Нуруу эрүүл бол залуу харагдана

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Нуруу эрүүл бол залуу харагдана

фото:shutterstock

Нуруу нь хэдийчинээ эрүүл байна хүн төдий чинээ залуу харагддаг гэж биеийн тамирын анхдагч Бернар Макфаден ярьдаг байжээ. Тухайн хүн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй нуруугаа бэхжүүлж сунгаснаар 30 насаар залуужина гэж тэр үздэг байж. Ер нь бол ямар ч нурууны бат бэх нь хүний амьдралынхаа турш үүрсэн ачаанаас гадна бүтцээсээ хамаардаг байна. Нуруунд кальци, фосфор, магни, марганец гэсэн ердийн эрдэс бодис нэн түрүүнд шаардлагатай байдаг ажээ. Кальци нь ясны үндсэн бүрдүүлэгч бөгөөд араг ясны системийн 90 хувь нь кальци байдаг. Зөвхөн ясанд гэлтгүй бусад эд эс эрхтэнд ч кальци онцгой үүрэгтэй. Цусанд кальци дутагдалтайн шинж тэмдэг нь мэдрэлийн цочмог сэрэлт бөгөөд энэ эмгэг  бага насны хүүхдэд илүү ажиглагддаг. Организмд кальци дутагдвал хумсаа мэрэх, гар хөлөө савчих, уур уцаартай болох зэргээр илэрдэг аж. Аз болоход кальци байгалийн эх булаг ихтэйгээс гадна хүнсний бүтээгдэхүүн бүрт кальци бий. Элэг, бөөр, зүрх, өндөг, эрдэнэ шошийн бүдүүн тээрэмдэлтэй гурил, овъёос, шар будаа, бөөрөнхий байцаа, самар, өнгөт байцаа, салатны ногоо, лууван, өргөст хэмх, жүрж, үзэм, хатаасан чавга зэрэг нь кальци ихтэй.

Фосфор нь ясны эрүүл систем, бодисын солилцооны тэнцвэржилтэд шаардлагатай. Фосфорын байгалийн эх үүсвэр нь амьтны дотор эрхтнүүд, хэл, загасны мах, загасны тос, натураль бяслаг, шар буурцаг, бууцай, өргөст хэмх, байцаа, вандуй, салат, үр тариа, улаан буудай, хивэг зэрэг болдог.

Магни нь ясыг  сийрэгжихээс хамгаална. Шошийн төрөл, вандуй,  өргөст хэмх, түүхий бууцай, авокадо жимс, хивэг, бүтэн үр тариа самар, наранцэцгийн самар, зөгийн бал, үзэм, хар чавга магни ихтэй.

Марганец нь цуснаас хүчилтөрөгчийг эсүүдэд хүргэдэг. Тэр нь нурууны ясны хоорондын мөгөөрсөнд тустай. Учир нь мөгөөрс цусны шууд эргэлтгүй. Элэг амьтны дотор эрхтнүүд, өндөгний шар, натураль бяслаг, далайн ургамал, төмс түүний хальс, салат, буурцаг, сонгино, вандуй, бүх төрлийн шош, эрдэнэ шошыг гурил буюу хэвэг, газрын самар, хушга, жимснээс гадил зэрэгт марганец арвин.

Эрдэс бодисоос гарна нуруунд амин дэмүүд чухал. Нэн ялангуяа, А, С, D амин дэмүүд маш чухал. В группын амин дэмүүд нь нугас, мэдрэлийн системд тустай бол А, D амин дэмүүд нь кальци, фосфор зэрэг нь мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг дэмждэг. А, D амин дэмийн дутагдалтай хүмүүсийн яс сийрэгжих нь амархан байдаг. А амин дэмээр баялаг бүтээгдэхүүн нь  лууван, амтат гуа, шар хулуу, тоор, шинэ өндөг, амьтны ба загасны элэг зэрэг болно.

D амин дэм ихтэй хүнсэнд загасны элэг, хурц биш өөх тос, шинэ өндөг, сүү, цөцгийн тос зэргийг нэрлэж байна. Өдөр бүр наранд бага ч гэсэн шарж байвал энэ амин дэми организмд нөөцөлж байдаг. Нар бол  D амин дэмийн байгалийн эх  булаг нь юм.

С амин дэм нь эсийн ястай холбодог коллаген гэх нэгдлийг тэжээдэг. Организмын амин чухал элемент юм. Түүнгүйгээр организм оршин тогтнож чадахгүй. Жимс, жүржүүд, ногоон навчнууд, байцаа, амтат чинжүү нь С амин дэмээр баялаг. Эдгээр бүтээгдэхүүнийг түүхийгээр нь хэрэглэх нь зөв. Учир нь С амин дэм халаалтаар задардаг. С амин дэм хүний биед хуримтлагддаггүй учир түүнийг өдөр бүр хэрэглэх ёстой.

Амин дэм В1 (тиамин) нь мэдрэлийн эд эс, булчин шөрмөс, зүрхний хэвийн ажиллагаанд шаардлагатай. В амин дэмийн дутагдал нь уур уцаартай болох, нойр муудах, бие сулрах, сэтгэлийн дарамтад орох, хоолонд дургүй болох, жин хасагдах зэргээр илэрдэг. Амин дэм В2 (рибофлавин) нь организмын ерөнхий байдлыг сайжруулна. Нэн ялангуяа, нүд, амны хөндий арьсны байдалд нөлөөлнө. Амны хөндийн үрэвсэл, нүдэнд цус хурах, жавьж хагарах  зэрэг нь энэ амин дэм дутагдаж буйг үзүүлж байгаа хэрэг юм.  Мөн ужиг ядаргаа, хүүхдүүдэд бол хоолонд муудах зэргээр  энэ бодисны дутагдал ажиглагддаг. Шар айргийн эсгүүр, улаан буудай, шар будаа, гурвалжин будаа, үхрийн элэг, зүрх, тархи, хонины бөөр натураль бяслаг, буурцаг манжин, байцаа, хүнсний ногооны ногоон навч, жүрж, гадил, авокадо, грейпфрут зэрэг жимс нь В группын амин дэмээр их. Мөн энэ жагсаалтад дэгдээхэй, сам хорхой, хавч зэргийн мах, сүү, мөөг зэргийг нэмж болно.

Ер нь бол амин дэмийн дутагдлаа жинхэнэ  эх булгаар нь нөхөж байх хэрэгтэй юм. Хиймэл амин дэмүүд тэр болгон шингэц сайтай байдаггүй.

Нуруу болон хүний бие организм эрүүл байх нь зөвхөн эрдэст бодис, амин дэмээс хамаарахгүй. Хүний организм нь агаар, ус, нараар тэжээгдэж байдаг юм. “Тэжээл” гэсэн үг нь хүний оршин тогтнолыг байгуулан барьж байх хоол хүнс, ус, гэрэл, агаар гэсэн дөрвөн энгийн элементийн систем юм. Энэ дөрвөн элементийг эртний эрдэмтэн мэргэдийн хорвоогийн эх булаг гэж байсан Газар, Ус, Гал, Агаар гэсэн анхдагч элементүүдтэй холбон ойлгож болно. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж