Шариатын хуулийн ээлжит хохирогч

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Шариатын хуулийн ээлжит хохирогч

 

Гудамжинд хар хувцастай, сөгдөж суулгасан эмэгтэй “Би алаагүй, би алаагүй” хэмээн өөрийгөө буруугүй гэж тайлбарлахыг хичээн ориловч эргэн тойрондох хүмүүсийн хэн нь ч туслахгүй харж зогсоно. Аврал эрэн чадлаараа эсэргүүцэх түүнийг шариатын хуулийн нэрийн өмнөөс тахир мөнгөн сэлмээр толгойг нь цавчин цаазаллаа. Ямар гэм нүгэл үйлдсэнийг нь цагаан хоолойгоор зарласны дараа эмнэлгийн машин ирэн хөөрхий эмэгтэйн цогцсыг авч одов. Энэхүү хөнөөгдөж байгаа эмэгтэй долоон настай дагавар охиноо шүүрээр зодон амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгджээ. Тусгай мөрдөх ажиллагаа ч явуулсангүй, гэр бүлийнхэн нь түүнийг буруутай гэж үзсэнээс “ариун шариатын хуулиар” ийнхүү цээрлүүлсэн байна.

 

 

Сэтгэл сэрдхийлгэм энэ дүрс бичлэг олон нийтийн сүлжээ сайтууд төдийгүй өрнөдийн хэвлэлүүдээр цацагдан шуугиан дэгдээгээд байгаа юм. Энэ явдал Саудын Араб улсад болсон ба тус улсын хаан Абдулла өвчний улмаас таалал төгсөж, түүний дүү Салман хунтайж шинэ хаанаар сонгогдож олон улсын анхаарлын төвд өртөн буй үетэй давхцан гарлаа. Үүгээр ч зогсохгүй хунтайж хаан ширээнд заларсантай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  тус улсад тэргүүн хатагтайн хамт айлчлал хийж байгаа үеэр болсныг хэвлэлүүд холбон шүүмжилж байгаа юм.

 

Дэлхийн хамгийн ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг хэмээгддэг АНУ-ын эртний холбоотон, томоохон түншүүдийн нэг Саудын Араб улсад ихэнх улс орнуудын хувьд өнгөрсөн зууны түүх болон үлдсэн толгойг нь цавчин цаазын ялыг гүйцэтгэх харгис ёс хэвээр үйлчилсээр байна.

 

Шашны нэрийн өмнөөс олон зуун эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хөнөөсөөр. Эцэг эхийнхээ сонгосон нөхөртэй гэрлээгүй, нөхрөөсөө өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэх, биеийн хэсэг нүүр царайгаа гадны хүнд харуулах гэх мэт олон шалтгаанаар гэр бүлийнхээ нэр хүндийг унагаж, гутаан доромжилсон гэм нүгэлд унан чулуугаар цохиулан алуулах ял авсаар байна. Энэ аймшигт ялын тухай дэлгэрэнгүй харуулсан “The Stoning of Soraya M” нэртэй кино 2008 онд дэлгэцнээ гарч, тус ялын гүйцэтгэл ямар харгис хэрцгийг байдгийг харуулж, дэлхий нийтийг цочирдуулж байсан юм.

 

 

Олон улсын хүний эрхийн байгууллагаас 2014 онд Саудын Араб 87 иргэнээ шариатын хуулиар шүүж  цаазын ял оноосныг зарласан ба Умард Солонгос, Туркменстан зэрэг хүний эрхийн түвшин хамгийн доод зэрэглэлээр тогтоогддог улсуудтай эн зэрэгцдэг тухай  дэлгэсээр ирсэн. Хүн амын 85 хувь нь сүннит, 15 хувь нь шийтүүдээс бүрддэг тус улсад шариатын дэглэм хамгийн хүчтэй үйлчилдэг.

 

Саудын Араб нь дэлхийн газрын тосны гол экспортлогч, ОПЕК-ийн хамгийн том гишүүн орон гэдэг утгаараа Арабын хойгийн элсэн цөлд алтанд умбаж, торгонд хөлбөрдөг боловч нийгэмд нь шашны нөлөө гүн гүнзгий нөлөөлсөн хэвээр л байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал Саудын Арабт тун хэцүүхэн. Алт газрын тосоор баялаг, чинээлэг орны иргэдийн хувьд автомашин жолоодох ч эрхгүй байна гэдэг эмэгтэйчүүдийн хувьд том асуудал. Жолоо барьсан эмэгтэйг чирж буулгаад гудамжинд ташуурдаж цээрлүүлэх нь энүүхэнд. Дэргэдэх Арабын Эмират, Кувейт, Катар зэрэг өндөр хөгжилтэй баян тансаг Арабын улсуудын эмэгтэйчүүд тэдний дэргэд хавьгүй аз жаргалтайд тооцогддог.

 

Хэдхэн хоногийн өмнө таалал төгссөн Абдулла хааны засаглалын сүүлийн жилүүдэд, тодруулбал 2005 оноос хожуу ч гэсэн эмэгтэйчүүдийн боловсролын асуудалд төрөөс эрх тэгш үзэл баримтлах болсныг тус улсын хувьд хүний эрхийн том үсрэлт гэж үзэж байгаа. Хааны гэр бүлийн дэргэдэх Шурагийн зөвлөл хэмээх нэг ёсны шашны парламент маягийн бэлгэдэл төдий байгууллагадаа эмэгтэйчүүдийг оруулах болсон, мөн энэ жилээс эмэгтэйчүүд орон нутгийн сонгуульд санал өгөх эрхтэй болж байгаа зэрэг нь бага ч болтугай ахиц юм.

 

Харамсалтай нь таалал төгссөн хааны хойдохтой хамт өрнөдийн улсуудын удирдагчид эмэгтэйчүүдийн боловсрол, сонгох эрхийг өгсөн сайн удирдагч байлаа хэмээн эмгэнэлээ илэрхийлж байхтай зэрэгцэн эмэгтэй хүнийг гудамжинд цавчиж орхисон нь тус улсын дотоодод гүнзгий нэвширсэн шашны дарангуйлал хүчтэй хэвээр байгааг батлан харуулж байна.

 

Нэн ялангуяа Ардчилсан улс гэгдэх АНУ-ын ерөнхийлөгч Энэтхэг дэх айлчлалаа Саудын Арабт үргэлжлүүлж байх үед гудамжинд эмэгтэй хүнийг хөнөөж байсан нь хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд хурцаар өртөж байгаа юм.

 

Дашрамд дурьдахад, энэхүү бичлэгийг гар утсаараа бичин цахим ертөнцөд байршуулсан иргэн баривчлагдсан байна. Түүнийг тус улсын Кибер орчинд мөрдөх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн буруутгажээ.

 

Н.ЦЭНД
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж