Таван жилийн турш олгогдолгүй завсарлаад байсан хайгуулын лиценз хүссэн өргөдлийг энэ сарын 26-наас авч эхэлсэн. Зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг ямар нэгэн маапаан, маргаангүй олгох үүднээс өргөдлийг нарийн нууцлал бүхий систем, өндөр үнэ бүхий төхөөрөмж ашиглан өдөрт 30 өргөдлийг цахимаар авна гэж мэдэгдээд байгаа. Чухамхүү гадны ямар ч нөлөө, ашиг сонирхол орохгүй чин шударгаар, өндөр зэрэглэлд, багагүй өртгөөр бичигдсэн программ ашиглаж байгаа гэж мэдэгдэж байсан ч өргөдөл олгож эхэлсэн эхний өдрөөс л багагүй эргэлзээ дагуулж, компаниудад хардлага төрүүлээд амжсан. Учир нь аж ахуй нэгжүүд 280 мянган төгрөгөөр худалдан авсан, 500 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх төгрөгийн үнэтэй эрх бүхий төхөөрөмжийнхөө учрыг олж ядаж байх зуур сүлжээ тасран энэ хооронд 30 компани өргөдлөө аль хэдийнээ бүртгүүлчихсэн байсан гэж аж ахуй нэгж, байгууллагууд гомдол гаргаад байгаа. Харин Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар/АМГ/-аас энэ мэдээллийг ор үндэслэлгүй гэж тас гүрийцгээсэн.
Ингээд энэхүү маргаан намжаагүй байтал хоёр дахь өдрийн дугаар олголтод буюу энэ сарын 28-ны өдөр дахиад л багагүй маргаан үүсчихсэн байна. Энэ бол 30 компани гэрлийн хурдаар буюу 2.46 минутад өргөдлөө бөглөж зөвшөөрөл авсан, нэг компани хоёр бүртгэгдсэн зэрэг явдал юм. Тодруулбал, “Гэрэлт шинэчлэл” гэх компани 50 секундын зайтай хоёр ширхэг дугаар авчихсан байна. Ийнхүү хоёрхон минутын дотор хоёр удаа бүртгүүлж амжих ямар ч боломжгүй тул хайгуулын лиценз хүсэгчдийг бүртгэх явцад маапаан байгаа нь илэрхий байна. Чухам ямар алдаа үүсч нэг компани хоёр дугаар авсан болохыг АМГ-ын инженер, Цахим системийн мэдээлэл өгч буй Б.Мэнд-Амараас тодрууллаа.
-Өргөдлийг бөглөж хүсэлтээ илгээхэд дунджаар хэдий хугацаа шаардагдах вэ. Гучин компани 2.46 минутад амжиж бүртгүүлэх боломжтой юу?
-Цахим систем учраас секунд, долиор хэмжигдэнэ шүү дээ. 2.46 секундэд бүртгүүлэх бүрэн боломжтой. Өргөдлийг бөглөхөд дунджаар 40 секунд хангалттай.
-Нэг компани хоёр дугаар авсан байх боломжтой юу?
-Ямар ч боломжгүй.
-Энэ сарын 28-ны өдөр дугаар авсан компаниудын дунд “Гэрэлт шинэчлэл” гэх компани хоёр дугаар авсан байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Нэг компани хоёр дугаар авсан нь үнэн байна. Авахдаа нэг дугаар дээрээ өргөдөл гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэг хүсэлт нь давхар илгээгдсэн гэсэн үг. Тэрнээс хоёр дугаар авсан зүйл байхгүй/хэсэг хугацаанд шалгаж нягталсны дараа хариуллаа/.
-АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа “Энэ систем нь өндөр төвшинд бичигдсэн хаана ч нууцлал бүхий систем” гэж мэдээлж байсан. Гэтэл дээрх ямар шалтгааны улмаас гарсан юм бол?
-Мэдээж тоног төхөөрөмж юм хойно бас анх ашиглаж байгаа болохоор энэ мэт алдаа гарах л байх л даа гэх хариултыг өгч байна.
Ямартай ч хайгуулын лиценз хүсэгчдийн өргөдлийн хүлээн авч байгаа алдарт/үнэ өртгийг нууцалж байгаа/ системд доголдол үүсч, алдаа гарсан гэдгийг АМГ-ынхан энэ удаад хүлээн зөвшөөрлөө. Энэ мэт алдаа дахин гарахгүй гэх баталгаа байхгүй гэх сэрдлэгийг ч төрүүлчихлээ. Эцэст нь лиценз олголтод дараалал, хүлээлт, уур бухимдал, хардлага, чирэгдлийг арилгана гэх нэрийдлээр цахимаар олгож байгаа системд “Гэрэлт шинэчлэл” компанийх шиг жишээ дахин үүсэхгүй байгаасай гэж найдъя.
Д.ЖАРГАЛ