Клейстерс хасагдаж, шилдэг 32 тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Клейстерс хасагдаж, шилдэг 32 тодорлоо

“Их дуулга”-ын ангилалд багтах Америк болон Австралийн нээлттэй тэмцээнд дараалан түрүүлээд байсан Ким Клейстерс Францын нээлттэй тэмцээний хоёрдугаар шатны тоглолтоо дэлхийн чансааны 114-т бичигдсэн Аранча Русын эсрэг хийлээ. Нөхөр болон хүү нь дэлхийн №2 теннисчний энэ тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд Клейстэрс ч эхний сетэд илүүрхэн 6-3-аар хожжээ. Дараагийн сетэд мөн л Бельгийн теннисчин хошуучилж 5-2-оор тэргүүлж явсан ч өрсөлдөгч Аранча Рус хоёр удаа мач-пойнт хамгаалж, улмаар дараалан таван гейм авснаар 7-5 харьцаатай хожиж ялсан байна. Тоглолтоо олсон Нидерланд теннисчин сүүлийн сетэд 6-1 харьцаагаар хожиж, энэ шатны хамгийн том шуугианыг тарилаа. 2008 онд Австралийн нээлттэй тэмцээний хүүхдийн аварга болж байсан Рус “Их дуулга”-ын гуравдугаар шатанд анх удаа шалгарч байна.

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн тавдугаарт бичигдсэн Шведийн Робин Сёдерлинг, Испанийн Алберт Рамостой энэ шатанд таарсан. Ширүүн салхитай үед тоглож таарсан хоёр теннисчний тулаанд 6-3, 6-4, 6-4-өөр Робин Сёдерлинг ялалт байгуулж, дараагийн шатанд Аргентиний Леонардо Майертай тоглохоор болжээ.

Хятадын Ли На энэ шатанд Испанийн Силвиа Солер-Эспинозатай тоглож 6-4, 7-5-ын харьцаатай хожсон байна.

Ким Клейстерсийн тоглолттой зэрэгцээд Энди Муррей, Италийн Симоне Боллели нарын тулаан болсон. Нөгөө талд болж байгаа тоглолтын уур амьсгалд дарагдсан хоёр теннисчний тулаан гурван цаг гаруй үргэлжилж, 7-6, 6-4, 7-5-ын харьцаатай Британийн теннисчин ялалт байгуулсан байна. Клейстерсийн хувь заяаг давтах дөхсөн чансааны №4 дараагийн шатанд Германы Михайл Беррертэй өрсөлдөнө.

Мария Шарапова өчигдөр болсон тоглолтуудаас бас нэг гайхалтай эргэн ирэлтийг хийж чадсан байна. Францын 17 настай залуу теннисчин Каролина Гарсияд эхний сетэд 6-3-аар хожигдож, дараагийн сетэд 4-1-ээр хожигдож явсан Шарапова дараалан 11 гейм авч, 6-4, 6-0-ийн харьцаатай хожсоноор үзэгчдийн дэмжлэг дор дараагийн шатанд шалгарлаа. Дашрамд сонирхуулахад, Орос теннисчиний шагналын цуглуулгад зөвхөн French Open-ы цом л дутуу байгаа юм.

Тэмцээний таван удаагийн аварга Рафаэль Надаль энэ шатанд эх орон нэгт Пабло Андухартай өрсөлдсөн. Эхний хоёр сетэд 7-5, 6-3-аар Надаль хожсон ч сүүлийн сетийг авах гэж нэлээд зүдэрчээ. 5-1-ээр хожиж явсан Надаль шаардлагагүй олон алдаа гаргасны улмаас тай-брект өрсөлдөх болсон байна. Харин тай-брект 7-4-өөр хожиж, шилдэг 32-т үлдлээ.

Беларусийн Виктория Азаренка, Францын Даулин Пармейнтэртэй өрсөлдөж, нэг цагийн дотор 6-0, 6-1 харьцаатай ялалт байгуулсан байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж