УИХ-ын сонгууль зарлагдахад жил гаруйн хугацаа үлдсэн ч МАН, МАХН-ынхан сонгуулийн “шоугаа” эхлэв бололтой. МАХН-ынхан төрөөс малчдыг цалинжуулдаг болбол ямар вэ гэсэн санал гаргангуут МАН-ынхан “Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүгийн дарамтыг багасгана” гэсэн бодлого дэвшүүллээ. Сар шинийн бэлтгэлээ базаахаар тэтгэврийн зээл авч байгаа ахмадуудад түүн шиг сайхан мэдээ үгүй. Сарын 1.5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийн хүүг хөнгөлнө гэхээр МАН-ынхан шиг амьдрал мэддэг улстөрийн хүчин Монголд үгүй мэт санагдаж байгаа биз. Гэхдээ уучлаарай. МАН-ынхан хуулийн төсөл санаачлаад Монголын арилжааны банкуудын зээлийн хүү буурчихдаг бол сайхан л байна. Хоёр гараа өргөн, хуулиа санаачил, УИХ-аар батлуул гэж хашгирахсан. Даанч ийм боломж Монголд алга.
Яагаад гэвэл өнөөдөр арилжааны банкуудын хадгаламжийн хүү өндөр, түүнийг дагаад зээлийн хүү өндөр байна. Хэдийгээр банкны зээлийн хүүг бууруулах гол механизм нь гадны банк орж ирж монофолийг задлахаас эхэлнэ гэдэг ч эргээд түүнээс илүү төлөөсийг буцааж төлөх эрсдэл бий учраас өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй явж ирсэн тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэхдээ цаашдаа ийм байдлаар өндөр хүүтэй зээлд дарлуулаад байж таарахгүй, түүнээс гарах гарц нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, гадаад зах зээлээс урт хугацааны бага хүүтэй зээл босгох боломж гэж үздэг ч энэ талын ажил өнгөрсөн хоёр жилд огт хийгдсэнгүй.
Уг нь С.Батболдын Засгийн газрын үед хөрөнгө зах зээлийг хөгжүүлнэ гэсэн бодлого тодорхойлогдсон ч ажил нь үргэлжилж чадаагүй. Хамгийн зөв гарц бол энэ. Цаг хугацаа шаардах ч ийм гарц нь илүү ирээдүйтэй. Түүнээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлсэнчлэн банкуудын зээл олгох үйл ажиллагааны зардал 1 хувьд хүрэхгүй, 6.3 хувь нь банкинд ашиг болон үлдэж байгаа учраас зээлийн хүүг бууруулах ёстой гэж дүүгүүрдэх нь эдийн засаг эмзэг байгаа үед банкны салбараа нэмж эрсдэлд оруулах л алхам.
Хэдийгээр банкны зээл олгох үйл ажиллагааны зардал 1 хувьд хүрэхгүй харагдаж байж болох ч иргэдэд зөвхөн ATM машин үйлчилгээ үзүүлдэггүй. Суман дахь арилжааны банкны салбар 5 хүнтэй. Аймаг, нийслэлийн банкны салбар сумын салбарыг 4-5 дахин нугалах хүчээр ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Тэднийг цалинжуулах, шинэ технологи нэвтрүүлж, цахим ертөнц дэх аюулгүй байдлаа хангах гээд олон, олон үйл ажиллагааны зардлаа хадгаламжийн хүү, зээлийн хүүгийн зөрүүнээс олсон ашгаараа л нөхнө. Компани ямар зарчмаар ажилладаг, яг түүн шиг.
Үүнийг мэдсээр байж, “Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна” гэж шоудах нь сонгууль угтсан популизм болохоос биш улсаа, иргэдээ бодсон бодлого биш. Иймэрхүү “сайхан” амлалтын төлөөс нь өнөөдөр эдийн засгийн хямрал болчихоод байгаагаа санаж сэрэх цаг болсон юм биш үү.
2008 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намууд бие биентэйгээ уралдан ямар амлалт өглөө. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хэчнээн тэрбум төгрөгийг хайр гамгүй “цацлаа”. Тухайн үед иргэд “Бидэнд бэлэн мөнгө өг” гэж гуйгаагүй, сонгууль ялахын тулд өнөөдрийн улс төрийг зураглаж байгаа намууд л амласан. Амлалтандаа хүрэхийн тулд Оюутолгой компаниас урьдчилгаа хэлбэрээр 250 сая ам.доллар, Чалько компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Яаж ч үгүйсгээд, хамтарсан Засгийн газрын үед л тавигдсан өр. Өнөөдөр түүнийгээ хэрхэн дарах вэ гээд хэрэлдээд сууж байгаа нь бас үнэн. Замын салбар улстөржсөнөөр “Танай намын зам, манай намын зам” гэдэг онигоо зохиогдсон шиг энэ их хэрүүлээс болж “Танай намын тавьсан өр, манай намын тавьсан өрөөс их” гэсэн хэрүүлтэй сууна. Эцсийн эцэст ийм хэрүүл хийлээ ч нэгэнт үүссэн өрийг төлж л таарна. Урдах өрөө яая гэж байж, банкны зээлийн хүүг бууруулна гэж “шоудах”-ынхаа оронд эхлээд Өрийн удирдлагын тухай хуулиа баталж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргах гарц хайхгүй бол зээлийн хүүтэй ноцолдоод хол явахгүй.
Хөрөнгө оруулалтаа тат, том төслүүдээ хөдөлгө, өдөртөө 3 сая төгрөгийн ч арилжаа хийж чадахгүй болтлоо доройтчихоод байгаа Хөрөнгийн биржээ амь оруул.
Тэгж байж хямралаас гарна, түүнээс тэр нам сонгууль угтаж улстөр хийгээд эхэллээ, манайх хоцрох нь гэдэг байдлаар асуудалд хандвал тамын тогооны үлгэрээ л давтана. Юуны төлөө Засгийн газарт хамтарсанаа санах цаг болж… Бага шиг л популизмд. Энэ л улс оронд ус агаар шиг хэрэгтэй байна.
Г.ДАРЬ