Ц.Алдармаа нарын хэргийг эцэслэх бололтой

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Ц.Алдармаа нарын хэргийг эцэслэх бололтой

“Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох, биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг өнөөдөр 13.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдрийн хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгчдийн зүгээс ирүүлээгүй тул энэхүү хэргийг өнөөдөр эцэслэх бололтой.

Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд болсон анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан. Улмаар эл шийдвэрийг Ц.Алдармаа эсэргүүцэж, гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүхэд хянаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм. Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 9-нд болсон шүүх хурлын үеэр прокуророос дахин шинжээчдийн баг томилон, нягтуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал ийнхүү өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.

Ц.Алдармаагийн ялыг хөнгөрүүлэх боломжтой юу?

Давж заалдах шатны шүүхээс Ц.Алдармаа нарын хэргийг анхан  шатны шүүхэд буцааж, дахин шинжээч томилон, магадлахыг үүрэг болгосны дагуу шинжээчид ажиллаж, дүгнэлтдээ өөрчлөлт оруулаад байгаа. Тодруулбал, шинжээчдийн дүгнэлтээр өмнө нь Г.Оюунтуулын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн дүгнэлтийг хүндэвтэр гэмтэл гэж өөрчлөөд байгаа юм. Тиймээс Ц.Алдармаагийн өмгөөлөгч болоод ар гэрийнхний зүгээс шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орсноор Ц.Алдармаад оноосон долоон жил 10 хоногийн ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

Жүжигчин Ц.Алдармааг Эрүүгийн хуулийн 96.1 дэх заалтаар буюу бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан, хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан гэх хэрэгт буруутгаж байгаа. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-7 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж