“Шүхэрт хувьсгал” гэж алдаршсан ардчиллын төлөөх олон мянган хонгконгчуудын жагсаал өнөөдөр /II.2/ дахин эхлэх гэнэ. Зохион байгуулагчдын нэг Дэйси Чаны мэдээлснээр ням гаригийн /II.1/ үдэд эхлэх ардчилсан хөдөлгөөний жагсаалд 50 мянган хүн оролцох аж. Хонгконгод бүтэн хоёр сарын турш үргэлжилсэн гудамжны суулт, жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сард хууль хүчнийхний шахалтаар өндөрлөсөн билээ. Хонгконгийн цагдаа нар өнгөрсөн арванхоёрдугаар сард 200 гаруй хүнийг баривчилж, жагсагчдын хаалт, хашлагыг хүчээр хурааснаар төвийн дүүргүүдийг чөлөөлсөн юм. Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардсан Хонгконгийн оюутан, залуус өнгөрсөн есдүгээр сард гудамжинд жагсаж, суулт хийснээр “шүхэрт хувьсгал”-ыг эхлүүлжээ. Хонгконгийн цагдаа нар перц, нулимс асгаруулагч хий ашигласны эсрэг жагсагчид шүхрээр халхавч хийснээр “шүхэрт хувьсгал” гэх нэрийг авсан билээ.
Хонгконгийн “шүхэрт хувьсгал” нь 1989 оны Бээжингийн төв Тян Ань Миний талбайн цуст бослогоос хойшхи Бээжингийн удирдлагын эсрэг том сорилт хэмээгдэж буй. Хонгконг нь “нэг улс хоёр систем” бодлого дор Хятадын тусгай захиргааны бүс билээ. Хонгконгчууд удирдлагаа бие даан сонгохыг хүсч, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардан тэмцэж байна. Гэвч Хятадын эрх баригчид ирэх 2017 оны сонгуульд Хонгконгийн удирдлагад нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тулгаж байгаа юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse