АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Пакистанд айлчилж байна. Хоёр орны хооронд үүсээд буй таагүй уур амьсгалыг намжаах зорилготой энэ айлчлалын тов хэдийнэ гарсан байсан юм. Түүний энэхүү айлчлал дэлхийд зартай алан хядагч Осама бин Ладенг Пакистанаас олж устгах ажиллагаа явуулснаас хойшхи анхны том хэмжээний айлчлал юм. АНУ-ын тусгай хүчин алан хядах байгууллагын тэргүүнийг Абботтабад хотод орогнож байхыг илрүүлсэн нь тус хоёр орны дипломат харилцаанд сэв суулгасан юм. Исламабадын эрх баригчид Пакистанаас цэргээ гаргахыг АНУ-аас шаардсаны дараа Төрийн нарийн бичгийн дарга тус улсад айлчилж буй. Хэзээнээс нааш ээдрээтэй байсан АНУ, Пакистаны харилцаа одоо маш эгзэгтэй үедээ ирээд байгаа ажээ. Хилари Клинтон Төрийн нарийн бичгийн даргын албыг авснаас хойш гурав дахь удаагаа Пакистанд айлчилж байгаа бөгөөд Пакистанд өмнө нь тавьж байсан хүсэлтээ дахин тавих юм.
АНУ Пакистанаас Аль-Кайда болон Талибаны зэвсэгт босогчдыг дарж, терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллахыг хүсч байгаа ажээ. Вашингтон тус улсыг Бин Ладены орогнож байсныг нуун дарагдуулсан гэж сэжиглэж байгаа аж. АНУ Пакистанд жил бүр гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлдэг байна. Айлчлалынхаа үеэр Хилари Клинтон Пакистаны ерөнхийлөгч Азиф Аль Зардари, тус улсын армийн удирдагч генерал Ашфак Кайани болон тагнуулын газрын дарга нартай уулзах юм байна.
Н.Энх