтыг ахиуллаа. Улсынхаа шилдэг тамирчин, залуу хойч үедээ үлгэр дууриалал болсон эгчийнхээ амжилтыг ахиулж яваадаа баяртай байна. Бид бүхэн түүний амжилтаар бахархах ёстой.
-Энэ оны ДАШТ манай урд хөршид болно. Таны хувьд ДАШТ-д оролцох эрхээ өнгөрсөн онд биелүүлсэн байна.
-Хөнгөн атлетикийн ДАШТ хоёр жилд нэг удаа болдог. XIV удаагийн ДАШТ манай хойд хөршид болсон бол XV удаагийнх өмнөд хөршид болох гэж байна. Бээжинд ирэх наймдугаар сарын 22-30-ны өдрүүдэд ДАШТ болох юм. Би 2015 оны ДАШТ оролцох эрхээ өнгөрсөн онд биелүүлсэн. Харин энэ удаагийн Азийн аваргад тэр амжилтаа ахиулж “Рио-2016” олимпийн эрхийг авчихлаа. Амжилтууд маань ахиж байгаад баяртай байна.
-Анхны тэмцээн, анхны медаль гээд дурсамжыг эргэн санахад сайхан. Мөн анхны багшийн зөвлөмж өнөөдрийн амжилттай чинь салшгүй холбоотой.
-Хөнгөнатлетикийн спортоор 2011 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. Тухайн жилдээ өсвөрийн улсын аваргын 3000 м, 5000 м- т уралдаж, хошой мөнгөн медаль авч урам орж, улам их хичээх болсон доо. Тэр үед Дорнод аймгаас оролцож байсан. Анхны багш маань Г.Сүхбаатар, Б.Батхүү гээд манай аймгийн нэртэй багш нар минь бий. Тэгээд ҮБТДС-ийн оюутан болж, 2013 оноос Б.Төрбат багшийн удирдлагад бэлтгэл, сургуулилалтаа хийж байна.
-Оны анхны тэмцээндээ томоохон амжилтыг үзүүллээ. Дараагийн тэмцээн уралдааны тухайд?
-Ирэх гурав, дөрөвдүгээр сард хоёр томоохон Олон улсын марафонд оролцох юм. Эдгээр тэмцээн БНХАУ, БНАСАУ-д болно. Үүний дараа дотоодын олон тэмцээн бий. Мэдээж гол хамгийн том тэмцээн бол Бээжинд болох ДАШТ юм.
-Олон улсын тэмцээнд оролцоход замын зардлаас эхлүүлээд тамирчдын хувьд бэрхшээл их бий.
-Азийн аваргад явахад маш их тусалсан “Бодь” даатгал, “Алдар” спорт хорооны хамт олондоо маш их талархаж байна. Мөн биднийг Хөх хотод хийх бэлтгэл сургуулилалтыг хийх боломжийг нээж өгсөн Монголын хөнгөн атлетикийн холбооныхондоо энэ дашрамд талархснаа илэрхийлж байна. Байнга тусалж, дэмждэг та бүхэндээ баярлалаа. Улам их амжилтын төлөө, Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд гаргахын тулд хичээх болно.
Марафон гүйлтийн АЗИЙН АВАРГЫН АМЖИЛТ:
Эрэгтэй:
2008 онд ОУХМ, Гавьяат тамирчин Б.Сэр-Од – мөнгөн медаль
2013 онд ОУХМ, Гавьяат тамирчин Б.Сэр-Од – алтан медаль
2015 онд спортын мастер Ж.Олонбаяр – хүрэл медаль
Эмэгтэй:
2015 он ОУХМ Б.Мөнхзаяа – IV байр
Ч.БОЛОРЧУЛУУН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин