Элэгний С вирусыг эмчлэх бүрэн боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Элэгний С вирусыг эмчлэх бүрэн боломжтой боллоо

Элэгний С вирусыг эмчилдэг “Софосбувирин” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх асуудал багагүй хугацаа шаардаж, маргаан дагуулсан. Тэгвэл энэ эмийг манай улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, иргэдэд эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч, хэрэглэх боломж нээгджээ. Төслийг анх санаачилсан Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа. 

-“Софосбувирин” эмийг албан ёсоор бүртгэсэн байна. Иргэд хэзээнээс авч хэрэглэх боломжтой болж байгаа вэ?

2014 оны гуравдугаар сард АНУ-д ажлын шугамаар явахдаа энэ эмийг эх орондоо оруулах талаарх хэлэлцээг анх хийсэн. Тухайн үед АНУ-ын Элчин сайдын яам, Консулын газраас энэ гэрээг биечилж байсан юм. Дараа нь эмийн үйлдвэрлэгчид удаа дараа манай улсад ирж олон удаа хэлэлцээ хийсэн. Ер нь бол долдугаар сард энэ эмийг бүртгэх бүх материал бүрдсэн. Тодорхой шалтаг шалтгааны улмаас багагүй хугацаа шаардсан. Улжтөржилт байсныг ч хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ эцэст нь манай улс “Софосбувирин” эмийг энэ сарын 27-нд албан ёсооор бүртгэж, иргэд энэхүү эмийг хэрэгдэх боломжийг нээлээ. Энэ ажилд туслалцаа үзүүлсэн Эрүүл мэндийн сайд Ш.Шийлэгдамбад талархаж буйгаа хэлэх нь зүй болов уу.

-Энэ эмийг С вирустай хүн бүхэн авч хэрэглэх боломжтой юу?

Яг үнэндээ энэ эмийг их хэмжээгээр оруулж ирэх боломжгүй. Гэтэл манай оронд элэгний С вирусын халдвартай 450 мянган хүн байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас өвчтөнүүдээ эрэмблэн ялгах шаардлагатай. Өвчний явц нь хүндэрсэн, элэгний хатуурал нь нилээн газар авсан өвчтөнүүдийг нэгдүгээрт, бусад нь дараа дараагийн ээлжид авч хэрэглэхээр ангилах болов уу.  

-Эмийг авахыг хүссэн хүмүүс Эрүүл мэндийн яаманд хандах уу?

Дистрибьютер компанид нь захиалга өгч, захиалгын дагуу авчирна. Гэхдээ бидний захиалсан тоогоор үйлдвэрлэх учир нэлээд урт хугацаа шаардагдах юм билээ. Ойролцоогоор зургаан сарын хугацаа шаардагдах байх.

-Энэ эмнээс хэдэн курсыг хэрэглэх шаардлагатай болоод нэг курс эмийн үнэ хэд байх талаар мэдээлэл өгнө үү?

“Софосбувирин”  эмийг АНУ-ын “Glead science” компани гурван жилийн өмнө эмчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хийдэг. Харин манай улсад курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээлийн үнээс 44 дахин хямдаар нийлүүлэх боломж бүрдсэн. Тиймээс “Glead science” компани Монголд оруулж ирээд, өөр улс руу гаргаж болохгүй гэсэн хатуу шаардлага тавьж байгаа. Жишээлбэл, Монголд санал болгож буй үнээр Орос, Хятадад нийлүүлэхгүй гэсэн үг. Манайхаас илүү өндөр үнээр санал болгож байгаа. Энэ эм гарснаас хойш 80 мянга гаруй хүн хэрэглээд эрүүлжсэн тухай мэдээлэл байна.  Нэг курс нь 300 ам.доллар, гурван сарынх нь 900 ам.доллар, зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар болох юм.

-Эмчилгээний үр дүнгийн тухайд?

-Ямар эмтэй хавсран эмчлэх вэ гэдгээс шалтгаан эмчилгээний үр дүн янз бүр. Монгол Улсад одоогийн байдлаар хавсран хэрэглэх боломжтой хоёрхон эм бий. Нэг нь Пегинтерферон гэж тариа, Рибавирин гэдэг шахмал эм байна. Рибавирин гэх эм нь үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд эмчилгээний үр дүн нь 76 хувь байдаг.

-Эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулан, үнийг нь хямдруулах тухай ярьж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  энэ эмийг бүртгүүлчихвэл үнийн дүнгийн тодорхой хувийг даатгалаас даах асуудлыг шийдэж өгнө гэж амласан.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж