М.Энхсайхан: Мегатөслийг хэрэгжүүлэх 1 дугаарт саналаа өгнө

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: Мегатөслийг хэрэгжүүлэх 1 дугаарт саналаа өгнө

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Мегатөсөл Хөгжлийн Форум” өнөөдөр болж байна.

Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаарддаг, олон оролцогчтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг, төслийн байршил нь дэд бүтцийн шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна.  Монгол Улсад хэрэгжиж буй Мегатөслүүдийн хэрэгжилт Монголын ирээдүйг тодорхойлох энэ цаг үед Засгийн газрын зүгээс ач холбогдол өгч оролцож байгаа нь олон нийт, хөрөнгө оруулагчдад маш чухал мессежийг өгч байгаа юм.

Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ,  Монгол Улсын сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд, бизнесийн салбарынхан оролцож байна. Монгол Улсын сайд М.Энхсайхан  “Мегатөсөл : Сорилт ба Бэрхшээл” сэдвээр илтгэл танилцуулсан бол Сумитомо Мицуй банк “Төслийн санхүүжилт ба Төр, хувийн хэвшил” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Монгол Улсын сайд М.Энхсайхан: 

“Монголчууд өнөөдрөөс эхлэн 3 саяуулаа боллоо. Монгол хүн бол Монголын баялаг. Монгол хүнийг хэрхэн баян чинээлэг байлгах вэ гэвэл байгалийн баялагаа хэрхэн зөв ашиглах тухай юм.  Монголын төлөө санаа зовж буй хүн бүр Ерөнхий сайдын ярилцлагыг үзсэн байх.  Монголчуудад сонголтын 2 зам байгааг Ерөнхий сайд хэлсэн. Нэгдүгээр сонголт нь Мегатөслүүдийг эхлүүлж  эдийн засагаа тэлэх, хөгжүүлэх, Хоёрдугаар сонголт нь хэрэглээгээ танах, эдийн засагаа хумих. Би хувьдаа Мегатөслийг хэрэгжүүлэх Нэгдүгээр сонголтыг сонгоно. Энэ сонголт зөвхөн Засгийн газрыг дэмжих сонголт биш. Дэлхий дахинд Монголын ард түмнээс өгөх хамгийн зөв мессеж болох учир та бүгдийг 1 дугаарыг сонгохыг уриалж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан:

“Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтээр өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Мегатөсөл гэж тодорхойлогддог том төслүүдийг улс орнууд хөгжлийн нэг тулгаар болгон хэрэгжүүлдэг. УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс үүнийг маш сайн ойлгож байгаа.  Тийм ч учраас мегатөслүүдийг хариуцсан сайдтай байя гэж шийдсэн.  Монголын хувьд том төслүүдийг хэрэгжүүлэх улстөрийн нэн таатай үед байна. Тиймээс энэ төслүүдээ аль болох хурдан эхлүүлж, хурдан хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж