Газар чөлөөлөлт ирэх сараас эхлэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Газар чөлөөлөлт ирэх сараас эхлэх гэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Очирбат нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоо, 14 хороонд орон сууц барих болсонтой холбоотойгоор газар чөлөөлөлт ямар байгааг сонирхсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд хэлэхдээ “Гурван долоо хоногийн өмнө энэ ажлыг гардах ажлын хэсгийг байгуулсан. Нэр дурдсан хороод дээр газар чөлөөлөх ажил эхлээгүй байгаа. Хуулиараа тавдугаар сарын 20 хүртэлх хугацаанд иргэнийг газраас нь нүүлгэх, шилжүүлэх ажлыг хориглосон байдаг учраас ирэх зургадугаар сараас газар чөлөөлөх ажил эрчимжинэ” гэсэн хариулт өглөө.

Мөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын хэлснээр Засгийн газрын зүгээс барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа аж. Тэр дундаа цемент, бетон үйлдвэрлэлийг дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол орон сууцны үнэ буурах боломж бүрдэх гэнэ. Одоо бол Монгол Улс барилгын материалыг ихэвчлэн урд хөршөөс татдаг. Үүнээс болж  барилгын материалын үнэ өсдөг. Эцсийн дүндээ энэ нь орон сууцны үнийг хөөрөгдөх бас нэг шалтгаан болж буй ажээ.

Асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж үг хэллээ. Тэрбээр “Бусад хөтөлбөрүүдтэй харьцуулахад энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Тэр дундаа авто зам, төмөр зам барих ажил, эрчим хүчний шугам сүлжээ байгуулах, орон сууц шинээр барих зэрэг ажлууд эрчимтэй явж байгаа ч хөдөөгийн хөгжил үндсэндээ орхигдсоныг анхаарууллаа. Хөдөөгийн хөгжилд анхаарахгүйгээр шилжилт хөдөлгөөн саарахгүй тул Засгийн газар энэ тал дээр тусгай хөтөлбөр боловсруулан ажиллах хэрэгтэй гэв. Учир нь орон нутаг бүр өөр өөрсдийн орон нутгаа хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан байдаг ч тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэл муутай, бие биенээ үгүйсгэсэн агуулгатай байгаа тул эдгээрийг зангидах хэрэгтэй гэсэн юм.

Ингэснээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ерөнхий сайд С.батболдод хандан тавьсан  асуулгын хариуг сонсч дууслаа. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Түүнд төрийн албан хаагчид болоод иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргахаар төлөвлөсөн бондын асуудал багтаж буй юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж