УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсөлд тусгаснаар хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол хийж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгаад байна. Түүнчлэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгажээ.
Улсын Их Хурал нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулахаар тусгасан байна.
Мөрдөн шалгах сонсголын тухайд, олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн болон Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор Улсын Их Хурлаас явуулна. Улсын Их Хурлаас тухайн сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулахаар төсөлд заажээ.
Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заасан байна. Мөн Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол явуулах уян хатан зохицуулалтыг тусгажээ. Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсгол явуулах үндэслэл журмыг Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуульд заасан нөхцөл, журмын дагуу явуулах нь зүйтэй гэж үзсэн аж.
Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар тус тус заасан байна.
Хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Г.ДАРЬ