-Эмэгтэйчүүдийн ангилалд IV байр эзэлсэн Б.Мөнхзаяа "Рио-2016" олимпийн наадамд оролцох болзлыг биелүүлжээ-
Марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 25-ны өдөр Хонгконгт боллоо. XV удаагийн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зайд 11 улсын тамирчидтай өрсөлдсөнөөс ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны Аврах тусгай ангийн тамирчин Ж.Олонбаяр 2.22.49 цагийн амжилтаар хүрэл медаль авлаа. Түүний энэхүү медаль Азийн аваргаас авч буй манай улсын гурав дахь медаль юм.
Марафон гүйлтийн Азийн аваргын анхны медалийг 2008 онд Хонгконгт болсон тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүртэж байсан бол мөн хоёр жилийн өмнө тэрээр анхны алтан медалийг авч байсан. Харин Ж.Олонбаяр 2015 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болж байна.
Азийн аваргын хүрэл медальт Ж.Олонбаяр.
Мөн эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт, "Бодь" даатгaл, ҮБТДС-ийн оюутан ОУХМ Б.Мөнхзаяа IV байрт оржээ. Гэхдээ тэрээр 42 км 195 метрийн зайг 2.38.43 цагт туулж, улсынхаа рекордыг эвдээд зогсохгүй "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд оролцох болзлыг хангасан байна. Олимпийн их наадмын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд 2.43.00 цагаас дотогш амжилтыг үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй аж. Б.Мөнхзаяагийн хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2.38.43 цагийн амжилтыг үзүүлжээ.
Монгол Улсын рекордыг 2012 онд олимпийн эрх олгох тэмцээнд ОУХМ Б.Отгонбаяр 2.39.47 цагийн амжилтаар тогтоож байжээ.
Б.Мөнхзаяагийн хувьд ирэх наймдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох ДАШТ-д оролцох бөгөөд олимпийн наадмын эрхийн нормативийг биелүүлээд байна.
2015 оны нэгдүгээр сараас эхлэн "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүд эхэлсэн бөгөөд Олон улсын хөнгөнатлетикийн холбоо уралдааны мэдээллийг нэгтгэж, ирэх зургаадугаар сард эрх авсан тамирчдын нэрсийг зарлах аж. Харин Хонгконгийн тэмцээн бол Олон улсын хөнгөн атлетикийн холбооны бүртгэлтэй тэмцээн юм. Тиймээс Б.Мөнхзаяагийн хувьд олимпийн наадамд оролцох В нормативийг давуулан биелүүлээд байна. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд 2015 оны ДАШТ-д оролцох эрхийг авчээ.
ОУХМ Б.Мөнхзаяа.
Ч.БОЛОР