Монголжин охинтой хамгийн ойр мэндэлсэн хүүхэд Есөнзүйл сумаас тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Монголжин охинтой хамгийн ойр мэндэлсэн хүүхэд Есөнзүйл сумаас тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 400 тооттогтоолоор 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 1 хүүхдийг аймаг бүр алдаршуулж, хүндэтгэл үзүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу Өвөрхангай аймаг 01-р сарын 29-ний өдөр Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн хүүхдээ тодорууллаа.

3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхдээр Есөнзүйл сумын 3 дугаар багийн иргэн Ганболдын Эрдэнэбат, Бат-Эрдэнийн Бямбацэрэн нарын залуу гэр бүлийн анхны хүүхэд болох 2015 оны 1 дүгээрсарын 24-ний өдрийн 10 цаг 40 минутанд мэндэлсэн 2,5 кг жинтэй, 49 см өндөртэй охин тодорлоо.

Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн охины аав Г.Эрдэнэбат, ээж Б. Бямбацэрэн нарт баяр хүргэж, Өндөргэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож буй энэ цаг үед Өндөргэгээний нутгаас Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхэд тодорч байгааг бэлгэшээж, Ханджамц нэрийг хайрлалаа.

Ханджамц гэдэг нэр нь Өндөргэгээн Занабазарын ээжийнх нь нэр ажээ. Мөн Э.Ханджамц охин болон түүний гэр бүлд аймагт баригдаж байгаа хамгийн анхны 10 давхар орон сууцанд 2 өрөө байр өгөхөөр шийдвэрлэснээ дуулгалаа.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж