-Мельбурн хотноо энэ сарын 19-д эхэлсэн "Австралийн нээлттэй тэмцээн"-ий шигшээд Их Британы Энди Маррей шалгарлаа.-
Талбайн теннисний энэ оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээд өрсөлдөх эхний эрхийг Их Британы Энди Маррей авлаа. Тэрээр өчигдөр болсон хагас шигшээд тоглолтод Чехийн Томаш Бердыхийг 6:7, 6:0, 6:3, 7:5-аар хожиж, аваргын төлөө тоглохоор шалгараад байна. Маррей "Энэ орой гайхалтай байна. Өрсөлдөгч маш хүчтэй байлаа. Гэвч ялалтыг өөрийн болгож чадлаа." гэсэн байна.
Чехийн Томаш Бердыхийн хувьд шөвгийн наймд Испаний Рафаэль Надалийг хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Дэлхийн чансааны зургаад бичигдсэн Их Британы Энди Маррей тэмцээний VII хэсгийг тэргүүлэн тоглосон. Харин түүнтэй шөвгийн наймд таарах магадлалтай байсан Швейцарийн Рожер Федерер гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн. Мөн Испаний Рафаэль Надаль шөвгийн наймд Бердыхийг бараагүй нь Маррейд томоохон боломж гарч ирсэн юм. Энди Маррейгийн хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь дөрөвдүгээр тойрогт оноолт таарсан Болгарын Димитров байсан бөгөөд тэрээр 6:4, 6:7, 6:3, 7:5-аар хожиж, шөвгийн наймд шалгарсан.
Харин нөгөө хэсгээс дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, аваргаа хамгаалахаар тоглож буй Швейцарийн Стан Вавринка нар шалгараад байгаа. Тэдний тоглолт өнөөдөр болж, Энди Маррейтэй ням гаригт аваргын төлөө өрсөлдөх теннисчин тодрох юм.
Одоогоор дэлхийн чансааны зургаад бичигдэж буй Их Британы Энди Маррей “Их дуулга” тэмцээнд хоёр удаа түрүүлээд байгаа. Харин тэрээр “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд гурван удаа буюу 2010, 2011, 2013 онуудад шалгарсан юм.
Эрэгтэй ганцаарчилсан (хагас шигшээ):
I.29 Чехийн Томаш Бердых – Их Британы Энди Маррей 7-6, 0-6, 3-6, 5-7
I.30 Сербийн Новак Жокович(1) – Швейцарийн Стан Вавринка(4) (Өнөөдөр Улаанбаатар цагаар 16.00 цагт эхэлнэ.)
Финал:
II.01 Их Британы Энди Маррей –
Нэмэлт: 20.00 цаг.
I.30 Сербийн Новак Жокович(1) – Швейцарийн Стан Вавринка(4) 7-6, 3-6, 6-4, 4-6, 6-0
ФИНАЛ:
II.01 Сербийн Новак Жокович(1) – Их Британы Энди Маррей(6)
Ч.БОЛОР