Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс хиймэл оюун ухааны технологийн хөгжилд хүн төрөлхтөн санаа зовних ёстой хэмээн үзэж байна. Тэрээр Reddit сайтын хэрэглэгчидтэй онлайн яриа өрнүүлэх үеэрээ “Би супер оюун ухааныг бүтээхийн эсрэг байдаг. Машин, техник бидний өмнөөс зарим ажлыг гүйцэтгэж болох ч супер оюун ухаан гэж байх ёсгүй. Энэ нь бидний удирдан хөтлөх арга хэлбэрээс хамаарна. Хэдэн арван жилийн дараа хиймэл оюун ухаан бидний сэтгэлийг зовоохуйц өндөр түвшинд хөгжих болно” хэмээн Гейтс хэлжээ.
Тэрээр энэ тал дээр Tesla компанийг үндэслэгч Элон Маск, Британийн физикч Стивен Хокингтой санал нэгдэж байна. С.Хокинг “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь хүн төрөлхтөнд аюултай. Ойрын үед хүнийг давж гарах машин, техник бий болно гэхээс айдас төрж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: www.polit.mn