Ж.Баатарсүрэн: Түшээт ханы Намхай аварга дууг бурхан цаанаасаа авчираад заяагаар надтай холбочихсон юм
Ховд аймгийн Булган сумын уугуул, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Жамъянгийн Баатарсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр “Түшээт ханы Намхай аварга", "Цогтын цэргүүд", “Долоон могойтын долоон Дулам", “Хэрлэн хатан ижий” зэрэг олон дуугаараа овоглосон даруухан дуучин билээ. Баатараа дуучны дуунууд цэрэг эх орон, бөхийн сэдэвтэй бөгөөд түмэн олны сэтгэлд үнэхээр хүрсэн юм. Түүнийг мөн учир мэдэх хүмүүс “Бөхийн дууны мастер" гэж нэрлэдэг оносон нэр юм.
-Та төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав ээж болоод бага насныхаа тухай эхлээд ярина уу?
-Би Ховд аймгийн Булган сумын Торгууд ястан хүн. Эхээс долуулаа. Дээрээсээ гурав дахь нь. Бага насаа хөдөөний хүүхдүүд яаж өсдөг билээ түүний нэгэн адилаар хурга ишигний араас хөөцөлдөж Минжит Булган голынхоо усанд шумбаж, зуны гурван сардаа мөнх цаст Алтайн нуруундаа хэдэн малаа хариулсхийж, унага даагатай ноцолдож өссөн. Манай Минжит Булган гол Баян-Өлгийн шинэ Булганаас эхээ авч урсдаг алдартай гол шүү дээ. Зун нь голынхоо эх өөд зусландаа гараад явчихна.
Өвлийн цагт тэр голд хөлөндөө канкий (тэшүүр) углаж аваад өнжинө дөө. Олон ястны өлгий Ховдод Хошуудын, Вангийн, Бэйлийн, Бэйсийн, Ховогийн гэсэн таван торгууд байдаг. Бид Хошуудын торгууд. Аав маань Сэржээн Жамъян гэж хүн байсан. Залуудаа шаггүй явсан юм билээ. Нэг их айхтар барилдаж ноцолдож байгаагүй ч бас дуртай л байсан юм шиг байгаа юм. Би сайн мэдэхгүй. Сайхан исгэрнэ. Олон талын авъяастай. Торгууд бага ястан мөртлөө “Хүрэн толгойн сүүдэр”, “Өнчин цагаан ботго”, "Шалзат баахан шарга” гээд халх ардын дуунуудыг бүгдийг мэддэг, түүнийгээ сайхан дуулдаг байсан.
Найранд дуулна. Архи уудаггүй, тамхи татдаггүй. Зөвхөн найрчид ирвэл найрлаад дуулаад суучихдаг тийм хүн байсан. Мөн сур сайхан хийнэ. Сурыг сайхан идээлнэ. Хазаар, ногт, чөдрийг жинхэнэ утгаар нь мэргэжлийн гэж болохоор хийдэг байв. Манайхан бугуйлыг найман алдын аргамж гэдэг. Үхрийн ширийг идээлээд л сайхан бугуйл хийнэ дээ. Эхлээд өөрөө зүсчихээд надад өгчихнө. Арай жаахан авъяастай нь би байсан юм болов уу даа янз нь. “За миний хүү үүнийг ингээд нэг их чанга биш сул ч биш жигдхэн сүлжээрэй” гэнэ.
Сүлжихийг манайхан гүрнэ гэдэг юм. Тэгээд л гүрээд л бэлэн болгоод сайхан бугуйл хийдэг байж билээ. Аав бас анчин. Жилдээ хоёр удаа анд явна. Анхны цаснаар нэг явна. Хамаа намаагүй ан агнаад байхгүй. Янгир, гөрөөс зэргийг л агнана. Буугаа арчиж цэвэрлээд тогоо шанагаа янзлаад байж байна. Өглөө сэрэхэд л андаа явчихсан байдаг байсан. Хоёр гурав хоногоор явна. Нэг сэрэхэд ирчихсэн сууж байдагсан. Ганзага хоосон ирнэ гэж огт үгүй. Эмээл дээр нь батгана овоорч байвал ангийн олзтой ирсний тэмдэг.
Ээж минь Цагаанбулаг гэж одоо ная хол гарсан хөгшин нутагтаа бий. Цэвэр цэмцгэр. Цагаан идээ сайхан хийнэ. Оёж шидэхдээ гарамгай. Ажилч хичээнгүй. Ар талын албыг найдвартай залгуулна. Хүүхэд халуурч барихад дор нь эмчилнэ. Одоо бодоод байхад бага эмчийн дайны мэргэжилтэй хүн байж.
-Үеийнхэнтэйгээ хэр их барилдаж ноцолдож байв?
-Үеийнхэнтэйгээ ноцолдож байсаан хөөрхий минь. Манай үеийн Жаргалсайхан гэдэг залуу байсан. Тэр бид хоёр их ноцолдоно. Бөхийн секцэнд явна. Дөрөвдүгээр ангиас эхлэж бөхийн секцэнд явлаа. Тэрэндээ их дуртай. Бас хөнгөн атлетикаар хичээллэсэн. Урт өндрийн харайлтаар 1976 онд болсон пионер сурагчдын дөрөвдүгээр спартакиадад аймагтаа түрүүлсэн. Чөлөөт бөхөөр А.Энхээ, А.Тайван хоёрын жинд барилддаг байсан. Тэр хоёр ч аргагүй мундаг тамирчид болохоор дээшээ сугараад гараад явчихсан.
Мань хэд нь бие бяр нь дутуу учраас тэгэсхийгээд үлдэж байгаа юм. Тэгээд ч спорт, бөхөөр явахааргүй боллоо гэдгээ ойлгосон. Хажуугаар нь урлагаар явсан. Одоо энэ ногоон баян хуур байж байна (гэрийнхээ хойморт байгаа баян хуур хөгжмийг заав). Үүнийг тоглож сураад урлагт их дуртай, дуулчихдаг байсан. Нэгдүгээр ангид байхдаа анх “Үсэглэлийн баяр”-аар “Хавар" гэдэг дууг ногоон дээлтэй гараад дуулж байсан. Тэгэхэд авахуулсан зураг хүртэл байсан, одоо алга болжээ. Ингээд надад арай ойр дөхөм нь урлаг болов.
Гэхдээ урлагаар бас яг махарч хөөцөлдөөгүй. Ер нь урлагаар оролдоод байж болох юм байна гэсэн ойлголттой болсон.1976 онд наймдугаар анги төгссөн зун аав намайг өөр сумын наадамд аваачиж барилдуулахад үзүүрлэдэг юм.
Шигтгээ /Баатараа дуучинг бага байхад нь 1970 хэдэн онд Ховд аймгийн Буянт сумын уугуул уран мэхт Ш.Ванчинхүү арслан бөхийн гараа дэвээ зааж өгч байсан гэдэг. Тэрээр хожим 1997 онд Солонгост хар ажил хийж явахдаа шрым бөхөөр барилдаж хамт ажиллаж байсан баавартай залуугийн хандыг хага дарж харийн нутагт монгол гэсэн нэрээ хамгаалж байж. Тэнд байхдаа хаана нь ч явсан жанжин малгайтайгаа л тууж явдаг байжээ.
Тэр намраа Завхан аймгийн Худалдааны Техник Мэргэжлийн сургуульд явлаа. Тэнд суралцаж байхдаа шалихгүй ч гэлээ спорт урлагаар оролдоод л байв. Бие бялдарт хэрэгтэй байсан. Залуу цагт гоё шүү дээ. Завхан аймагт суралцаж төгсөөд Үенч суманд ирж нэг жил ажиллаад цэрэгт татагдсан даа.
-За тэгээд цааш нь?
-1978 оны 6 сарын 12-нд цэрэгт мордлоо доо, хөөрхий. Ховд нутгаасаа Цэцэг нуурын хөвөөгөөр арван хэдэн машин цэрэг хот руу ирж билээ. Ирээд “Таван толгой”-гоос хуваарилж байна. Шууд энгийн хувцасаа сольж цэрэг хувцас өмсөөд үсээ хусуулчихсан чинь манай сумын залуучууд биенийгээ танихаа байчихсан байсан (инээв). Шал ондоо болчихдог юм билээ. Тэгээд ангиуд руу хуваарилаад л байна.
Тэгсэн нэг хошууч цолтой хүн ирээд хэдэн цэрэг аваад явлаа. Зайдуухан очиж суучихаад Дорнодын тухай яриад байх юм. “За манай Дорнод гэдэг чинь ийм сайхан нутаг, Хэрлэн гол урсдаг” энээ тэрээ гээд ярилаа. Тэгэхэд нь би мэдлээ. “Ямарч байсан Дорнод явах нь тодорхой боллоо, баруун хязгаараас зүүн хязгаарт очих нь” гэж. Удсангүй нэг гуч машин давхиад ирлээ. Оройхон ч болсон. Хэдэн цэргээ ачиж аваад бургасан шугуй руу яваад орчихлоо. Тэгсэнээ 22-ын тэндээс доошоо салаад нэг гүүр гараад явлаа.
Одоо бодоход Сонгины бургасан дотор орчихгүй юу. Тэнд 14 хоног каринтийлагдаад майхнаа ачаад шөнө нь машиндаа суулаа. Нэг даваан дээр гараад ирсэн, пээ Улаанбаатар гэдэг чинь ямар ч том юм базарваань. Бөөн гэрэл ассаныг хараад гайхаж гүйцэв. Сонгины даваа дээр гарч ирсэн нь энэ. За тэгээд давхиж давхиж бас нэг туннел шиг юм руу ороод уулын ам руу гараад явчихав.
Тэнд аваачаад “Майхнаа барьцгаа” гэж хаячихаад дарга нар яваад өгөв. Хоол ундгүй гурав хонов. Дөрөв дэх хоног дээр дарга нар ирэв. Ачаад л гэж байна. Майхнаа буулгаж ачаад л урагшаа гараад давхисан. Замаараа Налайхын төв гуанзанд унд хоолтой залгуулаад давхисаар байгаад нэг хоноод Дорнодод орой нь каринтийн дээр очсон.
Өглөө “Сэрээд” командаар хувцасаа өмсөөд гүйгээд гараад иртэл цэлийсэн тал дээр байж байх юм. Нөгөө уултай, модтой, хадтай газар өссөн хүнд тэр цэлийсэн тал үнэхээр сонирхолтой байсан нар газраас мандаад гараад ирэх шиг болдог. Өдөр нь халуун гэж жигтэйхэн. Тойроод Оросын цэргийн ангиуд байрлачихсан, дээгүүр байлдааны онгоцууд сургууль хийгээд шөнө нь хос хосоороо хилийн зүг рүү нисээд явчихна.
Шөнийн нислэг гэж тийм юм хийдэг байсан. Тэгээд Дорнодод шинэ цэрэг нэг жил зургаан сар болоод Улаанбаатар хотод цэргийн Ансамбельд Батлан Хамгаалах Яамны сайдын тушаалаар Увсын Мижидсүрэн гэдэг цэрэг хоёулаа ирсэн. Тэр надаас илүү сайхан дуулдаг, баритон хоолойтой үнэхээр гоё дуучин залуу байсан. Хоёулаа ирээд байж байтал тэр маань нутгийн чөлөө аваад явлаа. Буцаж ирсэнгүй. Би Ансамбльдаа үлдэв.
Бяцхан шигтгээ /Ийнхүү БХЯ-ны сайдын тушаапаар Увсын Мижидсүрэнгийн хамт Ансамбельд ирэхэд Баатараа дуучин тэр хоёрыг оныхон нь, үеийнхэн нь ажлынхан нь “Сайдын хоёр цэрэг" хэмээн дууддаг байж.
Ерөөсөө нөгөө урлагаар явах гээд байсныг маань цэрэг арми холбож өгсөн дөө. Ер нь спорт урлаг хоёрыг тухайн үед цэрэг арми холбож байсан. Цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжих тийм үзлийг ард түмэндээ сурталчилах гэдэг том ажил байлаа шүү дээ. Аа тэр их гоё юм байсан. Тэгэхэд өнөөх алдартай “Жаран хар” гэдэг чинь ид дуулж байсан үе. Ёстой ид дундаа. Тэнд жинхэнэ алдартай дуучид байсан.
Дашням гэж гайхамшигтай дуучин байлаа базарваань. За мөн Отгон гавъяат байв. Одоо энэ Ардын жүжигчин Баярмагнай байна. Батзориг гэж ээ мундаг гоё баритон байлаа. Одоо ч байгаа. Энэ хэдийн дунд суугаад би чинь их юм сурсан даа. Тинор, баритон, бассыг ч сонсож үзсэн. Энэ утгаараа тэр алдартануудын дуулдаг дуунуудыг бүгдийг нь өвлөж үлдсэн хүн.
Залуучуудаас надаас өөр өвлөж үлдсэн хүн байдаггүй юм. Үүнийг баттай хэлж чадна. Би хоорт зогсож байхдаа Дашнямыг гараад дуулахад чагнаад л зогсож байна. Орос ч бай Монгол ч бай ямарыг нь ч чагнана. Баярмагнай гэхэд Ухнем гэж Оросын алдартай дууг, Батзориг “Хувьсгалын морь"-ыг дуулахад бүгдийг нь чагнаж, тэр хүмүүсийн дуулснаар бүр хэллэгээр нь өвлөж үлдсэн хүн нь би байгаа юм.
-Монгол орныхоо хэдэн аймаг сумаар явсан бэ?
-Монгол орны бүх аймгуудаар явлаа даа. Тэр үед 18 аймаг гэж байсан. Би чинь цэргийн Ансамбельд хоёр сард ирсэн. Таван сард нь 1980 онд зүүн гурван аймгаар явлаа. Тэр болгон дөнгөж ирээд хоёр гурван сар болоод явна гэдэг тухайн үед бараг байдаггүй байсан. Шалгалт шүүлэг хэрэгтэй. Шалгуур өндөртэй байлаа. “Энэ явж чадах уу?”, “Хоор дуулж чадах уу, үгүй юу? ”, “Паарч мэдэх үү?" гэж хүртэл асууж байсан.
Эрэгтэй чуулга дуулахад паарч гэж нэг мундаг юм байлаа шүү дээ. “Тэрийг мэдэх үү наадах чинь”гэж асуусан.Тэгсэн намайг “Манай хүн мэднэ мэднэ” гэсэн. Би бүгдийг нь сурчихсан байсан. Тэгээд анх гараад Хэнтий, Сүхбаатар, Дорнодоор явсан. Миний үеийн цэргүүд халагдаагүй байсан. Очсон манай оны цэргүүд “Ансамбелийн дуучин” гээд сүйд майд болж байна.
Урьд оны цэргүүд ч халагдаагүй байж. Тийнхүү дээрх гурван аймгийн бүх сумаар нь явсан. Яг ирсэн жилээ бүх сумаар нь явчихсан байгаа юм. Хойтон жил нь 1981 он гэхэд баруун тав зургаан аймгаар явсан. Тийм маягаар жил болгон нэг аймагт явна. За бараг магадгүй хоёр ч удаа явна.Говиор ч гэлдэрнэ. Баруун талаар ч тойрно. Их явсан даа. Би ямарч байсан Монголынхоо газар нутгийг хоёр удаа бүтэн тойрсон болов уу гэж боддог юм.
Энэ сайхан Ансамбелийнхаа хүчинд. Ансамбель байхгүй бол тэгж явна гэж байхгүй шүү дээ. Сайндаа л ганц хоёр аймгаар явна биз. За гадаадын 10 гаруй оронд цэргийн Ансамбелийнхаа “Жаран хар” хэмээх тэр алдартай дуучдын хамт явсан даа. 1984 онд Чех, Унгар, Польш, Болгар, Орос гээд явж байлаа. Урагшаа Хятад, Солонгос зэрэг орнуудаар явсан. Солонгост Ким Ир Сений хаврын баярт явж Гумсусан (удирдагч) дууг дуулж “Гран-при” шагнал хүртэж байлаа. Ийм маягаар олон орноор явсан.
-Нийт хэчнээн дуу дуулж, хэдэн удаа тайлан тоглолт хийсэн бэ?
-Барагцаалвап солист дуу гэхэд 100 гаруйг дуулсан. Түүнээсээ яг тайзан дээр 50 гаруйг дуулсан. Янз бүрээр дуулсан нь гэвэл 150 гарсан. Хоор дууг бол 300 гаруйг дуулсан шүү. Тэр үед чинь хоор дуу хүчтэй байсан. Анхны тайлан тоглолтоо Циркт 2000 онд хийсэн. Дараагийнхаа тоглолтыг Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд хоёр удаа хийлээ. Сүүлд 2011 онд Бөхийн Өргөөнд нэг хийсэн. Ингээд дөрвөн удаа тайлан тоглолтоо хийсэндээ.
-Бөхийн сэдэвт эзэнтэй дууны манлай нь болсон “Түшээт ханы Намхай аварга” дууг хэрхэн дуулсан тухайг танаас сонсохыг тэсэн ядан хүлээж байна… ?
-"Түшээт ханы Намхай аварга” дууг ёстой нөгөө цаанаасаа бурхан заяагаар надтай авчираад холбочихсон юм. Их сонин. Үнэхээр сонин юм байна лээ. 1993 онд эзэнтэй дууны уралдаан болно гээд улс орон даяар зарлачихсан байлаа. Би хөгжмийн зохиолчтой ч юм яриагүй надад юм авчирч өгсөн хүн ч байхгүй. Учраа мэдэхгүй байсан юм. Залуу ч байсан. Ер нь миний уран бүтээлүүд тохиолдлоор таараад хийсэн байдаг. Ардын жүжигчин Б.Мяасүрэн багш маань тэр үед манай Ансамбельд зөвлөх багшаар ажилж байсан.
Нэг өдөр өрөөнд нь яваад ортол нэг дуу хийгээд сууж байна. Бүжгийн ая шиг хурдан аятай. Биелгээ ч юм шиг. Тэгэхээр нь “Багш юу хийж байгаа юм” гэсэн чинь “Аа нэг
бөхийн дуу хийгээд” гэж байна. Тэгэхлээр нь мундаг зориг гаргаж “Бөхийн дуу хэзээ ийм бүжгийн ая шиг байсан юм” гээд хэлчихсэн чинь над руу нэг сүрхий харснаа “Юу гэнээ чи” гээд босон харайгаад жижиг шар цүнхнээсээ нэг нот гаргаж тавиад өөрөө тоглоод нэг дуу аялж байна аа.
Өөрөө аялаад л байна. Их гоё юм. Чагнаад байсан чинь бөх хүний гараа дэвээ нэг л юм харагдаад байна шүү. Дахиж багштай юм ч ярьсангүй. Шууд л хөлд нь суулаа даа. “За багшаа би энийг чинь дуулъя" гэлээ. Тэгсэн багш “Чи чадах юм уу” гэж байна. Манай багш ч бас ширүүн дориун хүн шүү дээ. “Чадна” ч гэж хэлсэнгүй “Багшаа би дуулъя л” гээд байлаа.Тэгсэн “За тэгвэл үз" гэв. Хоёр гурав хийж үзлээ. Би ч овоо зүгшрээд сайхан болж байна.
Тэгтэл багш маань босож ирээд миний мөрөн дээр гараа тавьчихсан дэвэж байна шүү. “Хоёулаа энэ дуугаар түрүүлэх үү’ гэж байна. “Түрүүлье" ч гэж хэлсэнгүй. “Ямар ч байсан дуулнаа" л гэлээ. “Дуулнаа” л гээд байлаа. Тэгээд л анхны нийллэг, хөгжимтэйгөө нийлж байгаа юм шүү дээ. “Түмэн эх" дээр нийлсэн санагдана. Тэнд очиж ганц хоёр аялчихаад би яваад өгсөн. Ер нь олон үзээгүй. Олон үзэх шаардлагагүй байсан.
Тэгсэн нэг өдөр багш намайг загнаж байна. “Нөхөр минь чи тэр дууг өдөр болгон очиж нийл” гэв. Тэгэхээр нь “Багшаа би нийлчихсээн" л гэсэн. Дахиад нэг өдөр Ансамбель дээр байж байтал Д.Данзан дарга ирж байна. Данзан дарга шат өөд өгсөж явснаа над руу ирээд “За чи тэр дууг яагаад очиж нийлэхгүй байгаа юм бэ” гэхээр нь “Өө Данзан даргаа би нийлчихсэн” гэлээ. За тэгээд миний тэр өдөр болгон очиж нийлдэггүйн учир нь патентаа хадгалж байгаа байхгүй юу.
Тэр гоё аянаас чинь хүмүүс хулгайлна шүү дээ. Нэг юман дээр хулгайлсан байдаг юм. Тэгээд эхний шалгаруулалт “Түмэн эх" дээр боллоо. Шүүгчээр Лувсаншарав (МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин) багш, Дундговийн харъяат хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж (Төрийншагналт) хоёр сууж байна. Нэг нь радиогийн Буянхишиг (МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн) гуай байсан байх.
Ингээд Намхай аваргыг дуулаад дуустал шүүгчид дотроос нэг хүн алга ташлаа. Тэгтэл Лууяа багш “Хөөе хөөе юу болж байна та нар” гэдэг байгаа. Тэгсэн Нацагдорж гуай “Ийм гоё дуунд алга ташихгүй яах юм" гэчихсэн алга ташиж байна. Би бас дотроо бодлоо. “Гайгүй юм болсон юм байна” гэж. Тэгээд чив чимээгүй байв. Сүүлийн шалгаруулалт Үйлдвэрчний Ордонд явагдсан юм.
Тэрүүгээр жиг жуг ярьж байна гэнээ. “Цаана чинь Намхай аварга гэж аюултай дуу гарч дээ", ‘Энэ л түрүүлэх болов уу даа” гэцгээж. Үнэхээр тэр байсан юм билээ. Ерөөсөө тэнд дуулаад хамгийн өндөр оноо 195 оноогоор хол тасархай түрүүлсэн. Ийм түүхтэй төрсөн дуу даа. Түүнээс хойш бөхийн сэдэвтэй дуунууд цуварлаа.
Шигтгээ /Уг дууны шүлгийг бичсэн МУСГЗ, яруу найрагч Д.Данзан багш 2005 онд хэвлүүлсэн “Дэлхий чимсэн нутаг” хэмээх шүлгийн түүвэртээ дуу төрсөн түүхээ “Ж.Даш захиралтай “Да хүрээ” захын хамт олон 1993 оны намар уран бүтээлчдийн дунд эзэнтэй дууны уралдаан зарласан юм. Миний бие энэ шүлгийг уг уралдаанд зориулан бичиж нутгийн буурал ах нийтийн дууны болон найрал дууны их аварга МУАЖ Дашийн Мяасүрэн ааяадаа айж хулгасаар өгч билээ. Бид хоёрын дууг БЦДБЧ-ийн гоцлол дуучин Ховд аймгийн Булган сумын уугуул Ж.Баатарсүрэн дуулж гурван шаттай, 120 гаруй дуутай том уралдаанд шат бүрд нь тасархай түрүүлсээр магнайлсан түүх буй. Энэ дууны араас бөхийн тухай мөн ч олон дуу төрсөн дөө. Анхны минь уран бүтээл, урам зориг болсон энэ дуундаа би хайртай билээ.” гэж бичсэн байдаг билээ. Тиймээ, аргагүй үнэн. Сэтгүүлч миний бие (До.Ууганбаатар ) энэ л дууг анх Монголын радиогоор анх сонсож, улмаар бөхийн хорхойтой болж эдүгээ бөхийн буянд амьдарч яваагаа нуух юун билээ. Ингээд “Бөх" сонины эрхэм уншигч та бүхэнд “Түшээт ханы Намхай аварга” дууны шүлгийг дахин хүргэж байна.
Шашин төрийн даншигийн
Арван түрүүг авсан
Шагшин магтсан түмний
Арвин хайрыг даасан
Түшээт ханы Намхай аварга
Түмэн хүчитний магнай аварга аа
Дайчин вангийн Намхай аварга
Дархан цолтны манлай аварга аа
Арван засгийн наадмын
Есөн түрүүг хүртсэн
Алдар хүндийн оргилд
Ёсон зөвөөр хүрсэн
Дахилт:
Бяраа сорьсон бөхчүүд
Барс арслантай жишсэн
Баясан таалсан дээдсүүд
Буян хишгээ соёрхсон
Булган хангайн
Намхай аварга
Буман бөхийн магнай аварга аа
Сайхан нутгийн Намхай аварга
Саяар эрсийн манлай аварга аа
Хүй мандпын дэнж дээр Сандаг-Очир хэмээсэн
Хөх Монголын түүхнээ Сааршгүй хэвээр дэвсэн
Их шавийн Намхай аварга
Эрин зууны домогт аварга аа
Эзэнт төрийн Намхай аварга
Эгэл түмний хайлан аварга аа
БИ Ж.БОР ХАРЦАГЫН ТУХАЙ ДУУГ ДУУЛАХ ГЭЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА
Би бас Г.Самдан аваргын тухай дууг дууллаа. Хадаа аваргын дууг дуулсан. Одоо “Далай вангийн харчууд” гэдэг сайхан дуу хийчихээд байж байна. Мөн Өвөө харцага (МУГД, улсын харцага Ч.Өвгөнхүү ), Д.Баатаржав начин, Ж.Хайдав арслангийн тухай “Хавираа мэхээрээ тэсгээдэггүй Хайдав арслан” гээд ийм ийм дуунууд дуулсан. Ирэх 1 сарын 25-нд Монгол улсын харцага цолны хүндэтгэлийн барилдааны үеэр “Соён гэгээрүүлэгч" телевизийн сурвалжлагч Доржбалын Ууганбаатар үгийг нь бичиж, Булган аймгийн Дашинчилэн сумын харъяат МУСТА, дуучин, ая зохиогч Санжаагийн Баянмандах аялгууг нь зохиосон “Булган хангайн Бор харцага” хэмээх нэгэн сайхан дууг дуулах гэж байна. Энэ дууны үг нь ийм юм.
Төрийнхөө их баяр наадмын
Түрүүлэх бөхийн тоонд орж явсан
Тив, дэлхийн аваргын дэвжээнд
Төрийн далбаагаа мандуулж зогссон
Булган хангайн Бор харцага
Бөхийн түүхэнд хүндтэй харцага аа
Орхон голын Бор харцага
Олон түмний хайртай харцага аа
Аварга, арслан цолтоныг ч
Ааглан хаяж явсан түүхтэй
Аймгийн наадмын олон түрүүг
Ая зөнгөөр авсан намтартай
Дахилт
Жигүүрхэндээ хүчтэй эр бор харцагын
Жинхэнэ дүр нь болж тодорсон
Жудаг төгөлдөр Монгол эрсийн
Жишээ нь байж амьдарсан
Дахилт
Булган аймгийн Орхон сумын харьяат Жамцын Бор харцагын дууг дуулах гэж байгаадаа баяртай байна. Би бөх болоогүй ч багаасаа бөхөд сонирхолтой бага зэргийн жаахан авъяас нь байдаг болохоор бөхийн дуу дуулахад надад ойрхон байдаг юм. Ерөөсөө энийг ингэж дуулах юм байна гээд ороод ирдэг. Түүнчлэн би цэргийн дуугаар их явсан хүн.
Цэргийн дуу нийтийн дуунаас их онцлогтой. Эх орон, цэрэг армийг холбосон дуунуудыг дуулахад их сайхан байдаг. Торгуудууд эх оронч улсууд шүү дээ. Өнөө л Байтагийн ууланд Гоминдан болон Хасагуудтай тулалдахад манай ард түмэн тулалдсан юм шүү дээ. Ерөөсөө манай ахмадууд, өвгөчүүл тэнд групп байгуулаад Хасагын дээрэмчидтэй тулалдсан түүхтэй. Ийм явдлуудыг гадарладаг болохоор дуунууд орж ирээд цаанаасаа дуулагдаад байдаг юм.
Түүнээс энийг ингэе, түүнийг тэгье гээд яваад байдаггүй өөрөө орж ирээд дуулдаг тийм учиртай. Одоо ч манай залуучууд ч гэсэн ийм л байх гэж би боддог. Үгний дикец, хэллэг гэж нэг юм байна. Авиа яаж гаргах вэ гэж бас нэг юм байна. Ялангуяа Намхай аваргыг дуулахад бөхийн цолны нэг гоё юм байдаг шүү дээ. Тэрнийг барьж өгөөд дуулахад үнэхээр сэтгэлээс гардаг байхгүй юу.
Манай Дашням багш “Хэрлэн хатан ижий” гэж нэг гоё дуу хийж өгсөн. Тэр “Цогтын цэргүүд"-эрхүү мөртлөө ондоо. Нэг өглөө бас л ажил дээрээ багшийнхаа өрөөгөөр шагайчихаад явсан чинь хойноос санд мэнд “Хүүе хүүе, чи энд нэг юм сонсоодох" гээд араас дуудлаа. “Яасан багшаа" хэмээн очтол “Хэрлэн хатан ижий" гэж үнэхээр гоё дууны ая сонсгосон. Хэрлэнгийн хөдөө арал болоод Чингис хааны тухай. Сонссон чинь “Аа мөн сайхан дуу”. Тэгээд л хоортой дуулж гоцолсон доо.
Манайхан “Аа мөн сайхан дуу болжээ" гэцгээсэн. Баянхонгорын Дашзэвэг гэж тинор бас их шохоорхон үнэлж байсан. Тийм тийм маягаар сайхан дуунуудыг дуулж үзлээ. Ганбат гавьяатын олон дууг дуулсан. За Зундуйн Доржийн (Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн) “Долоон могойтын долоон Дулам" гэдэг нэг дуу байдаг юм. Булган аймгийн Хишиг- Өндөр суманд долоон ам байдаг гэнэ.
Баруун могой, Бийрийн могой, Бичигт могой, Биндэр могой, Сээрийн могой гээд. Тэр голын хүүхнүүд голцуу Дулам гэдэг нэртэй. Бадамдулам, Цэцэгдулам гэдэг ч юм уу. Тэгээд Зундуйн Дорж малын хулгай нартай тэмцэж явахдаа тэрийг ажиглаж явдаг байх нь. Шүлэг бичмээр санагдсан юм байлгүй. Тэр хүүхнүүдтэй танилцсан тухайгаа. Үнэхээр манай хүн чинь малгай хулгай нартай тэмцэж явахдаа дандаа л ардуудтай уулзаж цуг явж байгаа шүү дээ.
Баруун могойн Багаа Дуламтай
Унага татангаа учиртай танилцлаа
Зүүн могойн Жигдэрдуламтай
Найран дээр наргиж танилцлаа
Шугуйт могойн Сундуйдуламтай
Хур борооноор хувьтай танилцлаа
Сээрийн могойн Сэндэндуламтай
Адуу малаа асууж танилцлаа
Яасан ч тунгалаг могойтын гол вэ
Ямархан чиг царайлаг долоон Дулам бэ
Бийрийн могойн Бизъяадуламтай
Урлан мэтгэхэд нь уяран танилцлаа
Зүрхийн могойн Жүгдэрдуламтай
Аашний нь хөөрхөнд алиалан танилцлаа
Бичигт могойн Биндэрдуламтай
Цэцэгнээс ариуханд нь цэнгэн танилцлаа
Долоон могойтыг долоо өгслөө дөө
Долоон Дуламтай долоо уулзлаа даа
Яасан ч тунгалаг могойтын гол вэ
Ямархан чиг царайлаг долоон Дулам бэ
Долоон бурхан одны доогуур
Долоон могойтын уулс товойно
Долоон могойн уулсыг харахад
Долоон Дулам сэтгэлд тормойно оо гэж. (дуучин маань аялав) аяыг нь бас Ганбат хийсэн. Их сонин ая хийсэн. Хэр баргийн хөгжмийн зохиолч энэ шүлгэнд ая хийхгүй.
Могой мушгиралдан явдаг ш дээ. Яг тийм маягтай. Энэ дууг 1997 онд зохиосон. З.Доржийн анхны тоглолтон дээр би анх дуулсан. Зарим газар хүмүүс “нөгөө долоон могойтын долоо хүүхэн ээ дуулаач" гэдэг юм(инээв). Хүмүүс их сонирхдог юм билээ. “Ямар сонин дуу вэ" гээд л.
-Алдартай бөхчүүдээс хэний цолыг дуудаж байсан бэ?
-1986 онд амралтаараа нутагтаа очсон байхдаа нэг сайхан тохиолдлоор Баянаа аваргын цолыг дуудсан. Би Үенч сумын хүргэн. Манай хадам аав нэгдлийн дарга олон жил хийсэн Муушар гэж хүн байсан. Тэр нутгийн 30 жилийн ой болж хоёрын даваа шувтрах тийшээ хандсан үед Баянаа аварга ирэх юм гэнээ гээд хүмүүс жиг жуг яриад байх юм. Одоо ирээгүй байдаг хэзээ нь ирдэг юм болдоо гэсэн шүү юм бодоод сууж байв.
Өдөр нь их морьдын уралдаан үзэхээр барианы газар очлоо. Манай нутагт тал газар байдаггүй дандаа уул толгодтой болхоор морь барианы газар байгаа хүмүүс тээр толгой дээр хэд хэдээрээ гараад зогсчихдог юм. Тийм улсууд шүү дээ (инээв). Тэгсэн нэг уулын толгой дээр баахан улсууд шаваад уналаа. Энэ ямар улсууд шаваад байгаа юм бол хэмээн яваад очсон чинь Баянаа аварга ирчихсэн зодог шуудгаа бүсэлчихсэн дээр үеийн нэг сэмэрсэн малгай байдаг юм тэрийгээ өмсөөд Монгол гутлаа баглаад сууж байна.
Үгүй энэ хүн чинь хаанаас гэнэт гараад ирэв, мэдэхгүй аварга ирсэн юм байна гэж бодоод, морьдынхоо уралдааныг үзчихээд орой нь би концертон дээр дууллаа. Маргааш нь үдээс хойно гурвын даваа эхлэх ёстой байсан. Сумын цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хаалгаар яваад ортол Баянаа аварга тээр урд зодог шуудгаа өмсчихсөн элэг бүсээ чангалаад зогсож байна.
Тэгсэнээ намайг харсан юм байлгүй “нааш ир” гээд даллаад байна. Би “юу гэнээ” гэсэн чинь “хүрээд ир” гэж байна. Яваад очсон чинь “за кө цол дуудна аа” гэж байна. Би ёстой ухаан алдах шахаж байгаа юм чинь. “Юу гэж байгаа юм аваргаа, би таны тэр цол гуншинг мэдэхгүй, ёстой болохгүй” гэлээ.Тухайн үед цаг хатуу байсан. Тэр том хүний цол гуншинг буруу зөв дуудвал бас явдалтай шүү дээ.
Тэгсэн намайг “чи дуучин күн дуудах ёстой" гэв. Орой концертон дээр намайг дуулахыг харчихаж. Баянаа аварга тийм мундаг овсгоотой. Аварга үнэхээр ажилч хичээнгүй хүн юм билээ.Би бүүр татгалзлаа. “Би таны цол гуншинг мэдэхгүй, болохгүй" гэсэн чинь “чи дуучин күн дуудах ёстой цаас харандаа аваад ир, бичээд өгье сайхан дуудчих” гэж байна. Аргагүйн эрхэнд дуудахаар болж цаас харандаа авчраад бичиж авлаа.
Бичсэнээ хараад зогсож байлаа. Баянаа аварга ч лүс лүс гүйгээд гараад ирлээ. Сүртэй ч гэж жигтэйхэн. Би өмнө нь тийм хүний цолыг дуудаж үзээгүй болохоор аюултай сүртэй юм билээ. Тэгээд л аварга миний мөр нь дээр гараа тавиад дэвээд л аа сүртэй.Тэгсэнээ “За одоо дуудчих” гэж байна. Эхлээд дуудтал Баянаа аварга дэвээд явж байх хоорондоо өөрийнхөө цол гуншинг надад хэлээд байна.
Тийм тийм гээд л. Монгол, Зөвлөлтийн гавъяат тамирчин гэх мэтээр. Дуудаад дуусахын алдад чимгээ бүгдийг нь хэллээ. Ямар агуу юм бэ. Үүнийг урлагын хэлээр суфелёр гэдэг байхгүй юу. Орлон тоглохыг дублер гэнэ. Тийнхүү миний чихэнд хэлээд яваа юм. Тэр чинь нөгөө цаас харсанаасаа амархан байсан. Дуудаад дуусгалаа. Яаж дуусгасан юм мэдэхгүй. Тэгсэнээ “за одоо тавьчих” гэж байна.
Хоёр гараараа малгайг нь авч үлдлээ. Тэгж 1986 онд Баянаа аваргын цолыг дуудсандаа. Тэр наадамд Баянаа аварга түрүүлж Р.Даваадалай начин үзүүрлэсэн. Нэгдлийн дарга нь Сандаг гэж хүн байсан. Өө нэг сайхан даага бэлэглэж байна аа. Баянаа аварга үнэхээр сайхан журамтай юм билээ. “За би Алтайн энэ суманд ирж Алтайн сайхан салхийг сугандаа оруулж…” гээд л гоё сайхан үг хэллээ.
Тэгж байснаа “за адуучин нь ямар хүн байна” гэж асуулаа. “өө энэ залуу” гэсэн чинь “за май энийг адуунд нь аваачиж тавь" гэж байна. Би үнэхээр биширсэн. Пээ ямар сайхан юм, тийм сайхан гайхамшигтай. Наадам дуусаж оройн зочид буудалд ард түмэн гэдэг чинь “Баянаа аваргыг харъя” гээд пиг дүүрэн чихчихсэн. Би чинь Баянаа аваргын цолыг дуудсан том хүн ёстой жижиг Баянаа шиг сууж байлаа шүү дээ. Аа яа яа.
Тэгээд л ард түмэн, малчид ирээд л “Баяр хүргье аваргаа таныг харах гэж ирлээ" гээд л. Тэгтэл зочид буудлын үйлчлэгч хүүхэн ирээд '‘Баянаа аваргаа таныг аймгийн намын хорооны дарга Түмэнжаргап гуай ирчихсэн дуудаж байна" гэлээ. Тэгсэн аварга “Энд ард түмэнтэй уулзаж байна хүлээж бай гэж хэл” гэж байна шүү. Ёстой мундаг юм. Тэр үед тэр том намын хорооны дарга чинь гайхамшигтай юм байлаа шүү дээ.
Ямар мундаг юм гэж би бодож байсан. Намын хорооны дарга дээр хүлээгээд л сууж байсан байх. Ард түмэн гараад явтал Баянаа аварга дээшээ гараагүй. Сүүлд нь орой болсон хойно хүмүүс гараад явсан. “за би одоо тэр даргатай уулзчихаад ирье дээ” гээд боссон. Наадам дуусаад маргааш нь аваргыг би сум руугаа нэгдлийн даргын 69-өөр авч явсан. Ан хийлгэх санаатай. Баянаа аварга хүнийг уруу татаж архи ууна гэж байдаггүй. “За күүкдүүд архи ууж болохгуй” гэж хэлнэ.
Өөрөө ч архи уудаггүй. Яахав хүмүүсийн өгсөнийг сайхан хүртээд л. Би шимийн болон цагаан архи авч явсан. “За Баянаа аваргаа энд шимийн архи байна цагаан архи байна та уу” энэ тэр гэхээр. “Аа болохгүй биеэ гамнана шүү" гээд хамаа намаагүй замбараагүй архи ууна гэж ерөөсөө байдаггүй. Тийм хүн юм байна лээ.Тэгэхэд би аварга хүн ийм л байдаг юм байна даа хэмээн үнэхээр биширч байсан хөөрхий.
Ард түмэнд залуучуудад хүмүүжлийн талаар юм ярьж байгаа нь гайхамшигтай. Тэгж би Баянаа аваргатай долоо хоног явсан даа. Би одоо “Баянаа аваргатай баруун Монголд” гэсэн тэмдэглэл бичих санаатай яваад л байдаг юм. Хэзээ нэгэн цагт бичнэ дээ.
-Өөр бөхчүүдийн цол дуудав уу?
-Өө Баяраа гарьдын цолыг Гачууртад нэг дуудлаа. Хад аваргын цолыг Оросын Холбооны Улсад Хиагтад дуудсан. Хад аварга “Алдар”-т байсан. Ансамбелийн бид урд талд нь аварга бид чинь найзууд. Манайхан спорт урлагийн баг яваад Орост тоглосон Хадаа аварга дээл малгайгаа өмсчихсөн, өө мундаг. Үзүүлэх барилдаан хийлээ.
Оросууд гайхаж байгаа юм чинь. Монголын том бөх ирлээ гээд шавчихна, нөгөөдүүл чинь. Бөхийн цол дуудах хүн хэрэгтэй боллоо. Тэгээд Хад аваргын цолыг дуудлаа. Аваргын гар мөрөн дээр байгаа үгүй нь мэдэгдэхгүй намалзаад зөөлхөн гэж жигтэйхэн. Хад аваргын цолыг тэгж нэг дуудсан даа. Өөр улсын начин А.Баатархүү гэж миний нэг сайн найз байсан. Түүний цолыг өөрийн Булган сумандаа дуудсан. Баянаа аварга намайг засуул болгох гэж их зүтгэсэн. Ийм маягтай.
-Таны уран бүтээлийн онцлог юу вэ?
-Сэдвийн хувьд онцлог нь гэхээр цэрэг, эх орон армиар хүмүүжих дуртай хүн байсан. Ерөөсөө цэрэгг явах юмсан. Яг одоо ийм байхдаа (багынхаа зодог шуудагтай зургыг заав).Манайх сумаас жаахан доошихноб байсан. Яг манай урд хилийн цэргийн 105-р отряд байсан. Тэр отрядын цэргүүдийн өмссөн малгай толгой хувцсыг нь хараад их сонирхоно. Өвөл нь хурган дотортой шовгор малгай өмсдөг байсан. Цэргүүд бүрээ татна. Түргэний бүрээч гээд гадарлачихсан. Ингэхээр хурдан жагсдаг гээд. Нэг өдөр 12 сарын үед сумын төв дээр гал гарсан юм байна.
Тэгсэн гэв гэнэт цэргийн түргэн жагсаал болоод явчихлаа. Шууд жагсаад сумын төв рүү цэргүүд гүйлээ. Цэргүүдийн гүйсэн зүг рүү харвал манай суманд улаан гал маналзаж байна.Сумын төвийн агуулахын манааных нь нэг путек шатаж байсан юм байна лээ. Тэрийг очиж цэргүүд нам дарж унтраачихаад, цас орчихсон байсан. Дээрээс анги руугаа дуулаад ирж байна.
Ямар дуу дуулсан гэхээр ийм дуу дуулж байгаа юм. “Ардын хувьсгалын дуунд төрсөн Алдарт Монголын залуу арми…” гээд( аялав ) ирж байна. Ямарч гоё юм. Дууныхаа аяар алхаад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Жаахан хүүхэд байсан. Цэргийн ангийг гэрэлтүүлдэг мотор байсан юм. Тэр моторын гадна нэг чийдэн зоочихсон. Чийдэнгийн гэрэлд цэргүүд цагаан дээлтэйгээ өнгөрч байна.
Тэгээд л би цэрэг гэдэг ямар гоё юм ямар агуу юм байдаг юм, галыг унтраачаад ирлээ.үнэхээр гоё юм байдаг гэж бодож цэргээр “өвчилсөн”. Тийм учраас цэргийн дуу миний сэтгэлд өөрөө орж ирдэг. Надад цэргийн болон бөхийн дууны аль аль их ойрхон. Миний дууны сэдвийн онцлог бол цэрэг, эх орон, бөхийн дуунууд. Бөхийн дуунуудаа авьяасаараа дуулдаг. Цэрэг нь ч ойрхон, бөх нь ч ойрхон. Манай аав ндмайг янз бүрийн наадам болохоор тухайлбал Майн нэгний баяраар дандаа авч явна. Аавынхаа урд суучихаад бөх үзнэ. Аав маань холбоонд ажилладаг байсан холбооныхоо узелийг авчирч тавьчихаад л… тэгж л хүмүүжсэн дээ.
-Танаас асууж лавлаагүй зүйл юу байна вэ?
-Би армид 30 жил болсон хүн дээ. Ансамбельдаа яг 26 жил ажилласан. 2006 онд 45-тайдаа чөлөөндөө гарсан. Нэг өдөр дуудаад “45 хүрсэн байна 25 жил болж гарнаа” гэсэн. Яахав дээ гарсан даа. Гараад зүгээр суугаагүй ээ. Уран бүтээлээ хаяагүй. Одоо дуулсаар л дуугаа туурвисаар л байна. Хүмүүс ийм дуу байна тийм дуу байна гээд энд тэндээс дуу өгч байна.
Өөрийнхөө нутгийн жороо морины сэдэвтэй тав зургаан дуу бэлдчихээд байж байна. Өөр янз бүрийн дуунууд бий. Цэрэг эх орны сэдэвтэй дуунууд ч байна. Бөхийн дуунууд ч байна. Энэ бүгдийгээ нэгтгээд нэг юм хийх бодол байна. Нас гайгүй байна. Цаашдаа дуулна аа дуулна. Дуулалгүй яахав.
-Та бол яах аргагүй дуугаараа овоглосон дуучин. Тийм учираас ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
За ингээд бөхөө дээдэлдэг, шүтдэг ард түмэндээ шинэ гарсан 2015 ондоо айл хотлоороо, ах дүүсээрээ, элгэн саднаараа, бүгдээрээ амар жимэр тайван сайхан, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж эрүүл энх сайн сайхан байхыг хүсэн ерөөе. Надаас ярилцлага авсан “Бөх” сонины хамт олондоо баяр хүргье. Тус сонины хамт олон чинь бас л сайхан хамт олон байдаг юм байна лээ. Сониныхоо шинэ оныхоо дугаарт миний ярилцлагыг тавьж байгаад туйпын их баярлаж байна. Би “Бөх" сонинд нэг гарчих юмсан гэж бодож явсан. Яг миний бодсоноор боллоо. Маш их баярллаж байна. Дахин баяр хүргье. Баярлалаа.
Танд уран бүтээлийн улам их амжилт хүсье.
До.Ууганбаатар
Эх сурвалж: "Бөх"