Иргэний 0.07 га газар өмчлөлийн эрхээ өнөөдрийг хүртэл баталгаажуулж чадаагүй байгаа буюу газраа авч чадаагүй яваа нийслэлийн 250 гаруй иргэн хүсэл сонирхлоо нэгтгэн “Заяа” нэртэй хоршоо байгуулжээ.
Тэд өөрсдийн 0.07 га газраа нэг байршилд авах хүсэлтэй байгаа ба энэ тохиолдолд нэгдсэн халаалт, цэвэр бохир усны шугам бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдсон “Заяа эко” хотхон байгуулахаар эрх ашгаа нэгтгэсэн байна.
Тус хоршоонд “Гутал” хувьцаат компанийн ажилчид болон Нийслэлийн цагдаагийн ахмадын хороо, төрийн тусгай албаны ажилтнууд зэрэг хэд хэдэн байгууллагын иргэд гишүүнээр нэгдээд буй юм.
Хэрэв тэдний санаачилгыг нийслэлийн эрх мэдэлтнүүд дэмжин газрын асуудлыг шийдвэрлэчихвэл өрх бүр яндантай, гаднаа жорлонтой, гудмандаа бохироо асгадаг өнөөгийн гэр хорооллоос тэс өөр жишгээр хаус хотхон байгуулахаар төсөв, тооцоогоо хэдийнэ гаргасан байна. Энэ бол нийслэлийн өнөөгийн эрх баригчид, тэр дундаа Э.Бат-Үүл мэрийн мөрөөдөж буй орчин цагийн тохилог хаус хотхоныг хэрэг яаж бий болгох вэ гэдэг гарц байх болно гэж “Заяа” хоршооны гишүүд ярьж байна. “Заяа эко хотхон”-ыг төлөвлөсөн зураг төслөөр бол халаалт, халуун хүйтэн ус, бохир зайлуулах шугам, ногоо орчин бүхий нэг амины сууцыг 20-50 сая төгрөгийн өртгөөр байгуулахаар байгаа юм. Өнөөдөр яг ийм төвшний ганц сууцыг барих өртөг нийтдээ 100-150 сая төгрөг болж байгаа бол 250 өрх хамтдаа нэгдсэн байдлаар шийдвэрлэхэд төсөвт өртөг 80 хүртэл хувиар хямдарч байна гэсэн үг юм.
Орлого багатай ажилчид, тэтгэврийн нас дөхсөн ахмадууд, эсвэл банкны зээлийн шалгуур хангах хэмжээнд хүрээгүй байгаа залуучууд “Заяа хоршоо”-ны гишүүдийн дийлэнхийг бүрдүүлж байгааг Нийслэлийн цагдаагийн ахмадын хорооны дарга Гэндэнпүрэв тодотгосон юм. Нэг үгээр бол орон сууцны 8 хувийн зээлийн шалгуур хангахгүй хүмүүст дээрх шийдэл тун ирээдүйтэй харагдаж байгаа аж. Нэгдсэн халаалт, цэвэр бохир усны шугамд холбогдсон 0.07 га газраа тэд үнэ цэнтэй капитал гэж үнэлэн банкны зээлийн барьцаанд тавьж болно. Улмаар зээлийн эх үүсвэрээр өөрийн бололцоонд нийцсэн амины сууц барина. Чухам ийм давуу тал байгаа учраас хоршоонд нэгдсэн гэж “Гутал” ХК-ны ажилчин Д.Сарангуа ярилаа. Харин одоо тэдний өмнө тулгамдаж буй асуудал гэвэл газрын зөвшөөрлийг нэг байршилд шийдүүлэх явдал. Хууль эрх зүйн талаас тодорхой хориг саад байхгүй ч 250 иргэний газар өмчлөх эрхийг аль нэг дүүргийн Засаг дарга шийдвэрлэх зориг зүрх л дутагдаж байгаа хэрэг. Гэхдээ хүн бүр тус тусдаа газрын зөвшөөрлөө хөөцөлдөхөөс хамаагүй хялбар байх болно гэдэгт хоршооны гишүүд итгэж байгаа. Өчигдөр болсон хоршооны гишүүдийн ээлжит хурлаас гарсан шийдвэр гэвэл Хотын мээр Э.Бат-Үүл баатарт хандан “Заяа эко хотхон”-ы давуу талыг зөв ойлгуулж, хүсэлтээ танилцуулья гэдэг санаачилга байлаа.
Э.Бат-Үүл дарга дэмжих байх аа. Яагаад гэвэл гэр хорооллыг хаус хотхон болгох нь түүний амлалт. Харин түүнд хэрхэн яаж гэдэг шийдэл л дутагдаж буй. Энэ далимд сануулахад газар өмчлүүлэх шинэ журам буюу сугалааны зарчим хаус хороолол руу биш айл бүр хашаатай, хашаа бүр нүхэн жорлонтой, гудам нь үнс, угаадсаар дүүрсэн өнөөдрийнх шиг гэр хороолол руу л улам бүр түлхэж байгааг ч анзаарч, шийдвэрээ эргэн харна биз ээ. Хориннэгдүгээр зууны дэлхий дахинтай даяарчлагдан хөгжиж буй соёлжсон, технологижсон хүмүүс энд амьдардаг гэхэд үнэмшмээргүй бохир, бүдүүлэг орчинд өнөөгийн нийслэлийнхний маань 80 хувь амьдарч байна даа.
О.САР