Аль-Каидагийн гишүүн хэт даврагч Сажида аль-Ришавиг Йорданы нисгэгч Муаз аль-Касасбехаар солилцохыг зөвшөөрөв.
Йорданы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн барьцаанд буй нисгэгч Муаз аль-Касасбехаар аль-Каидагийн гишүүн хэт даврагч эмэгтэйг солилцохыг зөвшөөрчээ. Йорданы парламентын төлөөлөгч Мухаммад аль-Моманийн мэдээлснээр “Исламын улс бүлэглэл” дэслэгч Муаз аль-Касасбехийг барьцаанаас суллаж, эсэн мэнд хүлээлгэн өгвөл Иракийн хэт даврагч эмэгтэйг шоронгоос суллахад бэлэн байна гэжээ. Гэхдээ Йорданы тал Исламын улс бүлэглэлд барьцаалагдсан Японы сэтгүүлчийн талаар үг дурсаагүй байна.
Йорданд цаазын ял сонсон шоронд хоригдож буй Сажида аль-Ришавиг 24 цагийн дотор суллахгүй бол “Исламын улс” бүлэглэл Кенжи Гото, Муаз аль-Касасбех нарыг хорооно хэмээн сүрдүүлсэн юм.
Йорданы нисгэгч Муаз аль-Касасбехийн онгоц өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн нутаг дэвсгэрт сүйрснээс “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдсан юм. Йордан улс өнгөрсөн наймдугаар сард АНУ-аар ахлуулсан олон улсын цэргийн эвсэлд нэгдэн Исламын улс бүлэглэлд агаараас цохилт өгч эхэлсэн аж.
”Исламын улс” бүлэглэл Японы иргэн Харуна Юкаваг цаазалсан боловч Кенжи Готогоор хэт даврагч эмэгтэйг солилцох санал тавьжээ.
Японы Засгийн газар “Исламын улс” бүлэглэлийн шаарсдан 200 сая ам.долларыг төлөөгүйн улмаас Японы иргэн Харуна Юкаваг өнгөрсөн ням гаригт /I.25/ цаазалсан билээ.
“Исламын улс” бүлэглэлийн солилцоо хийхийг хүсч буй Сажида аль-Ришави нь 2005 онд Йорданы нийслэл Амман хотод тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдэж, 60 хүний амийг хөнөөсөн аж. Мөн тэрээр Ирак дахь алан хядах аль-Каида бүлэглэлийн лидер агсан Абу Мусаб аль-Заркавитай дотно харилцаатай байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС