21-р зуунд эмгүй эмчилгээ газар авч байна

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

21-р зуунд эмгүй эмчилгээ газар авч байна

Хүүхдийн бариа ямар тустай вэ?

Хүйтний улиралд бага насныхан ханиад томуугаар өвчлөх нь ихэсдэг. Ханиад туссан хүүхэддээ эцэг, эхчүүд элдвийн эм уулгах нь элбэг. Тэгвэл анагаах ухаанд аль болох эм хэрэглэхгүйгээр ханиадаа эдгээх, мөн урьдчилан сэргийлэхийг зөвлөх болсон билээ. Хүүхдээ эмээр эмчлэхээс гадна уламжлалт эмчилгээний нэг хэлбэр болох бариа засалтай хослуулах нь илүү хурдан эдгэрэх боломжтойг Анагаах ухааны магистр, “Энх-Сундара” хүүхдийн эмнэлгийн их эмч Ч.Алтансэлэнгэ хэлэв.

-Хүүхдийн бариа засал гэж юу вэ? Ямар үед хийлгэх ёстой вэ?

-Уламжлалт эмчилгээний аргад нийт гурван төрлийн эмчилгээний арга гэж байдаг.Нэгт зүү төөнүүр, хоёрт бариа засал, гуравт эм буюу танаар үйлчлэх ордог. Үүн дундаас бариа засал нь ихэвчлэн толгойн бариа, их биеийн бариа, хэсэгчилсэн бариа гэсэн гурван төрлөөр хийгддэг. Хүүхдийн бариаг тухайн хүүхдийн бие организмыг өсгөж хөгжөөх, эрүүл чийрэг өсөж торниход хэрэглэхээс гадна эрүүл ба өвдсөн ямар ч хүүхдэд хийж болно. Эрүүл хүүхдийн бариа заслыг энгийн, нөхөн сэргээх журмаар бариа хийдэг. Харин өвчтэй хүүхдэд эмийн эмчилгээтэй цуг бариа хийвэл өвчин нь хурдан эдгэрч дархлааг нь сайжруулна. 21-р зуунд эмгүй эмчилгээ газар авч байгаа ба бариа эмчилгээний гол онцлог нь ерөөсөө эмгүйгээр тэр бие мах бодийг өөрөө өөрөөр нь эрүүлжүүлж байна гэсэн үг юм.

-Хүүхдийн барианы ач тус юу вэ? Хүүхдийн бариаг хийлгэснээр хүүхдэд гарах өөрчлөлтүүдээс дурьдвал?

-Нярай болон бага насны хүүхдийн барианы ач тус бол маш их юм. Нярай үед нь бариа хийлгэх сайны дээрээс хүүхдийн хөдөлгөөн сэтгэцийн онцлогт маш чухал нөлөөлнө. Хүүхэд бариа хийлгэснээр маш сайн тайвширан амарч, эд эсүүд сэргэж өгөхөөс гадна цусан хангамж сайжирч улмаар эд эрхтэний үйл ажиллагаа хурдан сайжирна. Илүүдэл жинтэй хүүхдийг хэвийн хэмжээнд нь оруулах, хэт туранхай хүүхдийн тураалыг зогсоох, унтаж чаддаггүй хүүхдийг унтуулдаг болгох, тархины даралттай төрсөн хүүхдүүдийн зовиурыг арилгах зэрэгт бариа нэлээд үр дүнтэй юм. 2 сартай толгойгоо даахгүй , 6 сартай суухгүй, 8 сартай мөлхөхгүй, 10 сартай юм түшиж зогсохгүй, 12 сартайдаа явж чадахгүй, 2 настайдаа үг хэллэг хэлэхгүй зэрэг хөдөлгөөний болон оюун ухааны хомсдлыг арилгах боломжтой. Цэцгийг тордоод услаад байвал сайн ургадаг шиг хүүхдийг тослон барьж, илж мэдэрлийн эсийн цэгүүд дээр нь дараад өгвөл хүүхэд эрүүл өсч том болон, ажиллахгүй ба бага зэргийн алдагдалтай байсан эрхтэнгүүд нь хурдан сайжирч хэвийн үйл ажиллагаандаа орно.

-Хүүхдийн бариаг хэр удаан ямар шатлалтай хийх шаардлагатай вэ?

-Хүүхдээ бариалахдаа тууштай бариулах хэрэгтэй. Нэг, хоёр удаа бариулчихаад эцэг эхчүүд зав болохгүй байна гээд хүүхдээ бариулахаа больчихдог юм. Бариа бол кранттай усыг хаахаар шууд гойжихоо болидог шиг үр дүнгээ хурдан өгөхгүй. Бариаг курс эмчилгээгээр хийвэл илүү их ач холбогдолтой ба хүүхдийн бариаг 3 курсээр хийдэг. Нэг курс нь эмчилгээ нь 7-10 үргэлжлэх бөгөөд нэг курс бариа хийлгээд долоо хоног өнжсөний дараа дараагийн курс эмчилгээг эхлүүлдэг. Хүүхэд бариулснаас хойш 7-8 хонож байж үр дүн нь илэрдэг бол нярай хүүхдэд үр дүн нь илүү хурдан илэрдэг.

Б.СОНИНБИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж