Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нийгэмд багагүй хүлээлт үүсгээд байна. Тэр хууль л батлагдчихвал нууц далд байсан хөрөнгө мөнгө ил гарч, эдийн засаг сэргээд ирнэ гэсэн итгэл дээр дооргүй байна. Тиймээс ч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д хоёронтаа өргөн барилаа. Хууль зүйн яамны өлгийдсөн уг хуулийг өмнө нь 2014 оны зургадугаар сард өргөн барьж байжээ. Харин хоёр дахь удаад энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өргөн барихдаа Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлтэй бүл нэмэн орж ирсэн юм. Эдгээр хуулийг УИХ-аар баталсан нөхцөлд нуугдмал орлогууд ил болж, татварын бааз суурь өргөжинө, баялаг бүтээгчид айдас хүйдэсгүйгээр ижил гараанаас өрсөлдөх бололцоо бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж байгаа юм.
Эдийн засагт ил тод байдлыг нэвтрүүлж, хөрөнгө мөнгөө далд нуусан хүмүүст өршөөл үзүүлсэн туршлага манайд бий. 2008 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх тухай, 2008 оны нэгдүгээр сарын 21-нээс Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан хэрэгжүүлж байсан юм. Дээрх хуулийн дагуу 2856 аж ахуйн нэгж, 5000 гаруй иргэд өршөөлд хамрагдан дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө буюу тухайн үеийн Монгол улсын төсвийг бараг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний хөрөнгө ил болсон гэж МҮХАҮТ-аас мэдээлжээ. 2856 аж ахуйн нэгж гэдэг нь тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн дөнгөж хоёр хувь нь байсан. Үлдсэн 98 хувь орлогын тэгш хуваарилалтад хамрагдах боломж олдоогүй гэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг яаравчлуулах нэг шалтгаан болгон зарим нь тайлбарлаж байна.
Энэ удаагийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд баялаг бүтээгч хувийн хэвшлийнхнийг төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтнууд, агентлагийн дарга нарыг хамруулахаар заасан байгаа юм. Эдгээр албан тушаалтан нь хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-тээ зарим хөрөнгөө мэдүүлээгүй орхигдуулсан бол хариуцлага тооцохгүй байхаар заажээ. Гадаад улсад байгаа нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бусад орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд мөн адил хамаарахаар заажээ. Төрийн албан хаагчид ХОМ-ээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлж өгдөгийн дээр аж ахуйн нэгжүүдийн жилийн эцсийн тайлан мэдээ ч яг одоо гарч байгаа. Үүнтэй уялдуулан харвал Эдийн засгийн ил тод байдлын хууль хэзээ мөдгүй батлагдах магадлалтай гэж харж буй хүн ч байна. Цагаан сарын наана л батлах болов уу гэсэн таамаг байгаа юм.
Хууль гарснаар эерэг нөлөөлөл олон бий гэдэгтэй маргах гэсэнгүй. Харин хууль төрөхийн өмнө хуулийг хэлэлцэн батлах эрхэм түшээдийг анзаараасай гэж сануулахаас аргагүй зарим зүйл заалт байгааг дуулгая. Хуулийн төслийг анх УИХ-д өргөн барьсан үеэс зарим ТББ ажиглалт хийжээ. “Ил тод байдал сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав хэлэхдээ “Өмнөх хуулийн төсөлд нэгэн ноцтой гэж хэлж болох заалт байсан. Энэ бол хуулийн 6.4 дүгээр заалт юм. …Энэ хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож, шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан хувь хүн, хуулийн этгээдийн ийнхүү гаргаснаас өмнөх хугацааны буюу 2009 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны тайлан, баланс, 2006-2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана” гэсэн заалт байсан. Хуулийн хоёр дахь төсөлд “устгана” гэдэг үгийг авсан нь сайн хэрэг. Эс тэгвээс манай улсын эдийн засагтай холбоотой хэсэг хугацааны баримт материал тэр чигтээ устах байсан” гэж тайлбарлаж байлаа. Үнэхээр ч санхүүгийн баримт материалыг хууль батлах бүртээ баллуурдаж устгах нь хэнд ашигтай, хэний эрх ашгийг хамгаалсан хэрэг болох вэ.
Өршөөлд хамруулсан аж ахуйн нэгж, албан тушаалтны мэдээллийг ил тод гаргахаас цааргалах шалтгаан юу билээ. Өршөөлд хамрагдсан аж ахуйн нэгжийн талаарх бүхий л мэдээллийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглолно гэжээ. Хуулийн 6.3 дугаар зүйлд “…нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө хэвлэн нийтэлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг тус тус хориглоно” гэж тодоос тод бичжээ. Энэхүү заалтыг зөрчих юм бол 5-50 сая төгрөгийн торгууль ногдуулна гэсэн заалтыг хоёр дахь төсөлдөө ч хэвээр үлдээсэн нь зөвхөн хэвлэлийнхний амыг хаахыг оролдсон гэхээсээ иргэдийн мэдэх эрхийг хаан боогдуулсан хэрэг болжээ.
Урьд нь 2007-2008 оны өршөөлд хамрагдсан 2856 компани ямар компаниуд байсныг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Эдгээр компанийн мэдээлэл Сангийн яаманд байдаг гэх ч өнөөг хүртэл дэлгэсэн нь үгүй. Нууцлах нэрээр устгачихсан юм биш биз гэсэн хардлага төрнө. Устгаагүй юм гэхэд нууцлах хугацааг тодорхойлох шаардлагатай санагдана. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэсэн жишиг бий. Тэр нь богинодоод байх аваас 10, 20 жилийн дараа өнөөдрийн нууц хэдийнээ нууц биш болчихсон байх биш үү.
Бас нэгэн зүйл анхаарал татаж байгаа нь хуулийн 4.5 дахь заалт. “Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгууль энэ хуульд хамаарахгүй”. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн их хүлээж буй өршөөл бол энэ. Хямралын жилтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд асар идэвхтэй ажиллаж, өчүүхэн алдааг ч андахгүй хүү торгууль ногдуулж, алданги тооцчихсон байгаа. Хүүнээс хүү бодуулсаар өр зээлээ дийлэхгүйд хүрч, компаниа дампууруулахдаа тулсан аж ахуй нэгж хэдэн зуугаар тоологдож мэднэ. Ийм л хүнд байдалд орсон хүмүүстээ өршөөл үзүүлж, цааш хөдлөх хүч өгөхгүй бол тодорхой хүрээнийхэнд үйлчлэх зорилготой хууль болж харагдаад байгаа юм. Хуулийн үзэл баримтлалд дурдсан “Баялаг бүтээгчид айдас хүйдэсгүйгээр ижил гараанаас өрсөлдөх бололцоо бүрдэнэ” гэсэн тодорхойлолт тунхаг төдий л үлдэж мэдэх нь. Казакстан улсад эдийн засгийн өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхдээ жижиг дунд үйлдвэрлэл, бага буурай аж ахуйн нэгжүүдэд хаягласны дээр гадаадад нуун дарагдуулсан хөрөнгөө эх орон руугаа татсан их гарын бизнесменүүд нь нуусан орлогынхоо 10 хувийг улсынхаа төсөвт төвлөрүүлсэн туршлага байдаг ажээ.
Нөгөөтэйгүүр өмнө нь өршөөгдөж байсан компаниуд дахин хамрагдах уу, өнөөг хүртэл олсон орлогоосоо татвар тайлангаа шударгаар мэдүүлж, өр зээл, элдэв будилаангүйгээр явж ирсэн сайн түүхтэй компаниудад зориулсан өөр төрлийн урамшуулал бий юү гэхчилэн асуултуудад хариулт алга. Өршөөж болно, өршөөсөн хэрээр эдийн засаг тэлж, бүртгэлжилт сайжирч ч болно. Гагцхүү хэн хэрхэн өршөөлд хамрагдав гэдэг нь ил тод, иргэдэд нээлттэй байх ёстой юм биш үү. Өршөөл зөвхөн акулуудад хамаатай, жараахайнуудад хамаагүй гэвэл жижиг дундууд маань цөөрмөөсөө гарч чадахгүй, их далайд сэлэхийг мөрөөдсөөр дуусах хэрэг үү.
Д.ЦЭЭНЭ