Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 73.8 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Мөн дээрх хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 70.5 хувь нь дэмжлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тохиолдолд чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн гуравны хоёр хүртэлх саналыг авах ёстой. Энэхүү босгод хүрсэнээр УИХ хэдхэн хоногийн өмнө өөрчлөлт оруулж байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Санал хураалтад 64 гишүүн оролцсоноос 43 нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Хуульд өөрчлөлт оруулах хүрээнд энэ онд улсын өр ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэнэ гэсэн заалтыг хөндөхгүй, харин өрийн тодорхойлолтыг өөрчлөх юм байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Өрийн удирдлага бодлого зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм байна. Ингэхдээ улсын төсөвт эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өр үүсгэх зориулалтыг тусгайлан зааж, Засгийн газрын өрийн болон өрийн баталгааны хязгаарыг тогтоож, уг хязгаарыг нэрлэсэн дүнгээр тооцдог байх, мөн Засгийн газрын зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг хуульд заасан хязгаарт нийцүүлэн, жил бүрийн төсвийн хуулиар зохицуулах зохицуулалтыг мөн тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Бонд босгоход эргэн төлөлтийг нь яаж хийх вэ. Үнэт цаасны жилийн төсвийн зээлийн төлөлтийн талаар тодорхой хэлж өгөөч” гэв. Үүнд Сангийн яамны газрын дарга дараах хариулт өглөө. Засгийн газрын бондын зах зээлийг хөгжүүлэх нь системийн ач холбогдолтой. Бондын эргэн төлөлт үндсэндээ төсвийн орлогоор төлөгдөнө. Өрийн хязгаарыг  70 хувиар тооцож байгаа. Олон улсын зах зээлд баримталдаг зарчмаар тусгасан. Тодруулж хэлбэл, 70 хувь гэдэг нь өрийн нэрлэсэн үнээр тооцдог. Засгийн газрын баталгааны хувьд өрийн 20 хувиар хязгаарлаж өгсөн. Тухайн жилийн төсвийн хуулиар Засгийн газрын бондын зээлийг уялдуулсан.  Зээллэгийн төлөвлөгөө нь стратегийн баримт бичигт нийцсэн байх ёстой гэж үздэг. Хуулийн төсөлд гурван жил тутам гаргадаг стратеги төлөвлөгөөтэй уялдах ёстой гэж үзсэн. Засгийн газрын бонд нь үнэт цаасны зах зээлээсээ өөрөөр тусгагддаг” гэсэн хариулт өгсөн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Өрийн удирдлагын хуультай болох нь зөв. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын гадаад зах зээлээс авсан өрийн хэмжээ тодорхойгүй байна. Энэ хуулиар дамжуулан зээлдүүлсэн зээлийг хэрхэн зохицуулахаар тусгав” гэлээ.

Албаны хүний тайлбараар дамжуулах зээлийн хувьд зохицуулж байгаа тусгай бүлэг бий аж. Монгол Улсын төсвийн тогтолцоо нь нэгдсэн байдаг. Тийм учраас Засгийн газраас дамжуулан  зээл өгдөг хуультай. Дамжуулах зээл нь орон нутаг болон бизнесийн гэсэн хоёр төрөлтэй. Орон нутгийн хувьд хоёр зохицуулалт хийж  өгсөн. Тухайлбал, Улаанбатаар хотын хувьд хөрөнгө оруулалтын зориулалтаар бонд гаргаж болдог. Бусад аймгуудын хувьд богино хугацааны зээл авдаг. Энэ нь төсвийн орлогоор төлөгдөнө. Засгийн газрын бондын хувьд хувийн хэвшлийн зээллэгийн эх үүсвэрийг авдаг. Засгийн газрын бондыг  зохистой түвшинд барихыг хуулинд тусгасан. Орон нутаг дангаараа зээл авахгүй, Сангийн яамаар дамжуулж авах ёстой” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Энэ хуулиар улсын өрийн зарим хэсгийг зохицуулахаар оруулж ирсэн байна. Тиймээс энэ хууль Монгол Улсын нийт өрийн хэмжээг зохицуулж чадахгүй нь. Огцорсон Засгийн газрын үед өргөн барьсан хууль байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг зохицуулах зүйл алга. Өрийн удирдлага бол улсын өрийн хэмжээг бүхэлд нь зхоицуулсан хууль байх ёстой” гэсэн юм. Үүнд Сангийн сайд Ж.ЭрдэнэбатӨрийн удирдлагын тухай хуулийг өмнөх Засгийн газрын үед барьсан. Энэ хуулиар Засгийн газрын түвшинд зохицуулъя гэдэг санааг хуулинд тусгасан. Өрийн удирдлагын тухай хуулинд буцалтгүй тусламж, хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн өмч давалгайлсан аж ахуйн нэгжийн өр хамаарахгүй. Хувийн секторын өрийг хамааруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газраас гаргаж байгаа үнэт цаас, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид гаргасан баталгаа энэ хуульд хамаарна. Орон нутгийн хувьд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөлтэйгээр, тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар бонд гаргаж болох юм” гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэх үеэрээ “Өрийн удирдлагын хуульд зөвхөн Засгийн газрын өрийг хамруулаад цаана нь үлдэж байгаа өрийг хаячихаар эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтйг муутгана. Эргээд төр дээр ачаа ирж л таарна, төр үүрэг хүлээж л таарна. Бүх өрийг улсын өрөнд багтаахгүй бол өөрсдийгөө хуурсан хэрэг болно” гэж анхааруулсан бол “Шинээр мэндэлж байгаа хүүхэд бүрт 6 сая төгрөгийн өр өвлөж, ар хударгаар нь хулгайч нар завшиж мэдэхээр болж байна” гэсэн сануулга ч өглөө.

Гэхдээ хуулийн төслийг гишүүд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж