Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр 21.00 цагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож, улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэлийг даван туулахын тулд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Энэ үеэр Ерөнхий сайд хэд, хэдэн чухал санааг хөндлөө. Тухайлбал, Монгол Улс халамжийн эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжихгүй бол төсвийн 62 хувийг зөвхөн төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмж эзэлж байгааг онцлов.
Тийм ч учраас 2015 оны төсвийг тодотгох хүрээнд халамжийг зорилтот хэсэгт хүргэх бодлого барьсан. Гэвч УИХ эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохыг дэмжээгүй тухай хуучнаар нь олгох болсон тухай хэлсэн юм. Энэ тухайгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Алдарт эхийн одонгийн мөнгөний асуудлыг яагаад хөндсөн гэхээр хамгийн бага нь хүүхэд нь 18 нас хүртэл төр тэр ээжид Одонгийн мөнгө өгье, дараа нь бага нь 18 нас хүрсэн хойно 5-6 хүүхэд нь насанд хүрч, төрөөс өгдөг одонгийн мөнгийг ээждээ өгөх боломжтой гэж үзсэн хэрэг.
Айлын 4-5 хүүхдийн нэг нь сайн явахад ээжийгээ аваад явчихна аа даа. Ийм тогтолцоо руу оръё гэсэн асуудлыг хөндсөн. Та бас хүүхдийн мөнгийг асуух байх. Жишээлбэл, аав, ээж нь хоёулаа ажилтай, орон сууцтай, машинтай айлууд хүүхдийн мөнгийг зэрэгцэж авдаг, өгдгийг л больё гэсэн шүү дээ. Хүн амыг нийгмийн байдлаар нь 20 бүлэгт хуваагаад, хамгийн бололцоотой дээд талын таван бүлэгт хүүхдийн мөнгийг тэвчье. Үлдсэн 15 бүлэгт хамаарах айл өрхөд хүүхдийн мөнгийг өгөөд явъя гэсэн нь бөөн шүүмжлэл дагуулсан. Одоо бид халамжийн тогтолцоогоо өөрчлөх цаг болсон” хэмээсэн юм.
Мөн Шийдлийн Засгийн газар байгуулагдаад хоёр сар болж байгаа энэ хугацаанд алга ташуулах шийдвэр гарсан гэж ярив. УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргасан юм. Энэ тухай Ерөнхий сайд “Гацууртын ордыг хөдөлгөх боллоо. Хөрөнгө оруулагчдад эерэг дохио очиж байгаа болов уу гэж бодож байна. 106 лицензийн асуудлыг Урт нэртэй хуулиас бусад асуудлыг бүгдийг шийдэж чадлаа, хөрөнгө оруулагчид алга ташиж байгаа болов уу. Концессоор болон тусламжаар олон сургууль барих шийдвэр гаргалаа. Тавантолгойн хэлэлцээр хийгдэж эхэллээ. Олон жил зогссон төсөл хөдлөх нь гэсэн итгэл өгч байгаа. Мянганы сорилтын сантай хоёрдугаар гэрээгээ хийж, эхлүүллээ. Монгол Улсад нэлээд том хөрөнгө оруулалт орно. Япон улстай MPA гэж Эдийн замгийн хамтын ажиллагааны том гэрээгээ шийдэж чадлаа. Олон хүн үйлдвэр эрхлэгчид алга ташин хүлээж авах болов уу гэж бодож байна. Шатахууны хөтөлбөрийг Монголбанкны санхүүжилттэй тусгай хөтөлбөрөөс гаргасан. Шатахуун өөрийгөө аваад явах чадвартай болсон. Гаргасан шийдвэр бүхэн тодорхой зорилтот бүлгийн хүмүүсийнхээ нурууг амрааж, ачаанаас нь үүрэлцсэн шийдвэрүүд гэж үзэж байна” гэсэн юм.
Ерөнхий сайд мөн Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, том төслүүдээ хэрэгжүүлсэнээр өнөөгийн хүндрэлээс гарна гэдгийг энэхүү ярилцлагын үеэр онцлов.
Уншигч Та хүсвэл ЗГ-ын тэргүүний МҮОНТВ-ээр олон нийтэд хүргэсэн ЯРИЛЦЛАГА-ын талаарх байр сууриа сайтын доод хэсэгт байрлах САНАЛ АСУУЛГА-д илэрхийлэх боломжтой.
Г.ДАРЬ