“Нью-Йорк” таймс сэтгүүл 2015 оны эрэгтэй хаврын гадуур хувцасны гоёлын чиг хандлагыг танилцуулжээ. Эрчүүд энэ хавар ямар гоёл өмсөх вэ?… Эрэгтэй ажил хэрэгч хүрэм дэгжин залуусын хувьд бараг л амин сүнс нь гэвэл буруудахгүй. Учир нь тэд өвөл, хавар, намрын турш пальтогоор гоёдог шүү дээ. Тийм ч учраас энэ удаад эрчүүдийн хаврын гоёл ямар байх тухай танилцуулахаар шийдлээ.
Эрчүүдийн дийлэнх нь ажил хэрэгч хослол байхад бүх арга хэмжээнд өмсч болох супер хувцас гэж төсөөлдөг. Тэгвэл бидний энэ сэтгэлгээнд дэлхийн том брэндүүд хэрхэн хариулсан байдаг бол…Мэдээж эмэгтэй хүнтэй адил олон төрлийн гоёл чимэглэл ашигладаггүй ч тэдэнд өөрсдийн гэсэн гоёл байдаг.
Харин алдартай дизайнер, загвар шүүмжлэгчид хэлэхдээ “Жил ирэх тусам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гадуур хүрэмний загвар адилхан болж байгаа. Цаашдаа ч хоорондоо ялгагдахааргүй загварын хувцсаар гоёх болно” гэж тодорхойлсон байна. Магадгүй ирээдүйд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны сонголт, загвар илүү адилхан болж ч болох юм.
“Christian Dior” компанийхан энэ хаврын эрэгтэй, эмэгтэй загвараа танилцуулжээ. Тэдний загвар бараан хэрнээ тод өнгийг эрэлхийлэх бөгөөд мөр унжсан, өвдөг давсан урт загвартай. Хуучны уламжлалт гадуур хүрмийн загварыг харуулах хэрнээ “Futuristic type” стилийг ч өөртөө шингээсэн байх аж. Зах, энгэрийн загвар нь хуучны хэрнээ материалын хувьд шинэлэг. “Christian Dior” уран зөгнөлт, бодит ертөнцийн хэв маягийг тун ухаалгаар зохицуулсан нь 2015 оны эрэгтэй хавар намрын коллекцийг танилцуулах үеэр хүрэлцэн ирсэн зочдыг алмайруулжээ.
“Louis Vuitton” брэндийн хувьд хавар, намрынхаа загварыг нэгдүгээр сарын 22-нд Парис хотноо танилцуулжээ. Тэдний хаврын эрэгтэй пальтоны загвар харьцангуй залуу үеийнхэнд зориулагдсан гэж болно. Мэдээж өнгө, материал нь “Louis Vuitton” брэндийн онцлогийг илтгэх аж. Харин загварын хувьд олон хүнийг гайхшруулсан гэж хэлж болно. Жишээ нь, брэндийнхээ лого болсон өнгийг малгай, богино, тод өнгийн хээтэй хослуулсан байв. Мэдээж ажил хэрэгч эрэгтэйн гадуур хүрэм учраас бага зэргийн классик хэв маягийг оруулж өгчээ. Ихэвчлэн хуучны уламжлалт хэв маягийг харуулдаг брэнд энэ удаад уламжлалт хэв маягаасаа татгалзсан уу гэлтэй харагдав.
Тансаг байдлыг эрхэмлэдэг “Gucci” брэндийн гадуур хувцас энэ жил Европын орнуудад трэнд болж байна. Тэдний тансаг, классик загварууд эрчүүдийг олон өнгийн зангианаас татгалзахад хүргэжээ. Зангианы оронд тус брэндийнхэн торгомсог материалтай ороолтоор гангарахыг санал болгож байна. Мөн пальтоны өнгө хослолын өнгөтэй адил, эсвэл хослосон өнгөтэй байх бөгөөд дотуураа өмссөн пиджак нь огт өөр төрлийн өнгөтэй байх ёстой гэх жишээний. Мэдээж уламжлалт суурь болсон загвар, эрчилсэн үслэг даавууны болон ноосон хатуу даавуун материал нь “Gucci” брэндийн ажил хэрэгч гадуур хүрмийн загварыг тодорхойлж байгаа юм. Ажил хэрэгч залууст сонирхуулахад ажил хэрэгч өмд шагайгаар татсан урттай байх нь илүү зохимжтой харагдана.
Дэлхийн томоохон брэндүүд эрэгтэй хавар, намрын гоёлын чиг хандлагыг 2015 онд ийм маягаар тодорхойлсон бол эрэгтэй хувцасны хаврын гоёл ямар байх талаар “Говь” компанийн экспортын хувцас хариуцсан дизайнер Ц.Азцэнгэл дараах хариултыг өгч байна.
-Энэ хаврын эрэгтэй гадуур хувцас, тэр дундаа пальтоны загвар ямар байх бол?
-Хэлбэрийн хувьд унжсан мөртэй, өвдөг давсан урттай, багваахай хэлбэртэй байх болов уу. Дэлхийн чиг хандлага ч энэ чиглэлийн загварыг их сонирхох болсон.
-Өнгөний сонголтын хувьд?
-Тод шар, ягаан, завсрын зөөлөн өнгийг эрхэмлэнэ. Сүүлийн үед тод шар өнгө моданд орж байгаа гэж хэлж болно. Ажил хэрэгч гадуур хүрэм гэдэг утгаараа уламжлалт суурь, хэлбэр нь эвдэгдэхгүй. Дээр нь нэмээд бага зэргийн классик загвартай байж болох юм. Гадаадын захиалагч нар бидний классик загвартай хувцсыг нилээд захиалж хийлгэдэг.
-Эрэгтэй, эмэгтэй гадуур хувцасны загварт ижил чиг хандлага давамгайлж байх шиг байна. Та санал нийлэх үү?
-Сүүлийн үед “Unisex” загвар түгээмэл болж байгаа. “Unisex” гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоёулаа өмсөж болох загварыг хэлж байгаа юм. Загвар өнгө, материалын хувьд өөрчлөлтгүйгээр зөвхөн хэмжээнээс нь шалтгаалан захиалж, өөртөө авч өмсдөг загвар гэж хэлж болно. Ер нь дэлхийн алдартай хувцасны дизайнер, шүүмжлэгчид цаг хугацаа явах тусам эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг загварын хувцас өмсөх болно гэж хэлсэн байдаг шүү дээ. Жил ирэх тусам л эрэгтэй, эмэгтэй хувцасны загвар хоорондоо илүү төстэй болж байгаа нь ажиглагдаж байгаа.
-“Говь” компани шинэ загварын коллекцио хэзээ танилцуулах вэ?
-Гуравдугаар сард бид зуны коллекцио танилцуулах байх. Гэхдээ яг одоогоор тодорхой хугацаа хэлэх болоогүй байна. Харин ирэх намар, өвлийн коллекцио есдүгээр сард танилцуулах байх аа.
Э.ТЭКҮ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин