Украины Засгийн газрын арми болон зүүн хязгаарын салан тусгаарлагчдын хоорондох тулаанаар өчигдөр /I.31/ 40 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж бэртжээ. Украины албаныхны мэдээлснээр тулаанд 15 цэрэг, 12 энгийн иргэн амь үрэгдсэн гэнэ. Харин Оросыг дэмжигч босогчдын талаас 13 хүн амь үрэгдсэн аж. Түүнчлэн Украины салан тусгаарлагчид Донецк мужийн Углегорск хотыг эзэлж, Дебальцево хотыг бүсэлсэн хэмээн мэдэгдсэн байна. Гэвч Укрианы эрх баригчид үүнийг үгүйсгэжээ. Украины салан тусгаарлагчид Дебальцево хотноо Киевийн армийн 8000 орчим цэргийг бүслэлтэнд авсан хэмээн мэтгэжээ.
Үүний зэрэгцээ Украинд гал зогсоох асуудлаарх Беларусын Минск хотноо болсон яаралтай уулзалт, хэлэлцээ амжилтгүй болжээ. Энэ уулзалтанд Украины экс ерөнхийлөгч Леонид Кучма Киевийн Засгийн газрын төлөөлөгчөөр оролцсон аж. Өмнөх өнгөрсөн есдүгээр сарын Минскийн уулзалтаар Украины сөргөлдөгч талууд гал зогсоох гэрээ байгуулсан боловч удаан хэрэгжээгүй юм.
Киевт засаг солигдсоны дараа өнгөрсөн гуравдугаар сард Крымын хойг Украинаас ОХУ-д нэгдсэн юм. Түүнчлэн Крымын араас Украины зүүн хязгаарт үймээн дэгдэж, Киевээс салж, Кремьд нэгдэхээр тэмцэж эхэлжээ. Украины зүүн хязгаарт зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 5000 гаруй хүн амь үрэгдэж, 1.2 сая хүн дүрвэжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС