Арабын баян улсууд дэлхийн дахины анхаарлыг татаж, тэд мөнгөний хүчээр Европын хөлбөмбөгийн олон том багийг өөрийн болгож, энгэрт нь рекламаа хүртэл байршуулах болсон билээ. Тэгвэл Саудын Арабынхан зөвхөн эрчүүдийн олимпийн наадмыг зохион явуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Саудын Араб эрчүүдийн олимпийг харин Бахрейн эмэгтэйчүүдийн олимпийн наадмын төрлийг тус тусад нь хуваан авч зохион явуулж болох тухай үүнээс үүдэн яригдаж эхэлсэн байна. Гэлээ Олон улсын олимпийн хороо хүйсийн талаар ийм туйлширсан үзэл баримталдаг улсад олимпийн наадам зохиох боломжгүй гэдгийг мэдэгджээ.
“Зарим хүнд бид хэт хуучинсаг үзэлтэй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ эмэгтэйчүүд спортын хувцас өмсөөд өрсөлдөнө гэдгийг бид хүлээж авч чадахгүй. Олон нийтийн газар эмэгтэй хүн тийм хувцас өмсөх нь бидний хувьд байж болшгүй зүйл. Тиймээс бид олон улсын чанартай тэмцээнийг зохион явуулах боломжгүй болчихоод байгаа юм. Харин зөвхөн эрчүүдийн олимпийн наадмыг бид өндөр түвшинд зохион явуулж чадна” гэж ханхүү Фахад би Жавали Аль-Сауд өгүүлжээ.
“Хүйс болон хүний тэгш эрхийн асуудал дээр хэрхэн хандаж буйгаас нь шалтгаалан олимпийн наадмын зохион явуулах эрхийг бид олгодог. Тиймээс хүний тэгш эрхийг хангаж чадахгүй улсад олимп болохгүй” гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн байна.
Саудын Арабын тал ОУОХ-ны өмнө буулт хийж, 2012 оны Лондоны олимпод жүдо болон хөнгөн атлетикийн төрөлд хоёр эмэгтэй тамирчнаа оролцуулсан. Хоёр эмэгтэй тамирчин нь олимпийн наадамд толгойдоо алчууртай оролцсон ч гэсэн тус улсад тэднийг “янхан” хэмээн нэрлэж, ад үзсэн гэдэг.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn