-Монголжин охины баярт мэдээ бидэнд шинэ ирээдүйг бэлэглэж байна. Монголчууд бид “Хүн нэмбэл хүнс нэмнэ” хэмээн бэлгэшээн ярьдаг ард түмэн. Хүн нэмнэ гэдэг хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрлөх, бүх хүнд хүрэлцэх баялаг бүтээх шаардлагатай-
1980-аад онд хуучнаар ЗХУ-д оюутан байхад монголчууд бид 1.500 мянган хавтгай дөрвөлжин км газартай, хүн ам бас 1.500 мянга хэмээн гадныханд хэлэхээр нэг хавтгай дөрвөлжин км газарт нэг хүн оногдож байгаад атаархдагсан. Тэгвэл түүнээс хойш 30 хүрэхгүй жилийн дотор монголчууд бид хоёр дахин өсч, гурван сая дахь иргэнээ хүлээн авч, нэг хавтгай дөрвөлжин км газарт хоёр хүн ногдох боллоо. Өнгөрсөн жилээс монголчууд бид удахгүй гурван саяулаа болно гэсэн тооцоог хийж, шинэ хүнээ хүлээн авахад ёслол төгөлдөр бэлдсэн.
Тэр сайхан өдөр өнгөрсөн Лхагва гаригт тохиолоо. Монгол Улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин бүртгэгдсэн. Залуу гэр бүлийн анхны үр болон мэндэлсэн хувьтай энэ охинд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголжин хэмээх нэрийг хайрласан билээ.
Гурван сая дахь иргэнийг үнэн зөв тодруулах ажлыг Үндэсний статистикийн хороо хариуцан гүйцэтгэсэн. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы сэтгүүлчдэд мэдээлснээр төрөлтийн статистик мэдээлэл сум, аймгийн эмнэлгүүдээс аймгийн статистикийн хэлтэст, Эрүүл мэндийн газраар дамжуулан Үндэсний статистикийн хорооны комисст ирж байжээ. Мөн Улаанбаатар хотын дөрвөн том төрөх, хувийн дөрвөн төрөхөөс мэдээллийг өдөр тутам авч байсан байна. Нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн өдөрт хоёр удаа 12 цагийн давтамжтайгаар мэдээллээ цуглуулж эхэлжээ. Гурван сая дахь иргэнийг тодруулахад гадаадад амьдарч байгаа иргэдийн шинээр мэндэлсэн хүүхдийн мэдээллийг мөн багтаасан. Тухайн гэр бүлийн оршин суугаа орны Консулын газар, Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан, УБЕГ-тай хамтарч авах ажлыг зохион байгууллаа. Засгийн газраас баталсан журмын дагуу гурван сая дахь иргэнийг тооцох, төрөлт, нас баралтын тооцоо, мөн Гадаадын иргэн харьяатын газрын шилжилтийн мэдээлэл гэх энэ бүх үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцсоны үр дүнд Монгол Улсын хүн ам 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гурван саяд хүрсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нэгдүгээр сарын 24-ний өдөр билгийн тооллоор билэгт сайд өдөр байсан бөгөөд энэ өдөр Монгол Улс шинээр 181 иргэнийг бүртгэн авсаны гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрсөн байна. Гурван сая дахь иргэнийг Монгол Улсын Засгийн газар 70 сая төгрөгөөр урамшуулахааа зарласан. Харин Монгожин охины чацуутнуудыг тус бүрийг нь гурван сая төгрөгөөр мялаах юм.
Монголжин охины баярт мэдээ бидэнд шинэ ирээдүйг бэлэглэж байна. Монголчууд бид “Хүн нэмбэл хүнс нэмнэ” хэмээн бэлгэшээн ярьдаг ард түмэн. Хүн нэмнэ гэдэг хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрлөх, бүх хүнд хүрэлцэх баялаг бүтээх шаардлагатай. Үйлдвэрээс гарч байгаа талхыг идэх, оёдлоос гарч байгаа хувцсыг өмсөх, үйлдвэрлэж байгаа цахилгаан дулааныг хэрэглэх, сурч боловсроод улс орондоо баялаг бүтээх хүний тоо нэмэгдэж байна гэсэн үг. Тийм учраас Монголжин охин болон түүний чацуутнуудын баярт мэдээг бид чухам энэ өнцгөөс хүлээн авч ирээдүйгээ өөдрөгөөр харах итгэл хайрлаж байгаа юм.
Монгол Улс 1962 онд нэг сая дахь иргэнээ, 1988 онд хоёр сая дахь иргэнээ бүртгэн авч байжээ. Сонирхуулахад, хоёр сая дахь иргэнд Аззаяа хэмээн нэр хайрласан бол гурван сая дахь иргэний ээжийг Аззаяа гэдэг юм байна.
Д.НАРАНТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин