Испанийн “Атлетико Мадрид” багийн удирдлага “Ливерпуль”-ийн экс-дасгалжуулагч Рафаэль Бенитезэд ажлын санал тавьсан ч албан ёсоор хариугаа өгөөгүй байгаа гэнэ. Энэ амралтын өдрүүдэд л бодож үзээд хариугаа хэлэхээр болжээ. Одоо 51 настай Испани мэргэжилтэн өнгөрсөн жил “Ливерпуль”-ийг орхисны дараа Италийн “Интер Милан”-ыг удирдаад ганц л цомын эзэн болсон. Улмаар улирлаа ч бүрэн дуусгалгүй халагдаж байлаа. Италид амжилтгүй ажилласны дараа Бенитез эргээд “Ливерпуль” хотноо ирж амьдарч байсан бөгөөд Премьер лигийн хэд хэдэн клуб түүнийг сонирхож байсан юм. Бенитезийн амьдралаас нь харвал тэрбээр “Атлетико Мадрид”-д очих магадлал өндөр. Учир нь залуугаасаа “Атлетико Мадрид”-ыг дэмжиж ирсэн тэрбээр “Реал Мадрид”-ын хүүхдийн багийг дасгалжуулж байхдаа энэ тухайгаа нуудаггүй байжээ. Энэ оны хоёрдугаар сард ч үүнийгээ дахин баталсан. Тэрбээр хэлэхдээ “Би үргэлж Атлетико Мадрид багт дуртай байсан. Учир нь миний найзууд энэ багт ажилладаг, бас аав минь энэ багийг дэмжсээр ирсэн. Тиймээс энэ баг миний хувьд онцгой” гэжээ. Эндээс харахад Рафа “Атлетико Мадрид”-ын дасгалжуулагч болох магадлал өндөртэй байна. Маш амжилтгүй улирлыг өнгөрүүлсэн нийслэлийн баг дасгалжуулагч Кике Санчез Флоресийг тавдугаар сарын эхээр ажлаас нь халаад байгаа юм.
Score Studio