Америкийн эрдэмтэн Роналд 2008 оны судалгаандаа дэлхийд сэтгэл судлалын шинжлэх ухаан харилцан адилгүй хөгжиж буй тухай өгүүлжээ. Өдөрт хэдэн мянган судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгддэг нь тодорхой. Харин сэтгэл судлалын чиглэлээр нийт судалгаа, эрдэм шинжилгээний өгүүллийн 75% нь америкчуудад зориулсан ба мөн тэднээс авсан судалгаа байдаг, 25% нь европ, үлдсэн 5% нь азийн орнуудад ноогдох аж. Дэлхийн нийт хүн амын 4 тэрбум нь азид амьдардаг, үүний 1.7 тэрбум хүнтэй Хятадын сэтгэл судлал азид тэргүүлэгч, дараа нь Япон, Солонгос гэх мэт орнууд ордог гэвэл ийм олон хүнд ноогдох чанарын үзүүлэлт тун өчүүхэн байгааг харж байгаа биз. Мөн нөгөөтэйгүүр эдгээр топ хөгжилтэй азийн орнуудыг эс тооцвол ядуу буурай орнуудын (Үүнд Монгол бас орно) сэтгэл судлалын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй.
Хөгжлийн ийм хачирхалтай зүй тогтол нь өөрөө тийм ч сүрдээд байх зүйл биш юм. Учир нь дэлхий нийтээрээ англи хэл дээрх сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, ном товхимол ашигладаг болжээ. Мэдээж 75% нь америкчуудаас авсан, мөн тэдэнд зориулсан судалгаа учир өөр соёл иргэншилтэй орнуудад багахан ялгаа ажигллагдагаас соёлын сэтгэл судлаачид, антропологчид зай завсрыг нь нөхдөг. Түүнээс биш дэлхий нийтээрээ барууныг дагасан хэвээр буй. Гэсэн ч 1890 онд сэтгэл судлалын институтээ байгуулчихсан оронтой эн зэрэгцэнэ гэж барьцаад байлтай нь биш дээ.
Миний таамаглал: Азийн орнуудад сэтгэл судлалын үйлчилгээ хөгждөггүйн учир нь хүнээс өгөө, аваатай зөвлөлдөх соёл байдаггүйтэй холбоотой болов уу. Мэдээж Хятад, Солонгос, Японд сэтгэлзүйн төвүүд бий. Гэвчиг барууны ядаж ганц орны жишигт ч хүрэхгүй, мөн хүн амын зохих түвшний 2-4%-д ч хүрдэггүй өчүүхэн үзүүлэлттэй хэвээр байгаа юм. Монголд сэтгэлзүйн төв зөвлөгөөний чиглэлээр тогтвортой ажиллахад дахиад 150-200 жил хэрэгтэй гэж би найднам. Ийм хугацаанд хүмүүсийн соёл (боловсон соёлын тухай биш) бага зэргээр хувьсах, өгөө аваатай зөвлөлдөхийг хэвийн гэж ойлгох болов уу. Зөвлөгөө гэдэг нь чин шударга үйл явц юм. Үйлчлүүлэгч сэтгэл судлаачтай ярилцсаныхаа төлөө мөнгө төлдөг, сэтгэл судлаач үйлчилгээ үзүүлснийхээ төлөө шууд төлбөр авдаг. Харин Монголд (магадгүй Азид) сэтгэл судлаач биш, өөр бүлэг хүмүүсээс (лам, бөө, үзмэрч гэх мэт) үйлчилгээ авахдаа үйлчилгээндээ төлбөр төлж буй гэж үздэггүй. Гэхдээ хүний сэтгэлийн асуудлыг наймаалцан 10,20 мянгаар ийм зовлонг шийдэж өгнө, тамхи, архинаас гаргах эмчилгээний тариф, оношилгооны төлбөр гэж авах нь надад ч эвгүй санагддаг. Энэ бол соёлын ялгаа. Соёл нь динамик шинжтэй, үргэлж хувьсан өөрчлөгддөг учраас цаг хугацаанд л найдаж сууна.
Гэхдээ зөвлөгөөний чиглэл бол хийж болох л зүйлсийн нэг юм. АСЕАН-ы сэтгэл судлалын холбооны ерөнхийлөгч Го Чий ирэх 20 жилд дэлхийд байгууллагын сэтгэл судлал эрчимтэй хөгжинө гэсэн. Би ч санал нийлдэг. Учир нь бизнесийн удирдлагын чиглэл нь аль ч салбарт хөрвөөх боломжтой, бизнес ба байгууллагынн салбарт эдийн засаг, удирдлагын хөтөлбөрийг хослуулсан эрэлттэй мэргэжил болж чадсан. Харин ирээдүйд байгууллагын сэтгэл судлал нь маркетинг, хүний нөөц, сэтгэл судлал гурвыг нийлүүлж дөнгөхөөр санагддаг. Одоогоор Монголд энэ гурван мэргэжил шиг хоорондоо байнга давхцдаг мэргэжил алга (бас бизнесийн удирдлага). Гэхдээ ирээдүйд хүний “schema”-г бодож үздэггүй маркетер, хүний нөөцийнхөн байр сууриа тавьж өгөх л болно. Гэвч мань мэт нь Сурган хүмүүжүүлэх, Фрейд энэ тэрээсээ холыг харах завдалгүй явна даа. Ингэхэд бид дэлхийн сэтгэл судлалын хөгжлийн хаана нь явна вэ ?
Лхагвасүрэнгийн Энхтүшиг