Европын орнууд тэр дундаа Англи, Уэйлс улсад 2011 он гарсаар улаан бурхан өвчний тархалт эрс идэвхжиж байна. Өнгөрөгч 2010 онд хоёр улсын хэмжээнд энэ өвчний ердөө 33 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2011 онд уг тоо арав дахин өсч, 334-т хүрээд байгаа аж. Их Британийн улсуудад идэвхжээд байгаа халдварын голомт нь Францаас гаралтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Дашрамд дуулгахад, Францад он гарсаар улаан бурхан өвчний 7000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ. Тиймээс Англи, Уэльсийн эрүүл мэндийн салбар иргэдэд хандаж бага насны хүүхдээ яаралтай вакцинд хамруулахыг анхааруулж байна. Түүнчлэн Английн эрүүл мэндийг хамгаалах агентлагаас Лондон хотын зарим бага, дунд сургууль, коллежуудын дархлаажуулалтад хамрагдаагүй сурагч, оюутнууд улаан бурхан өвчний халдвар авах өндөр магадлалтай талаар яаралтай анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулсан байна. Дархлаажуулах ажлын хүрээнд эхний ээлжинд 0-12 сартай хүүхдүүд болон бага сургуулийн сурагчдыг вакцинжуулалтад хамруулж байгаа аж.
Б.Энхцэцэг