Үндэсний олон нийтийн телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр цаг үеийн олон асуудлаар илэн далангүй ярилцлага өгөв.
Тэрбээр сэтгүүлчийн тавьсан асуултад хариулж, цаашдаа юу хийх гэж байгаагаа тов тодорхой тайлбарлалаа.
Хавтгайрсан халамжуудыг цэгцлэх түүний бодлого зөв байсан. Гэвч иргэдээс илүү засагт хамтарсан намууд нь, өөрийнх нь намын бүлэг нь дэмжээгүйгээр барахгүй, жадлан эсэргүүцсэнээс болоод халамжийг хавтгайруулан бас үргэжлүүлэн өгөхөөр болсон юм.
Гэхдээ тэр халамжаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж, дахин хөндөнө гэдгээ илэрхийлэв. Энэ жилдээ чадаагүй ажлаа ирэх жил хийнэ гэдгээ дуулгав. Тэгээд популизмыг гоё цаастай, хортой чихэртэй зүйрлэж, популизм бол хайр бишээ гэдгийг телевизийн эфирээр мэдэгдэв.
Ярилцлагын үеэр Ерөнхий сайд төсөвт хийсэн зарим нэг таналтдаа сэтгэл хангалуун, ялангуяа яам, агентлагуудын 15 хувийг цомхотгож, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сараар үржүүлэн мөнгө авдаг байсныг болиулснаа дуулгав.
Шинэчлийн Засгийн газрын үед төрийн албан хаагчийн тоо үлэмж ихээр нэмэгдсэн бол Шийдлийн Засгийн газар цомхотгох бодлого барьж байгааг дэмжүүштэй. Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү шилжихийг уриалаад хоёр жил болж байна. Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь өгдөг 36 сарын тэтгэмж үнэндээ илүүц байсан. Сарын цалингаа авна, дээр нь тэтгэмж авч байгаа төрийнхнийг хувийн хэвшлийнхэн ердөө ч ойлгодоггүй л дээ.
Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гаргах талаар хоёр зам байгааг сэтгүүлчид тайлбарласан. Шийдлийн Засгийн газрын нэг том үүрэг бол хямралаас гаргаж чадахгүй юмаа гэхэд гүнзгийрүүлэлгүй тогтворжуулах, мөн томоохон төслүүдээ хөдөлгөх. Үүний тулд л парламентад суудалтай бүх намууд хамтрах болсон билээ.
Оюутолгой, Тавантолгой зэрэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын том төслүүдээ шийдэх аргаар ханшийн өсөлтийг тогтоох нэг зам байгааг, эсвэл эдийн засгийг сахилга батжуулж байж ханшийг тогтоох бас нэг зам буйг Ерөнхий сайд тодотгоод энэ талаар иргэдээсээ санал асуулга авах гэнэ. Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн өмнөөс Тавантолгойн төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч Ч.Сайханбилэгийн засаглалын үед стратегийн хөрөнгө оруулагчаа тодруулсан үнэхээр том амжилт. Газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг монголчууд бараг бүгдээрээ л гадарлаж байгаа. Гэвч, бидний ихэнх нь популизм хийх дуртай. Иргэд битгий хэл Их хурал нь хүртэл популизм хийж байгаа нөхцөлд Тавантолгой, Оюутолгойгоо урагшлуул гэж Ерөнхий сайдын бодлогыг хичнээн хүн дэмжихийг хэлэхэд хэцүү. Саарал ордонд суугаа 76 гишүүд хамтарсан Засгийнхаа бодлогыг дэмжээд явж чадахгүй байхад гудамжинд яваа иргэнээс асуух хэрэггүй л болов уу. Ерөнхий сайд танд хийх эрх мэдэл нь байгаа, түүнийгээ зоригтой, шийдмэг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Илүү тодорхой хэлбэл, чуулганы танхимд хэлснээ, телевизийн ярилцлагад дурдсанаа Ерөнхий сайд ажил хэрэг болгох л хэрэгтэй. Хэн яаж популизм хийхээс айх хэрэггүй. Ерөнхий сайдын ярилцлагыг харахад хоёр гараа өргөн дэмжих сайхан санаанууд олон байсан. Эмнэлэг, их, дээд сургууль бүрийг удирдах зөвлөлтэй болгож, өөрсдөө захирлаа томилдог, хөрөнгө оруулалтаа бие дааж шийддэг тогтолцоо руу оруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг баталж, бизнест ээлтэй орчинг бүрдүүлэх, Хяналтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын байцаагчдын дүрэмд оруулах, газын үйлдвэр барих, япончуудтай чөлөөт худалдаа хийх гээд авууштай, дэмжүүштэй бодлогуудыг нь нэрлэж болно. Засгийн газрын тэргүүний эл бодлогыг улстөрчид замд нь садаа бололгүй дэмжих шаардлагатай байна. Элгээрээ хэвтсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт агаар, салхи оруулж, эдийн засгаа хөл дээр нь босгоё гэвэл Ерөнхий сайдын дэвшүүлсэн санааг дэмжээд өг, улстөрчид минь.
Ерөнхий сайдад ажил хийх нэг жил хагасын хугацаа үлдсэн. Энэ хугацаанд түүнд төлөвлөсөн ажил, бодсон зүйл их байгаа бололтой. Тэгээд ч эцсийн дүндээ Шийдлийн Засгийн газрын бодлого бол парламентад суудалтай бүх намуудынх шүү дээ. Зөвхөн Ч.Сайханбилэг гэдэг хүн гоё зүйл мөрөөдөөд бусад нь популизм хийгээд байвал Шийдлийн Засгийн газар урагшлахгүй. Хямралыг ч тогтворжуулж дөнгөхгүй. Гол нь Засгийн газрын тэргүүний энэ бүх шинэчлэл, гоё санаануудаа ажил хэрэг болгоход УИХ-ын дэмжлэг чухал юм.
Монгол Улс эдийн засгийн хариуцлагатай, хөгжилтэй орон болъё гэвэл Тавантолгой, Оюутолгойгоо хөдөлгөж, халамжуудаа танахаас өөр аргагүй. Ерөнхий сайдын хэлсэн хоёр замыг бид хоёуланг нь сонгож байж л Монгол хөгжинө. Халамжаа ч бууруулъя, баялгаа ч эргэлтэд оруулъя. Хөгжлийн төлөөх бүхий л сайхан санаа, дэвшүүлсэн бодлого болгоныг монголчууд дэмжиж, ядаж л ойлгож сурмаар байна. Дахин хэлэхэд энэ бүхнээ ажил хэрэг болгоё гэвэл Ерөнхий сайд та зоригтой хөдөл. Бас шийдмэг бай. Эцсийн зорилго нь Монголын Улсын төлөө байж чадвал байр сууриа сайд та хатуу хамгаал. Харин бусад нь түүний хэлсэнчлэн бодлогоо хэрэгжүүлэхэд битгий л саад болж, популизм хийгээрэй.
Ж.НЯМСҮРЭН