Монгол Улсын Гадаад хэргийн сайд, ОХУ-Монгол Улс хоорондын Засгийн газрын комиссын дарга Л.Пүрэвсүрэн ОХУ-ын томоохон бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр хөрштэй харилцах асуудлыг Гадаад хэргийн сайд мөн хариуцдагийн хувьд тус улсын бизнесийн томоохон төлөөлөгч ОХУ-ын эрчим хүчний ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин тэргүүтэй зочидтой уулзаж хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа болон ОХУ-ын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл солилцлоо. Гадаад хэргийн сайдын хувьд хоёр хөрштэй тэгш хамтын ажиллагаатай байхыг эрмэлзэж байгаа аж. Тэд манай улсын гадаад худалдааны бланс тэнцвэргүй, хэт нэг тал руу хазайсан байгаад ихээхэн анхаарал хандуулж байгаа бололтой. Учир нь, Монгол Улсын өнгөрсөн жилийн гадаад худалдааны блансыг харахад нийт экспортын БНХАУ 91.7 хувь, харин ОХУ 0.9 хувийг эзэлж байна. ОХУ-ын эрчим хүчний ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын зарим гишүүд, сайд нартай уулзах юм байна. ОХУ-ын ЕСН групп нь газрын тос болон эрчим хүчний үйлдвэрлэлийн бизнест том орон зай эзэлдэг ОХУ-ын төмөр замын РЖД компанийн төмөр замын сүлжээг цахилгаан эрчим хүчээр хангадаг юм байна.
С.ОТГОН