О.Байгаль: Намайг зөвхөн хийлч гэж харах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

О.Байгаль: Намайг зөвхөн хийлч гэж харах хэрэггүй

Залуу хүний хувьд Монголын урлагийг хөгжүүлэхэд санаагаа чилээж, ихийг хийж бүтээхээр зорьж буй нэгэн уран бүтээлчийг “Өөр мэдээ” энэ дугаарт онцолж байна. Сингапурт суралцангаа уран бүтээл, ажил гээд завгүй гүйх хийлч О.Байгальтай цахимаар холбогдлоо. Тэрээр “Намайг зөвхөн хийлч гэж хүмүүс хараад байдаг. Үнэндээ би Монголынхоо соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн чадлын хэрээр нэмэр оруулахаар суралцаж, ажиллаж яваа уран бүтээлч шүү” гэсээр бидний яриа эхэлсэн юм.

-О.Байгаль маань ойрд нам гүм байна. Сингапурт сурч байгаа гэсэн үү?

-Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнес менежментийн докторант. Сүүлийн хагас жил Сингапурт судалгааны ажлаа хийнгээ ажиллаж, амьдраад эндээ доктор хамгаалах боломж судлаад байж байна. “Монголын соёл, урлагийн салбарын менежментийг боловсронгуй болгох” гэсэн судалгааны ажлын ерөнхий зорилготой.

-Яагаад заавал Сингапурыг сонгох болов?

-Сингапур бол сүүлийн 50-хан жилийн дотор үсрэнгүй хөгжсөн загвар улс. Аль ч салбараа орхигдуулахгүй жигд хөгжүүлж, иргэд нь амьдралын баталгаажих түвшинд амьдарч байна. Хөгшин Европын түүх, соёл, ахуй, шашин гээд үнэндээ биднээс олон зүйлээр хол. Богино хугацаанд маш том соёлын бодлого хэрэгжүүлж соёл, урлагийн олон салбарыг бүтээж байна. Эндээс Азийн болоод өрнө дорны соёлыг давхар судлах боломжтой. Бид ардчилсан нийгэмд шилжээд удаагүй, нэг ёсондоо нийгмийн шинэ харилцаанд бас залуу улс гэж боддог. Гэтэл социализмын үед сууриа тавьсан сонгодог урлагийн салбарыг богино хугацаанд, хүчтэй бодлогоор нутагшуулж чадсан шүү дээ.

Тэгвэл өнөөгийн нийгмийн онцлогт тохирсон соёл урлагийн салбарыг тасралтгүй хөгжүүлж, хамгаалж үлдэх бодлого зохицуулалт гарч ирнэ.

-Монголын соёл, урлагийн салбарын менежментийг боловсронгуй болгох гэсэн сэдэв чинь сонирхол татаж байна?

-Энэ сэдэв дээрээ эцэслэж тогтоогүй байгаа. Гэхдээ энэ чиглэлээсээ хазайхгүй, дотор нь нарийсгана. Би Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийг хийлч мэргэжлээр төгссөн. Миний амьдрал соёл урлагтай салшгүй холбоотой. Дараа нь СЭЗДС-д “Сонгодог урлагийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр магистр /МВА/ хамгаалсан. Ер нь миний сонирхол хүсэлд анхнаасаа л энэ салбартаа дэмжлэг болох сэтгэл оршиж байсан. Тиймээс энэ чиглэлээрээ СЭЗДС докторантурт элссэн. Манай багш нар ч энэ чиглэлээр явахыг их дэмжсэн. Соёлын салбар их ярвигтай. Ялангуяа хэдий сайн менежер байгаад тэр урлагийн хүмүүсийн бичигдээгүй хууль, нарийн дотоод мэдрэмжгүй төвөгтэй салбар. Энэ цаг үед соёлын бодлого болоод төрөөс баримтлах соёлын хууль, удирдлага, бүтэц, стратеги гээд олон зүйл дээр шинэчлэл хийх болжээ.

-Соёлын хууль байж бодлого зөв явагдах байх. Бусад улс оронд ямар байдаг юм бол?

-Мэдээж бүх харилцаа хуулиар зохицуулагдана. Бусад орны жишээ бол манайхаас өөр л дөө.

Гэхдээ манайх соёлын тухай хуулиа эргэн харж, одоогийн нөхцөл байдалтай зохицуулахын тулд шинэчлэн найруулах цаг болсон. Ялангуяа санхүүжилт болон төрийн соёл урлагийн байгууллага хувийн хэвшилтэй зохицох зэрэг олон заалтууд хэрэгтэй байна. 1996, 2002, 2006 онуудад хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан ч дорвитой сайжирсангүй.

-Монголын урлаг арвин баялаг түүхтэй ч дэлхийд танигдах нь ховор байна. Ингэж хөгжихөд юу хэрэгтэй вэ?

-Бид чинь соёлын агуу онцлогтой нүүдэлчин ард түмэн. ХХ зууны эхний хагасаас төрийн бодлого, хүчтэй байж барууны соёл ялангуяа хуучны социалист орнуудын нөлөөгөөр бид шинэ соёл урлагийн түүхээ эхэлсэн. Үүнийг тасралтгүй хөгжүүлэхэд тухайн бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх арга барил дутагдаад байна. Тухайлбал, сонгодог урлагийн салбарыг маш хүнд байдалд байна гэж хэлнэ. Учир нь бид нэг хэсэг Дуурийн театрт хүн ордог болгох гэж зөндөө ажилласан. Гэтэл одоо хэн бүжиглэж, хөгжимдөж, бүжиглэх вэ гэж асуудал гарч байна.

Хөгжим бүжгийн коллежийн утсан хөгжмийн ангид жил бүр 50 сурагч элсдэг ч 4-5-хан хүн төгсдөг. Тэд нь гадагшаа гарна эсвэл чөлөөт уран бүтээлч болно. Энэ мэтчилэн яриад байвал олон зүйл бий. Гол нь зөв төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлдэг баймаар юм.

-Уран бүтээлч хүнд доктор хамгаалах хэцүү байна уу?

-Доктор хамгаалах бас зүгээр ч нэг амархан давчих даваа биш. Бичгийн хүн болоод бас овоо хугацаа өнгөрч. Монголын соёлын салбарт өгөөжтэй юм хийх санаатай сурч судалж л байна. Надад олон салбарт ажилласан туршлага бий. Гэнэт доктор болчих гээд гүйгээд байгаа юм биш. Чанартай өгөөжтэй доктор болох гэж хичээж байна.

Өнгөрсөн хугацаанд хөгжим бүжгийн коллежид маркетингийн ажилтан хийлээ. Олон төслүүдэд ажиллаж, өөрийнхөө зургаан тоглолтыг хийлээ. Бизнесийн болон төрийн байгууллагад ч ажиллалаа. Оюутны диплом хүртэл удирдаад амжсан. Хувийн компанид бизнес хөгжлийн захирал хийлээ. Энд бас давхар Монгол компанийн төлөөлөгчийн алба хашиж байна. Өнгөрсөн жил миний байгуулсан компани 10 жилийн ойгоо хийсэн. Ойгоо тохиолдуулаад хоёр өвөөгийнхөө нутагт зочид буудал нээсэн гээд яривал бас чиг олон зүйл амжуулжээ.

-10 жилийн түүхтэй компаниа танилцуулаач?

-“Кристал хаус” компанийг маань хүмүүс мэднэ. Олон эзэгтэйн гал тогоонд манай оруулж ирсэн шил шаазан эдлэл байдаг байх. Хийл хөгжим, болор эдлэлтэй салшгүй холбоотой. Энэ бүгдийг амжуулахад эцэг эхийн минь хүмүүжил нөлөөлсөн. Тэдний надад өгсөн үр жимс шүү дээ.

Ер нь урлагийн биднийг өнгө мөнгө хөөлөө, ард нь ийм тийм санхүүжүүлэгч байдаг гэж ярьдаг. Тийм үед би гаргаад үзүүлэх юмтай, хийсэн бүтээсэн ажилтай хүн шүү гэж хэлмээр санагддаг.

-Энэ олон ажлын хажуугаар уран бүтээлээ хийж амжиж байна уу?

-Тэгэлгүй яахав, 23 жилийн нөхөрлөлөө тийм амар дуусгахгүй ээ. /инээв/ Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нд Сингапурын Феррари эзэмшигчдийн гала үдэшлэгт урилгаар тоглосон. Хятад хоёр дууг өөрөө хийл хөгжимд зориулан найруулж тоглосон. Тэнд олон хүнд хүрч чадсан бололтой. Ирэх дөрөвдүгээр сарын 26-нд Сингапурын “Rotary club”-ийн нэлээн том арга хэмжээнд уригдсан. Хамт тоглох төгөлдөр хуурчаа урьж авч ирнэ. Ирэх сард цөөн хоног Монголдоо очихдоо шинэ уран бүтээлээ дэлгэнэ. Мөн Сингапур, Хонгконгд тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна.

-Гала үдэшлэгийнхээ талаар яриач. Монголын хийлч бүсгүйг хэрхэн хүлээж авав?

-Сингапурын нэр хүндтэй зочид буудал болох “Fullerton Bay” -д салбар, салбарын 250 тусгай зочин зориулсан Феррари машин эзэмшигчдийн Гала үдэшлэг юм. Энэ үдэшлэг жил бүр болдог. Сингапурт машины татвар маш өндөр байдаг учир голдуу хөрөнгөтнүүд эзэмшигчид нь байдаг. Тэд энэ удаа өвөрмөц шийдэл гаргаж гаднаас уран бүтээлчид урилгүй өөрсдөө дуулж хөгжимдөж авьяасаа сонирхуулсан. Эндхийн клубын гишүүн надад хятад дуу хамтран тоглох санал тавьсан юм. Ингээд бид нэлээн хэдэн өдөр бэлтгэл хийж тоглосон. Хятад дууг хийлээр тоглоход маш гайхалтай хүлээж авсан. Үүний дараа хоёр ч газраас урилга аваад байна.

-Өнгөрсөн жил төгөлдөр хуурч Б.Оюутай хамтран хийсэн тоглолт чинь хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Дахин хамтарч тоглох уу?

-МСМ буюу мерседес бенз үзүүлэнгийн танхимд ДБЭТ-ийн Мемори поп оркестр төгөлдөр хуурч найз Б.Оюутайгаа хамтарч “Glorious Mongolia” тоглолтоо амжилттай хийсэндээ баяртай байна. Тоглолт маань хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд бид зөвхөн Монголын сор болсон гайхалтай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сонгон тоглосон. Тоглолтод маань МУГЖ Ө.Уянга, “Гурван охин” хамтлагийн дуучин Д.Солонго нар урилгаар оролцож гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн “Хөх тэнгэрийн орноор” аяллын гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн.

Мөн миний найз загвар зохион бүтээгч С.Ариунаа ( Ариунаа Сүри ) тоглолтын маань гайхалтай даашинзуудыг гурав дахь жилдээ урлаж өгсөн. Мэдээж хамтран дэмжиж олон байгууллага, найз нөхөд оролцож, үзэгчид сэтгэл хангалуун байсанд тун их баяртай байгаа. Тоглолт маань “Монгол Улсын төрийн дуулал”-аар эхэлж “Халуун элгэн нутаг”-аар төгссөн.

-Хийл хөгжмийн тухай сайхан үгс олон. Чиний хувьд юутай зүйрлэх дуртай вэ?

-Хийл хөгжмийг сайхан бүсгүйтэй зүрлэнэ дээ.

-О.Байгалийн хобби юу бол?

-Би ном унших дуртай. Бас уран зурагт нугасгүй. Яруу найрагт дурлана. Хааяа юм бичих онгод орохоор өөртөө зориулаад сараачина. Мэдээж урлагийн хүн учир балет, дуурь үздэг нь ойлгомжтой. Гэхдээ зав л гарвал ном уншдаг даа.

-Уран бүтээл, ажил, сургууль гээд завгүй гүйдэг хүнд хэн хань болж байна. Найз залуутай болсон уу?

-Би чинь нээлттэй сэтгэлгээтэй, их найзламтгай хүн.

“Алтан үсгээр бичиж титэм хийж өмсмөөр

Анд найзууд минь миний цорын ганц гангараа гэж…”

Одоогоор найз залуутайгаа таараагүй л байна. Мэдээж өмнө нь байсан ч амьдрал болсонгүй. /Инээв/ Монголдоо байхгүй болохоор бүр хязгаарлагдаад байх шиг байна. Харин хаа ч явсан би найз нөхдөөр баян хүн дээ.

-Бүсгүйчүүдээ гадаад хүнд алдах вий гэсэн айдастай хүмүүс байдаг. Гадаад хүнтэй суух тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Дэлхий бөөрөнхий, даяаршаад байхад хайрлаж дурлавал яагаад болохгүй гэж. Би чөлөөтэй үзэл бодолтой хүн. /инээв/ Гэхдээ тааж мэдэх юм алга.Сэтгэлээ л дагна даа.

Би нэг зүйлд их эмзэглэж явдаг. Өнөөгийн нийгэмд ялангуяа залуучууд урлагийн тодотголтой эмэгтэйчүүдийг хүндлэхээ байж, доромжлох юм. Яагаад монгол бүсгүйчүүдээ үзэн ядаад байдгийг нь ойлгодоггүй. Ингэж бүсгүйчүүдээ шахаж, дарамталж эхлэнэ гэдэг сайны дохио биш. Зарим нэг залуусаас “Чамайг ямар эмэгтэй ингэтэл чинь гомдоосон юм бэ? гэж асуумаар санагддаг.

Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж