Үндэсний үйлдвэрлэгчдийн өндийх боломж

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэгчдийн өндийх боломж

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигаа гаргачихлаа. Зарлигт буй гол мессеж бол экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх гэж харагдав.

Үнэхээр эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрчдийг биш үндэсний үйлдвэрлэгчдээ тулж байж л өндийхөөс өөр аргагүй болоод байна. Уг зарлиг бол төрийн зүгээс хамаг анхаарлаа хандуулья гэдгээ зарлаж буй хэрэг. Одоо үйлдвэрлэгчид хичээж, иргэд худалдан авагчид дэмжихэд л болно.

Барууны орнуудад шинэ жилийн баярын өмнө худалдан авалт хамгийн оргил үедээ хүрдэг. Харин сар шинийн баяр тэмдэглэдэг монголчуудын хувьд цагаан сарын өмнө борлуулалтын оргил тохиодог. Хямралыг бүгд хүлээн зөвшөөрсөн энэ цаг үед борлуулалтын оргил үеийн мөнгөний урсгалаа гадагш тавиад туух уу, дотоод руугаа эргүүлэх үү гэх сонголт ч бидэнд байна. Өнгөрсөн жилийн хувьд 730 тэрбум төгрөгийг цагаан сараар зарцуулж буй тухай УИХ-ын гишүүний тооцоо ч бий. Ийм хэмжээний мөнгөний эргэлтийн дотогш урсгалтай байвал үндэсний үйлдвэрчдийн хувьд ч, улсын эдийн засгийн хувьд ч ихээхэн нэмэр болно. Харин өнгөрсөн жилүүдийнх шиг импортын бараандаа тавиад туучихвал нэмэр биш нэрмээс болоод л дуусна. Цагаан сар тэмдэглэх гэж цалингийн зээл, тэтгэврийн зээл аваад, эдлэл хэрэглэлээ ломбарданд тавиад эдийн засгаа дэмжих биш туйлдуулах нь эдийн засгийн мэдлэггүй нэгэнд ч ойлгомжтой.

Баярын дараа амьдрал үргэлжилнэ гэдгийг санаад үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээд орхивол иргэдийн хувьд алдаад байх зүйл даанч үгүй. Жаахан сэтгэл байхад л болчихно. Нэгэн үеээ бодвол худалдан авалт хийх сагсандаа заавал гадаадынхыг сонгоод байх шаардлагагүйгээр үндэсний бүтээгдэхүүнүүд бий болсон.

Хямрал, төрийн анхаарал, иргэдийн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжие гэх сэтгэл сэргэх нэгэн ийм үе тохиолоо. Ийм л үеийг үндэсний үйлдвэрлэгчид өндийх боломжоо гэж харах ёстой. Төр нь боломжийг нь бүрдүүлж, иргэд нь дэмжиж, үйлдвэрлэгчид нь ашиглая л даа.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж